БААБАР: БИ ЭХ ОРОНЧ ХҮН. ЦӨМӨРЧИХӨЖ МАГАДГҮЙ ГЭЖ АЙГААД ЦЭЭЖЭЭ БӨМБӨР МЭТ НҮДЭЭГҮЙ.

Сэтгүүлчийн үг

"Монголын эдийн засгийн чуулган"-ы хүндэт зочноор нийтлэлч Баабар оролцож илтгэл тавьсан юм.

 Тэрээр илтгэлдээ, "1998 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголын банк санхүүгийн системд хийгдсэн гол реформыг удирдан хийлгэсэн хүн нь би өөрөө байна. Бараг бүх арилжааны банкууд төрийн мэдэлд байсан ба 1992-1998 оны хооронд арав гаруй банк дампуурахад бүгдийг нь “Ард” хэмээх банкинд овоолж санхүүгийн аймшигт хямралыг бий болгосон байсан.

Төрд хамаарах арилжааны банкууд  100 сая орчим долларын найдваргүй зээл олгосон байсан нь тухайн үеийн чадавхгүй улс орны санхүүгийн системийг хөнтрөх хэмжээнд тулчихсан байсан.

Энэ үед би зориглож реформ хийснээр улс орон даяар улс төрийн хонзогнол бий болж, гүтгэн доромжилж, эгээтэй л цаазлуулчихаагүй.

Үндэсний нийт бүтээгдэхүүн нь ганц тэрбум долларт хүрэхгүй, ДНБ-ийхээ 40 хувийг гадны зээлээр бүрдүүлдэг, улсын нийт нөөц нь  1996 оны байдлаар 6-хан сая доллар байсан ийм оронд энэ хямралт тогтолцоог яаралтай засахгүй бол дампуурах хэмжээнд хүрсэн байсан. Төрд хамааралтай бүх банк зээл олгосны шанд зээлүүлэх шийдвэр гаргагчид 10-15 хувийн хахууль өгдөг нь ил тод, жишиг тогтсон байсан. Гэвч реформ хийхээс бүгд айдаг байлаа.

Энэ үед би зориглож реформ хийснээр улс орон даяар улс төрийн хонзогнол бий болж, гүтгэн доромжилж, эгээтэй л цаазлуулчихаагүй. Гэвч тэр реформын хүчээр банк санхүүгийн систем эрүүлжсэн. Та өнөөдөр аль ч банк санхүүгийн салбарт очиж зээл хүсээд, зээлүүлвэл 15 хувийн шагнал өгье гээд хэлээд үз дээ. Харин би үүнээс хойш Монголын төр байтугай, улс төрийн намаас хол байхыг хичээх болсон.

Монголын төр зүтгэсэн хүнд халтай гэж аль 1938 онд Амар Ерөнхий сайд сануулж байсан. ХХ зуун болоод энэ зууны эхний 20 шахам жилд үүнийхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг.

Тэр байтугай бүх ерөнхий сайд нарын 20 хувь нь алагдсан ба бусдын эрхшээлд үхсэн. Сайн нь гэртээ, эсвэл мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүйхэн амиа хоохойлоод явж байсан.

Буруу шийдвэр гаргаж болно. Энэ нь түүнийг засах боломжийг олгож байгаа юм.

Нэгэнт өмнөх гашуун туршлага байгаа учир цаашид ч энэ байдал лавшрах биз ээ.

Улс орон байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно. Энэ нь түүнийг засах боломжийг олгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой дардан зам.

Ямар ч шийдвэр гаргахгүй вакумжсан орчин нь улсын хувьд ч, айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар зууш болдог. Хийрхэл газар авч, хийрхэгч нар амин хувийн ашиг завшаан олно. Тэд хэчнээн их ашиг завшаан оллоо оллоо гэхэд тэр нь нийтэд учирч байгаа хохирлын дэргэд дуслын төдий юм байдаг.

