М.УЯНСҮХ: ДАН МАЙХАНТАЙ ЗУУН ЖИЛ АМЬДАРНА

Сэтгүүлчийн үг

М.УЯНСҮХ

ДАН МАЙХАНТАЙ ЗУУН ЖИЛ АМЬДАРНА
(ЦАСТЫН ТЭРГҮҮН ШҮЛЭГЧ Х.ЭРДЭНЭБААТАРЫН ДУРСГАЛД)

Улаанбаатараас гурвуулаа гарч давхисаар шөнө дөл Баянхонгор орж хонов. Замдаа Өвөрхангай орохын даваан дээр баруун талын хойд дугүй хагарч түр зогссоныг эс тооцвол бусдаар саатсангүй. Маргааш өдөр нь Говь-Алтайгаас дөрвөн дугуйгаа шинээр сольж тавьсан тул элдэв саадгүй давхисаар Ховдын нутаг руу ороод явчихлаа. Говь-Алтайгаас цааш үнэндээ торох юмгүй болжээ. Сайхан ч зам тавигдаж. Олон жилийн өмнө энүүгээр явахад энхэл донхолтой замд нь сэгсчүүлж тамирддаг сан. Ялангуяа Зэрэгийн хөндийн зам тэр чигтээ дэржигнүүр. Муухан машиныг бол бараг л салгаад тавьчихдаг зам байлаа. Өндөр Жа.Баяраагийн эзэнтэйгээ битүү арцалдсан гэмээр намхан цагаан машинд Сүнс Д.Одгэрэл бид гурав. Зам зуур тасралтгүй ярьж явлаа.

Ховдын Дарвиас цааших зам надад хэзээний танил. Зэрэг сумаар дайран Манхан орох замдаа би Жа.Баяраад Манхан сумын хажууханд зам дээр шахуу байдаг Ишгэн толгойн тухай ярьж өгөв. Дээр цагт энэ толгой ямар нэртэй байсныг одоо мэдэх хүн байхгүй. Ишиг тоглох дуртай болохоор нь сүүлийн үеийн хүмүүс Ишгэн толгой гээд нэрлэчихсэн энэ толгойн оройд байдаг үелсэн нимгэн хуудсан чулуудад балар эртний усны амьтад, тэр дундаа жижиг загасны араг ясны дүрсүүд маш тод хадгалагдаж үлдсэн байдаг юм. Агуй сонирхогч Жа.Баяраад миний яриа сонин байсан бололтой, дахин дахин асуусаар байгаад Ишгэн толгойг заалгаж дэргэд нь зогсов. Гэтэл захаас аван байдаг нөгөө дүрстэй чулуунууд харагдахаа больчихож. Ганц нэг дүрс байвч их бүдэг юм. Тээр жилийн намар учир мэдэх эрдэмт хүн жижиг загасны дүрсүүдийг үзээд Ишгэн толгойг 300 сая жилийн өмнөх далайн ёроол гэсэн юмдаг.
Гэвч энэ удаа Жа.Баяраа бид хоёр юу ч олсонгүй.

Цаст Алтайн өндөр уулс хоёр талаар ханаран эгнэн дүнхийлцэж, нар юу юугүй жаргалаа. Утас дуугарахад авбал Ховдын “ямаачин” Г.Бямбаа найрагч аж. Тэр “Бид та гурвыг тосоод хүлээж байна. Манханаас хөдлөхдөө хэлээрэй” гэв. Ер нь замын турш бид гурвын утас ээлж дараалан тасралтгүй дуугарч байлаа. Заримдаа зэрэг зэрэг дуугарна. Талийгчийн буяны ажилд нэмэр болохоор олон хүн утасдаж байв. Манхан сумаас Ховд хот хүртэл 80 гаруй километр үлджээ.

Харанхуй нөмөрсөн хойно бид гурав 1500 гаруй километр урт замд цэг хатгаж, Ховд хотын өмнөд хаалга болох Самбартай хөтөл дээр тоссон хүмүүстэй уулзав. “Савдаг” Бүрнээ, “Ямаачин” Бямбаа, “уулчин” Төрмөнх, “эмч” Баяраа, “шавь” Лхагвадорж тэргүүтэй хүмүүс биднийг тослоо. Тэд бүгд яруу найрагчид. Харин “хурандаа” Жагаа ах тэнд байсангүй.

