Б.МЯГМАРЦЭРЭН: ГОВЬ-АЛТАЙДАА 100 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Говь-Алтай аймгийн шинэ залуу бизнес эрхлэгч “Соёмбо embroidery” суудлын бүрээс, хатгамлын үйлдвэрийг үүсгэн байгуулагч Б.Мягмарцэрэнтэй үйлдвэрлэл эрхлэлт, бараа бүтээгдэхүүнийнх нь онцлог, давуу талынх нь тухай ярилцлаа. Тэрээр орон нутагтаа 100 хүнийг ажлын байраар хангасан томоохон үндэсний үйлдвэрийг бий болгохын төлөө ажиллаж байгаа ажээ.

-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг  Баянжаргалын Мягмарцэрэн гэдэг.  Би Говь-Алтай аймгийн уугуул. 2006 онд Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийг төгссөн. Түүнээс хойш 2015 он хүртэл Улаанбаатар хотод ажиллаж байгаад нутагтаа ирж мэдсэн сурсан зүйлээ хэрэгжүүлэн өөрийн гэсэн бизнестэй болж, ажлын байр нэмэгдүүлье гэсэн зорилгоор аймагтаа анхлан “Соёмбо embroidery” авто машины суудлын бүрээс, компьютер хатгамалын үйлдвэрийг нээсэн. Өдгөө 3 жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
 
-Энэ чиглэлээр ажиллая гэсэн санааг хаанаас олов. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Би хотод “Зиг Заг” суудлын бүрээсний үйлдвэрт анх компьютер хатгамалын машин баригчаар 4 жил ажилласан. Энэ хугацаандаа эсгүүр, дамжлагын оёдол гээд ер нь л суудлын бүрээс хийх бүх л зүйлийг сурч мэдэж авсан гэхэд болно доо. Тэгээд л сурсан мэдсэн зүйлээрээ өөрийн гэсэн бизнестэй болъё гэж шийдээд энэ  чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тухай үед үйлдвэрээ орон нутгийнхаа  жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл аваад л эхэлж байлаа. 
 
-Нэг үеэ бодоход орон нутгийн хэрэглэгчид танайхыг зорин ирж үйлчлүүлдэг болжээ. Үйлдвэрлэлийн тань давуу тал?
-Тиймээ. Одоо  дөнгөж эхэлж байсан үеэ бодоход үйлчлүүлэгчид маань их зорьж ирдэг болсон. Манай давуу тал гэвэл суудлын бүрээс хийж байгаа материал маань чанартай. “ХААН”, “ЗИГ ЗАГ” гэх мэт  суудлын бүрээс үйлдвэрлэгчдийн материалтай ижилхэн нэг л газраас түүхий эдээ татдаг болохоор  үйлчлүүлэгчид маань хямд үнээр орон нутгаасаа өөрийн  хүссэн загвараар  сонголтоо хийж машинаа гоёх бүрэн боломжтой болсон гэж болно.
 
-Залуу хүний хувьд яагаад заавал нийтийн аж ахуй тэр тусмаа оёдлын салбарт хүчээ үзэх болов?
-Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан гэдгээрээ их бахархдаг.  Ээжийг маань М.Тогтвор гэдэг насаараа Говь-Алтай аймгийнхаа ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан оёдлын  мастер  хүн байлаа. Би айлын бага хүүхэд  нэг ах, хоёр эгчтэй. Том эгч маань юм их оёдог гарын уртай болохоор нь  эгчийгээ л ээжийн мэргэжлийг өвлөх байх гэж боддог байсан ч эгч маань цэргийн хүн болсон. Харин би санаандгүйгээр ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч энэ салбарт хүчээ үзэж байна.
 
-Аймаг орон нутгийн зүгээс залуусыг дэмжих тал дээр хэр анхаарч байна. Таны бодлоор?
-Ер нь төр засгийн зүгээс сүүлийн үед залууст чиглэсэн асуудалд илүү анхаардаг болсон юм шиг санагддаг. 2015 онд аймагтаа ирсэн үед залууст чиглэсэн төсөл хөтөлбөр их дутмаг байсан. Харин сүүлийн хоёр жил энэ асуудалд их анхаарч буй нь ажиглагдаж байгаа. Ялангуяа залуусын оролцоог дэмжих үйл ажиллагаанууд их хийгдэж байна. Тухайлбал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрыг онцолж болох юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус газрын дэргэд залуусын бизнесийг дэмжих загвар төв байгуулагдан биднийг олон төсөл хөтөлбөрүүдэд хамруулж байгаа. Үүний тодхон жишээ бол залуусын гарааны бизнесийг дэмжих “STARTUP” хөтөлбөр юм.
 