Жоом алах гээд гэрээ шатаах, шударга явдал тогтоож байна гэж улсаа сөнөөх нь онцын ялгаа байхгүй. Жоом хортой нь шинжлэх ухаанаар батлагдсан. Харин шударга гээд байгаа нь ихэнхдээ хийрхэгчдийг өөрийнх нь үг байдгаараа ялгаатай.

Өөрөө иддэггүй, өрөөлд идүүлдэггүй бухал манасан нохой шиг байгаад байх аваас биднээс гуйрамчлал хэзээ ч салахгүй.

Оюутолгой хэмээх зэсийн асар том орд олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг болчихоод байна. Үүнийг монголчууд ч олоогүй.

Гадны мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол газар доороо нам тайван байх байсан. Олсон байлаа гэхэд түүнийг ашиглах хөрөнгө, мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй.

Оюутолгой нээгдсэн цагаас л хэрүүл үүссэн. Тэр үед Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэл нэг тэрбум доллар л байсан. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг татсаны хүчинд өдгөө бидэнд огт байгаагүй 10 тэрбум долларыг гаднаас татчихаад байна.

Монгол орон байгалийн баялгийн хувьд дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглавал бид дэлхийн хамгийн баян улсын нэг болох боломжтой. Өөрөө иддэггүй, өрөөлд идүүлдэггүй бухал манасан нохой шиг байгаад байх аваас биднээс гуйрамчлал хэзээ ч салахгүй.

Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардуулж, вакумжуулах сонирхол хэнд байж болохыг бодож үзээрэй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа мэддэггүй юм шүү дээ.

Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт татвараар өгчээ.

Манай иргэдийн хэт олонх нь Оюутолгойн гэрээ буруу болсон, гадныханд ясандаа тултал дээрэмдүүлж байна, манай бүх баялгийг үнэ төлбөргүй дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, бид Оюутолгойгоос болоод хэзээ ч гарч чадахгүй өртэй болсон гэх ягшмал ойлголттой болчихоод байна.

Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт татвараар өгчээ. Үүн дээр дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ нь 525 сая доллар болжээ. 5,7 тэрбум доллараар Монголд 1700 компанитай худалдаа хийжээ.

Оюутолгойд өнөөдөр 15 мянган монгол хүн ажиллаж, тэдний доод цалин нь 1000 доллар, дундаж цалин нь 3000 доллар байгаа нь бусад аль ч салбарынхаас 10 дахин илүүд тооцогдож байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой 2 жил хаалгаа барьсныг тооцож үзээрэй.

Оюутолгой зогсвол юун цалингаа нэмүүлэх дээр нь багш нар цалингүй болно.

Оюутолгойд Монголд үлдээж байгаа мөнгө нь жилд тэрбум доллар болж байгаа нь Оюутолгойгоос өмнөх үеийн Монголын нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энд үлдээж байгаа мөнгө нь төсвөөс цалин авдаг 187 мянган ажилтан болон тэтгэвэр авдаг 398 мянган хүний нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар бүр 110-120 сая доллар Монголын банкууд руу орж буй нь өнөөдөр монгол төгрөгний ханшийн тогтвортой байдлыг хангаж байна.

Эдгээр нь нууц тоо биш. Үүнийг над шиг банкуудаас лавлаж болно. Энэ бүхэн Монголын банкуудаар эргэлддэг.

Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалингаа нэмүүлэх дээр нь багш нар цалингүй болно.

Төгрөгийн ханш хэлбэлзээд байдаг учир америк доллараар хэллээ. Төгрөгт шилжүүлвэл 2500 төгрөгөөр бодвол их наяд давна. Энэ бол ардаа 12 тэгтэй тоо шүү.

Энэ тоонуудыг Сангийн яам, Оюутолгой, Монголын банкуудаас авлаа хоорондоо нэг их зөрөхгүй байна лээ.

Оюутолгойн гэрээний чухам аль заалт нь буруу болж, ямар алдагдал авч ирснийг нотолсон юм бэ?

Оюутолгойн орд түүний баялаг бол Монголын 100 хувь өмч. Тэрийг бидэнтэй хэн ч булаалдаагүй. Харин зэсийн баяжмал олборлож буй гадны компанийн 34 хувийг зээл тавьж байгаад авчихснаа ойлгодог болов уу?

Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад, Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй байх аа. Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дэг жаяг, утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн утгаар нь бүрэн ойлгох хүн манай гурван сая хүний дунд хэд байгаа юм бол доо?

Өрөнд орсны хувьд хэний буруу вэ?

Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гадны компанийн 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшсэн. Эндүүрээгүй бол 2008 онд орд ашиглах гэрээ хийхээр томилогдсон хүмүүс нь УИХ-аас хатуу тулган хуульчлагдсан 34 хувь гэсэн тоотой очсон. Ямар ч өр зээл тавилгүй, нэг ч төгрөг гаргалгүйгээр, татварыг нь аваад явахад ямар ч хариуцлага хүлээхгүй, ашигтай байх юм байна гэдгийг мэргэжлийн олон хүн сануулж байсныг мартчихсан уу?

Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу болсон нь энэ 34 хувьтай л холбоотой. Энэ бурууг бид өөрсдөө хийсэн. Оюутолгойн орд түүний баялаг бол Монголын 100 хувь өмч. Тэрийг бидэнтэй хэн ч булаалдаагүй. Харин зэсийн баяжмал олборлож буй гадны компанийн 34 хувийг зээл тавьж байгаад авчихснаа ойлгодог болов уу?

Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй. Энэ бол хоёр жил гаруй зогссон байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн ашиглах ил тод төлөвлөгөө.

34 хувь, 51 хувь гэж шахсаар байгаад авахуулсан хүмүүс хэрэв шударга ёс гэж байдаг бол тэдний оронд сууж байх ёстой биш үү? Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс баг болчихоод, Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа шүү.

Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй. Энэ бол хоёр жил гаруй зогссон байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн ашиглах ил тод төлөвлөгөө. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш УБ-ын аль нэг подвальд хаалгаа түгжиж байгаад хийчихвэл хамаагүй нууц болно.

Манай ард түмний хилэнт эсэргүүцлийн улмаас хоёр жил хаагдсан ордыг эргүүлж амилуулах, баялгийн ихэнх нуугдаж байгаа гүн дэх зэсийн хүдрийг газар дор нь баяжуулах, дэлхийн хаа ч байхгүй өндөр технологи ашиглан олборлох болсноо дэлхий даяар зарлаж, үүнийхээ төлөө дэлхийн бусад компаниудыг Оюутолгойд хөрөнгө оруулахыг ятган уриалахын тулд нэг үгээр нууц биш байлгахын тулд олон орны компаниуд байршдаг, дэлхийн санхүүгийн нээлттэй хотуудын нэг Дубайг сонгосон.

Энгийн үнэн ердөө л энэ.

Иймэрхүү маягаар үнэнийг гуйвуулсан, улаан цайм гуйвуулсан эх оронч мэдээлэл юун түрүүнд төрийн байгууллагаас эхэлж гардаг. Төрөөс дэмжлэг авсан өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс, ял шалихгүй ашиг завшаан хайсан рекэтчид хууртаж, эсвэл хожоо гаргах гэж биечлэн гардан тулаанд ордог.

Зайлуул даа, эдний хожиж гийгүүлсэн нийт мөнгөн дүнг Монголын эдийн засагт учруулсан хохирлын мөнгөн дүнтэй харьцуулахад дусал ч болж чадахгүй.

Оюутолгой болон бусад уул уурхайн компаниудыг айлган сүрдүүлж, тендэрийг нь аваад тэр чигтээ гулгуулан дээрэмдчихсэн хэд хэдэн зүтгэлтэн өнөөдөр ч төрийн дээд эрх мэдэлд суусаар байгааг би нэрээр нь хэлж чадна шүү. Жинхэнэ томоохон хожоог гаргадаг нь тэд. Хөөрхий гудамжныханд шавхруу нь л ногдож байгаа шдээ.

Зайлуул даа, эдний хожиж гийгүүлсэн нийт мөнгөн дүнг Монголын эдийн засагт учруулсан хохирлын мөнгөн дүнтэй харьцуулахад дусал ч болж чадахгүй.

