"ӨСӨХ УРАМ" ХХК-ААС СУВИЛАГЧ БҮСГҮЙ Ж.УРАНЧИМЭГТ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

Сэтгүүлчийн үг

"Би амьдрахыг хүсч байна...Хэрвээ би өндөр цалинтай байсан бол... " хэмээн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэгдүүлэх жагсаал хийх үеэр нулимс дуслуулан ярьж байсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэгт өнөөдөр “Өсөх Урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо нэг өрөө байр бэлэглэлээ.
 
“Өсөх Урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо, эхнэр Г.Ундармаагийн хамт өвчиндөө шаналж, эмчилгээний зардлыг олохын төлөө явж буй үеийн тэнгийн найздаа туслахаар шийджээ. Тэд "Цензургүй ярилцлага" нэвтрүүлгийг үзсэний дараагаар түүнд туслахаар шийдэж “Миркл ленд” ХХК-ийн захирал Б.Мандахтай уулзаж ярилцан, Дархан сумын 12-р баг 14 хороолол дахь Хүслийн хотхоноос 33,14 м.кв байр худалдан авч өгчээ.Ж.Уранчимэгийн байрны гэрчилгээг өнөөдөр гардуулж өгсөн бөгөөд сувилагч бүсгүй байрныхаа түлхүүр, гэрчилгээг гардан авахдаа, Удахгүй эмчилгээндээ явна. Сайхан сэтгэлт хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр амьдрах байртай болж түрээсийн мөнгөнд санаа зовохооргүй боллоо. Би  эдгэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Надад тусалсан бүх хүмүүстэй  баярлалаа. М.Төмөртогоогийнхоо гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээн нулимс дуслуулан хэлсэн юм.

Ж.Уранчимэг орон сууцны 00 тоот өрөөг түрээслэн амьдардаг байсан бөгөөд хоёр өрөө болгон тохижуулсан тус байрны гал тогооны тавилгыг М.Төмөртогоогийн гэр бүл мөн шийдэж өгсөн байна.Сувилагч Ж.Уранчимэг цусны үүдэл эсийн хорт хавдартай гэх оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа аж. Хамгийн хямдхан эмчилгээ хийлгэхэд Энэтхэгт 100-120 сая төгрөгөөр хийдэг гэнэ. Түүний эмчилгээний зардалд зориулж урлаг, соёлын нэгдсэн тоглолт зохион байгуулж, иргэд, ААНБ-ууд хандив тусламжаа үзүүлж өвчнөө ялан дийлэхэд нь сэтгэлийн дэм, урам зориг өгч байна.

Түүнд байр бэлэглэсэн М.Төмөртогоо гэргий Г.Ундармаа нар нь Дархан-Уул аймгийн шилдэг залуу гэр бүлийн төлөөлөл төдийгүй урд өмнө нь амьдралын боломжгүй нэгэн өрхөд байр өгч байсан удаатай юм. ”Өсөх Урам” ХХК нь барилга, авто зам, автозасвар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?