-STARTUP хөтөлбөр гэснээс энэ жилийн хөтөлбөрт анх удаа оролцож багаараа тэргүүн байр эзэлсэн шүү дээ. Ямар санаатай оролцож шилдгээр шалгарчихав?  
-Уг хөтөлбөрт орон нутагтаа шинэлэг санаа бүхий үйлдвэрлэл эрхлэх зорилготой олон залуус оролцсоноос тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байгаа. Миний хувьд энэ хөтөлбөрт тэмээ,  хонины ноосон энгийн ахуйн  болон аяны хөнжил хийе гэсэн санаатай оролцсон. Харин хөтөлбөрийн хүрээнд явагдсан гурван хоногийн сургалтын хугацаанд маш их зүйл мэдэж авлаа. Анх орсон санаа маань өөрчлөгдөн ерөөсөө л энгийн мешок буюу аяны хөнжил хийж байхаар боловсронгуй нэг дор олон зүйлийг шийдсэн аяны хөнжил хийе гэсэн саналд багаараа нэгдэн тэр санаагаа шүүгчдэдээ танилцуулснаар тухайн хөтөлбөрийн шалгууруудыг давж чадсан.
 
-Олон үйлдэлт боловсронгуй аяны хөнжил гэлээ. Бүтээгдэхүүнээ танилцуулаач. Хэзээнээс хэрэглэгчдэд хүрч эхлэх вэ?
-Сургалтад суух хугацаандаа хэрэглэгчдээсээ санал авч судалгаа хийсэн л дээ. Судалгаагаа үндэслээд ганц аяны хөнжил гэлтгүй нэг дор олон зүйлийг шийдсэн эвхээд цүнх болдог  мөн дэлгээд ханцуй гаргаад дээл болчихдог аяны хөнжил хийхээр болсон. Энэ бүтээгдэхүүн маань цэвэр эко бүтээгдэхүүн гэдгээрээ мөн давуу талтай. Нэгд дулаахан, хоёрт аялал зугаалгад явахдаа олон зүйл авч явахгүй нэг дор 2-3 төрлөөр ашиглах боломжтойгоороо онцлогтой. Одоогийн байдлаар ерөнхий санаа маань гарчихсан байгаа. STARTUP хөтөлбөр маань түрүүлсэн бүтээгдэхүүн дээрээ сургалт зөвлөгөө өгч цаашид бүтээгдэхүүнийг боловсронгуй болгох “Хурдасгуур” хөтөлбөрт хамруулах юм. Жишээлбэл гадаадад экспортод гаргахад барууны орнуудад ямар материал болон загварыг илүү сонирхох вэ гэдэгт мэргэжлийн бизнесменүүд  зөвлөгөө өгнө. Үндсэндээ манай бүтээгдэхүүн илүү боловсронгуй болно гэсэн үг. Ер нь  бараа бүтээгдэхүүнээ  баруун таван аймагтаа төдийгүй Канад, Норвеги, Хятад, АНУ зэрэг улсад гаргах төлөвлөгөөтэй байгаа.
 
-Том мөрөөдөлтэй хүн жижиг чулуунд бүдэрдэггүй гэдэг дээ. Таны хүсэл мөрөөдлийн талаар ярилцмаар байна. Одоо эрхэлж байгаа ажилтай тань холбогдох байх?
-Миний хэтийн зорилго бол  аймагтаа 100 хүнийг ажлын байраар хангасан том үйлдвэрлэл бий болгохыг мөрөөддөг. Авто машинд даавуугаар  юу хийж болохоор байна тэр бүгдийг  хийх, малчдаасаа ноосоо өөрсдөө аваад боловсруулан түүхий эдээ бэлдэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын том үйлдвэрийг бий болгох зорилго тавин ажиллаж байна.
 
-Залуусыг нийгмийн толь гэдэг. Аймгийнхаа амжилттай яваа залуусын төлөөлөл болон ярилцаж буйнх залуучууд маань сүүлийн үед ажил их голдог, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон гээд л шүүмжлүүлээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийгмийг хөдөлгөх хүч болж байгаагийн хувьд залуус бид аливаа зүйлд хойш суух эрхгүй гэж би хувьдаа боддог. Манай аймгийн нийт хүн амын 60 гаруй хувийг залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Энэ ч утгаараа бид шүтээн болсон төрөлх нутгийнхаа төлөө ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шиг хүн бүр адил биш, гэхдээ манай аймгийн залуус бол хөдөлмөрч оюунлаг. Энэ ч утгаараа  салбар салбарт манлайлан ажиллаж байгаа. Миний хувьд Алтайн залуусыг залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж боддоггүй.
 
-Ярих олон зүйл байгаа ч бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагынхаа төгсгөлд залуустаа хандаж юу хэлмээр байна?
-Хүн нэг л амьдрахаас хоёр амьдардаггүй шүү дээ. Тиймээс энэ л амьдралдаа аливаа зүйлд тууштай, зорилготой байгаарай, сэтгэлээ хол чулууд араас чинь бие чинь очих болноо л гэж хэлмээр байна. 
                                                                                                МОНЦАМЭ мэдээлэв.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?