ДОНАЛЬД ТРАМП G7-Г ОРХИН ЯВАХААСАА ӨМНӨ ХОЛБООТНУУДАА СҮРДҮҮЛЭВ

Сэтгүүлчийн үг

Канадын Квебек мужийн Ла Малбэйд болж байгаа Их Долоон (G7) гүрний уулзалтын дундаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп орхин явсан юм.

 

Тэрээр Сингапурт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар нисэхээсээ өмнө сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

“Бид хэн бүхэнд дээрэмдүүлдэг мөнгөний гахай болж хувираад байна. Зөвхөн Их Долоо ч биш. Бас Энэтхэг улс гэхэд зарим тохиолдолд ямар ч татваргүй бараагаа импортлодог. Эндээс бид юу ч олдоггүй. Энэ бүхэн зогсох ёстой. Үгүй бол бид тэдэнтэй ямар ч худалдаа хийхгүй” гэж Трамп сүрдүүлсэн байна.

Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн тараасан гэрэл зурагнаас энэ удаагийн G7 ямар уур амьсгалтай болсныг харж болохоор байна.

Уг зураг дээр бусад удирдагч нарт бүслэгдсэн Трамп ганцаараа гараа эвхэж суусан харагдаж байгаа юм. Баасан гарагт болсон энэхүү уулзалтыг Францын төлөөлөгч “ховор сонин” үйл явдал гэж нэрлэжээ.

Трамп өөрийн шийдвэрээ хамгаалж, сонгуулийн “America First” амлалтаа биелүүлж байгааг маш урт, ширүүн үгээр тайлбарласан байна.

Харин бусад зургаан гүрний удирдагчид Трампын тал талаас довтолж, импортын татвар нэмсэн шийдвэрийг нь хатуу шүүмжилж байжээ.

Дөчин хоёр жилийн түүхтэй Их Долоогийн байгууллага энэ удаагийнх шиг зөрчилтэй байдалд хүрч байгаагүй гэхэд болно. Худалдааны маргаанаас гадна цаг уурын өөрчлөлтийн асуудал, Трампын санал болгосон Оросыг Их Долоод нэмж Их Найм болгох асуудал дээр тэд санаа зөрөлдсөн байна.

Их Найм загвараар болдог байсан уг уулзалтаас ОХУ-ыг хассан нь 2014 онд Крымийг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотой байв.

Өчигдөр Германы канцлерь Ангела Меркель Украины асуудалд эхний том ахиц гараагүй цагт Москваг буцааж оруулах ямар ч яриа байх ёсгүй гэж хэлжээ.

Их Долоогийн уулзалтаас өнөөдөр худалдааны асуудлаар хамтарсан мэдэгдэл гарах төлөвтэй байна.

 

                                                                                                                                            Эх сурвалж: Reuters



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?