Тэндээс шуудхан талийгчийн гэрт очвол биднийг хүлээж байв. Талийгчтай хамгийн дотно байсан баз Л.Галбадрах хоймор сууна. Найз Д.Цагаанбаатар нь бас байлаа. Хотоос нутаг нэгт дүү М.Отгонбаяр нь автобусаар иржээ. Түүний ах М.Ганболд бас байна. Олон жил хаалга үүдийг нь онголзуулж үймүүлсэн энэ гэрийн хойморт өмнөө зултай зураг болон залагдсан андыгаа харах тэр мөчид л би түүний үхэлд сая итгэж эвлэрэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Гэргий Туяа нь уйлсаар нүд бөлцийгөөд хавдчихаж. Гурван сайхан охин нь гурвуулаа байна...

Маргааш өглөө нь түүнийг сүүлчийн замд нь үдэхээр олон хүн цуглалаа. Аймгийн Музейн гол танхимд шарилыг цагаан эсгийд ороон байршуулжээ. Салах ёс хийхээр ирэгсдийн дунд Засаг дарга Д.Галсандондог байна. Эмгэнэлийн үг хэлэх ээлж болоход тэр нулимсандаа хахаж цацав. Түгдрэв. Гацав. Талийгч тэр хоёр их дотно байсан юм. Д.Галсандондог дарга түүний зарим шүлгүүдийг цээжээр мэддэг. Харин миний заавал ирэх байх гэж харсан хэдэн хүн алга. Энэ өглөө аймгийн МАН, АН хоёр хоёул хуралдаж байгаа аж. Тэгээд ирж амжсангүй бололтой. Эрх мэдлийн төлөөх ээлжит тэмцэл. Монгол орныг доройтуулж, муухай харагдуулж буй тэмцэл. Хэрэв талийгч байсан бол тэр хурлыг бужигнуулах байсан даа гэх яриа цугласан олны дунд шивэр, авир.

Цугласан хүмүүс салах ёс хийхдээ бүгд нэг, нэг цагаан сарнай шарил дээр тавив. Сарнайг урьдаас зэхэж бэлдсэн байлаа. Дараа нь шарилыг дамнан өргөж Музейн гол танхимаас гаргав. Гадаа үүдэнд талийгчийн алба хаасан Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үлээвэр хөгжим гашуудлын аяз намуухан эгшиглүүлнэ. Цэргийн үлээвэр хөгжим оршуулгын цувааг хотын төв гудамжаар даган алхаж хөгжимдөв. Хотын төвөөр аяархан гэлдрэх чимээгүй урт цувааг замын хоёр талаар эгнэн зогссон иргэд гашуудан үдэж байлаа.

Х.Эрдэнэбаатар бол Монголын шинэ үеийн яруу найргийн нэгээхэн тод үзэгдэл юм. Цалгисан их онгодын шид хүчээр сад тавин түрсэн омог бардам шүлгүүдтэй билиг танхай авъяастан тэрээр уулын салхи шиг исгэрэх цээжиндээ үргэлж дүрэлзсэн галтай явдаг сан. Арсалдан түшрэлдэх уулс шигээ эе тэрслүү араншинт түүний үг болоод утгын цэцийг би “Ойрад аялгуу”, “Урианхайн хөх уулс” шүлгүүдээс нь илүү мэдэрдэг. Тэр тэнгэрийн харъяат найрагч байлаа.

Түүний нас барсан мэдээ гэнэтийн цочрол байв. Бид хоёр Алтайн энэ л хөх уулсын дунд 8 жил хамтдаа уйлж, дуулсан хоёр. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албыг үүсгэн байгуулсан дөрвөн хүний хоёр нь бид. Намарт Ховд хотын төв гудамжинд амбаны үеийн тэвэрт багтамгүй өвгөн улиаснууд нил шаргалтаж, зөөлөн сэвшээ салхинд навчис хийснэ. Энэ үймээнт улирлын жихүүн салхи сөрж бид хоёр туж халамцуу зууралдан алхдаг сан.

Есдүгээр сарын гунигтай Ховдын цэцэрлэгт гудамжаар
Ертөнцийн харъяат найрагч Эрдэнэбаатар минь алхнам...

