Ц.ЦОГЗОЛМАА: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Тэр дундаа 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг зургийн дагуу нь барих ажлыг шийдвэрлэлээ. Үндсэн зургийн дагуу 5.3 тэрбум төгрөгөөр барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр хүүхдэд багш илүү арчилгаа, эмчилгээг хийдэг. Тухайлбал, тэднийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэгийг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-10 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүчин чадал нь нийт хичнээн хүүхдээр нэмэгдэх вэ?

- 120 хүүхдийн багтаамжтай байхаар зураг төсөл нь боловсруулагдсан. Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт тусгай хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн цэцэрлэгт гэнэтийн шалгалт хийхэд хүүхдийн дүүргэлт хангалтгүй байсан. Гадуур хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байхад тэднийг авч сургаагүй мөртлөө хүүхдийнхээ тоог худлаагаа мэдүүлээд явж байсан нь тодорхой болсон. Тиймээс миний бие шийдвэр гаргаад эрхлэгчийг нь ажлаас нь чөлөөлсөн. 

- Есдүгээр сарын 1-ны өдөр нийт хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?

- 2017 оны төсөв батлагдах үеэр улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Тиймээс ихэнх баригдаж буй сургуль, цэцэрлэгийн үнийн дүнгээс 500-800 орчим сая төгрөгүүд нь урьдчилсан байдлаар тавигдсан. Харин үлдсэн мөнгө нь 2019 оны төсөвт үргэлжлэн суугдахаар байгаа. Тиймээс энэ оны сүүлээр нийт сургууль, цэцэрлэгийн 30 хувь нь ашиглалтад орно. Үлдсэн нь 2019-2020 оны хичээлийн жилд ашиглалтад орно. 2019-2020 оны хичээлийн жилд "Хүүхэд бүр цэцэрлэгт" буюу 142 цэцэрлэг, 97 сургууль болон өргөтгөлийн барилгын үйл ажиллагаа бүрэн дүүрэн шийдэгдэнэ. 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [112.72.11.xxx]

    Thanks

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?