БСШУС-ЫН ДЭД САЙД Г.ГАНБАЯР ХҮҮХДҮҮДЭД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Сэтгүүлчийн үг

БСШУС-ын  дэд сайд Г.Ганбаяр   Олон улсын Роботын хүүхэд залуусын тэмцээнд амжилт үзүүлсэн “Оюуны тулга” дунд сургуулийн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. 

Румын улсын  Орадео  хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-16-нд болсон Олон улсын Роботын найм дахь удаагийн тэмцээнд “Тояа” академийн харьяа “Оюуны тулга” сургуулийн авьяаслаг сурагчид дэлхийн 20 гаруй орны 61 багийн хүүхдүүдтэй өрсөлдөж хоёр баг гурав, нэг баг тавдугаар байр эзлэн багийн амжилтаараа нэгдүгээр байранд шалгарсан амжилттай иржээ.

Тус сургууль 2014 оноос хүүхдийн инженер сэтгэлгээг хөгжүүлж, системийн боловсролыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бяцхан инженер” хөтөлбөрт сургалт явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн 70 орчим хүүхэд хамрагдаж байгаа аж. 

Газар зүйн баг, “Бяцхан инженер” хөтөлбөрийн сургагч багш Э.Марал-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол хүүхдүүд илүү их инженер сэтгэлгээтэй болж байна. 10 настай хүүхдүүд өөрсдөө программ бичиж, робот угсарч байна. Системийн боловсролыг Монголд анхлан хөгжүүлсэн сургуулиудын нэг нь манайх. Тиймээс гаргасан амжилтаа салбар яамны удирдлагууддаа танилцуулах, бяцхан инженер хүүхдүүддээ урам зориг өгөх үүднээс уулзалт хийхийг хүссэн юм. Хүлээн авч уулзаж хүүхдүүдэд маань урам зориг өгсөн дэд сайд Г.Ганбаярт баярлалаа” гэсэн юм.

“Golden robot” багийн ахлагч, “Оюуны тулга” дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Түвшинбат, “Тэмцээнд оролцохын тулд хоёр сар гаруй бэлдэж гуравдугаар байранд орсондоо баяртай байна. Дараагийн тэмцээнд оролцохдоо машинаа засаад программаа сайн бичих нь чухал юм байна гэсэн сургамжтай ирсэн. Миний хувьд 1-р ангид орсноосоо хойш “Бяцхан инженер” хөтөлбөрт хамрагдсан” гэв.

Тус багийн гишүүн, 6-р ангийн сурагч н.Баатарбилэг, “Миний хувьд тавдугаар ангиасаа “Бяцхан инженер” хөтөлбөрт суралцсан. Бид лего роботын төрлөөр өрсөлдсөн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь 1-р байранд орсон Румын улсын Кевин гэж хүү байсан” гэлээ. 

Олон улсын тэмцээний ялагч, ирээдүйн монгол инженерүүдэд БСШУС-ын сайд Г.Ганбаяр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд оюуны спортоор гаргасанд бахархаж буйгаа илэрхийлээд англи хэлээ сайн сурч, ирээдүйн чадалтай инженер болохыг хүсч Шинжлэх ухаан технологийн сангаас Хүүхдийн баярт зориулсан гаргасан 4D “Амьтан судлал” номын дээжээс гардуулсан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?