Миний энэ мөрүүдэд тэр их хөөрдөг байлаа. Тэгээд намайг Ховдоос шилжиж явсаны дараа надад зориулан “Шингэн хүн” шүлгээ бичсэн байдаг. Харилцан шүлэг уншсан тэр шаргал өдрүүд эргээд бодоход юутай ч үл зүйрлэм алтан хормууд байжээ.

Би Ховдод 8 жил амьдрахдаа нэг л суманд очиж үзээгүй. Тэр нь Дуут. Түүний төрсөн нутаг. Дуут явах болохоор л надад заавал өөр ажил гарчихна. Харин бид хоёр хамтдаа миний Хархираагийн ууланд очсон. Хархираагийн уулсын өндөрлөгөөс тэр тэнгэрийн хаяатай нийлэн цэнхэртэх Увс нуурыг ургах нарнаар харсан юм. Талийгаач намайг Хөх Сэрхийн нуруунд заавал аваачина гэж ярьсаар, би ч жил бүр түүнтэй энэ тухай ярьж төлөвлөсөөр байгаад чадаагүй. Гэтэл андынхаа хөрсөн цогцосыг бүлээн энгэрт нь оршоохоор нар тосон ханхайх өндөр уулсын бартаат замаар анх удаа мацаж явна гээд бодохоор өөрийн эрхгүй нүдийг нулимс бүрхэнэ. Миний хувьд одоо Ховдын хязгаар нэгэнт эзгүйрчээ. Уулс нь хүртэл сэрүү татаад нэг л жихүүн амьсгалтай.

Өгсүүр замын бартаа гарган урагшлах оршуулгын урт цувааг хараад уулынхан заншлын дагуу мориноосоо бууж хүндэтгэнэ. Түүнийг оршоох нар тоссон ээвэр энгэр сэнгэнэсэн хүйтэн жавартай. Зүүн хойд зүгт Хөх Сэрхийн нуруу, баруун хойдод Бүргэдтэй хайрхан, өмнө зүгт нь Жинст хайрхан дүнхийнэ. Түүний газрыг Жинст хайрханыг жийлгэн сонгожээ.

Хөшөө чулууны бичээс нь:

Дагшин уулын догшин хяр дээр
Дан майхантай зуун жил амьдарна...

Энэ шүлгээ бичээд надад анх уншиж билээ. Тэгэхэд:

Дагшин цастай уулсын хяр дээр
Дан майхантай зуун жил өнжинө...гэж байсан юм.

Дараа нь халамцуу хөөрөөд:

Дагшин уулын догшин хяр дээр
Дан майхантай зуун жил чарлана...болгосон.

Гэвч хөшөөн дээр нь “...АМЬДАРНА” болж сийлэгдлээ. Энэ хэвээрээ мөнхрөх биз ээ. Уран бүтээлийн, уран бүтээлчийн тавилан гэж бий гэдэг. Яагаад чи заавал цэл залуугаараа хорвоог орхиж, яагаад чи заавал зүрхэнд нэвчсэн энэ мөрүүдээ хөшөөн дээрээ үлдээв?

Оршуулгад оролцсон бид цагаан эсгийд ороосон шарилыг намхан нүхэнд хийж, салах ёс үйлдэхдээ тавьсан цэцэгсээр битүү хучлаа. Дээрээс нь Алтайн уулсын бүлээн хар шороогоор зугуухан булав. Ховдын найрагчдыг ахлан оршуулах ёслолыг удирдах С.Бүрнээ бас л Алтайн хөглөгөр уулсын догшин савдаг шиг эр.
Тэр цаст сүмбэр Мөнххайрхан уулынх юм.

2018 оны 03 сарын 19-ний өдөр! Шөнөдөө шуурч хоносон их уулсын орой цастай. Биднийг буцахад нар тэвэрсэн энгэрт нь жин үд болж байлаа. Энэ нар газрын хөрсөнд хайлсан тос шиг нэвчихдээ мөдхөн цухуйх хөх яргуйд шим болно. Яргуй дэлбээлэх урин цагийн аястай үрчлээт хөх уулс үлгэр домог шиг өнө оршсоор цагт энд нойрсон буй яруу найрагч хөвгүүний дуулалт шүлгүүд өндөрт элих хүрэн бүргэдийн далавч шиг тэнүүн дуурьсах нь лавтай.
Тийм ээ!
Одоо тэр зуу, зуун жилүүдийг ч тоохооргүй болжээ...

                                                                                                                                   2018.06.04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?