Хайрлаад байхаар нэр төр байхгүй, эсвэл хэнд ч танил биш учир хэнд ч ажиглагддаггүй луйвар хийдэг компаниуд дэлхийгээр нэг бий. Хийрхсэн ард түмэн тэдний золиос болдог.

2011 онд Канадын Хан ресурс компанийг хөөн гаргасан. Тэдний Монголд хийсэн хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 12 сая доллар байсан гэдэг юм билээ. Хөөгдөнгүүтээ тэд 20 сая доллараар тохиролцохыг санал болгосон. Ийм тохиролцоог хийх “мангар” улс төрч олдоогүй тул тэд Олон улсын арбитрт 400 сая долларын нэхэмжлэл гаргасан. Шүүх удтал хэлэлцээд МУ-ын ЗГ-т 100 сая долларын төлбөр тавьсан.

Энэ төлбөрөө манай засгийн газар төлөхгүй удсан тул дахиж шүүхэд өгнө гэхэд нь ярилцаж гуйж байж 70 сая доллар төлж эхэлсэн. Шийдвэр гаргах эрх байтугай үүрэг хүлээсэн хүмүүс яагаад хөөсөн юм тэднийг. Хөөлөө гэхэд 20 сая дээр нь тогтчихгүй яасан юм гэх мэт олон асуудал гарна. Харин цаад компани оруулсан хөрөнгөө зургаа дахин өсгөөд гарч буй нь ийм хачирхалтай засгийн газартай оронд ажил хийлгүйгээр асар их мөнгө олж болдгийг харуулсан.

Монголд хөрөнгө оруулах зөвшөөрөл авчихаад, эцэст нь хөөгдөөд гарвал маш их унацтай юм байна гэдгийг нотлон харуулж байна. Одоо ч хөөгдөн гарахад бэлэн болоод байгаа хэд хэдэн гадны компани байгаа.

Айвенхоу Майнз гэх бирж дээр ажилладаг жижигхэн компани Оюутолгойн ордыг нээсэн нь сайшаалтай. Гэвч тус компани биржийн наймаан дээр стикуляци хийдгээрээ мэргэшсэн этгээд юм. Тэдний жинхэнэ зорилго зэс олборлож, хөдөлмөр хийж ашиг олох биш олон улсын бирж дээр хувьцааны үнийг савчуулж, өсгөн наймаалцахад оршино.

Гудамжны эх орончид тэдний оффис руу дайрч, машиныг нь унагаан шатаахаар завдсанаар биржийн үнэ нь 1,5 доллар болтол доош унахад хувьцааг бөөнөөр нь худалдан авсан. Дараа нь уул уурхайн нэр хүнд бүхий компанитай хэлэлцээр хийхэд хувьцаа нь 25 доллар болсон. 

Энэ хооронд хувьцааны үнийн өсөлт бараг хоёр дахин ашиг өгсөн. Энэ савлалтыг тэд өөрсдөө далдаас зохион байгуулсан гэж ярих юм билээ. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ойлгодоггүй шүү дээ.

Хонь хариулж байгаад социалист хөдөлмөрийн бригадын гишүүн болсон. Тэндээсээ социализмыг нураан ардчилагч болсон бидний төрх иймэрхүү л байна.

Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нийгэм болжээ.

Нураахаас өөр хөдлөх хүчингүй болсон энэ цогцсыг яаж аврах вэ.

Нуралтыг зогсоох гэж түшээд нурангид нь дарагдах уу, нураалцаж дуусгаад шинээр босгох уу.

Актлагдсан байшин шиг болсон улстөрийн цогцсыг яах вэ. Одоо бидэнд ямар гарц байна вэ.

Оюутолгойг хаах, эсвэл нийтээрээ ухамсар суун ертөнцийн дэг жаягийг ойлгодог болох хүртэл олон жилээр хадгалагдах нь оновчтой шийдвэр мэт санагдах боллоо.

15 жилийн өмнө ердөө ганцхан тэрбум долларын үндэсний орлогтойгоор хэрүүл уруулгүй, аз жаргалтай, нам засагтаа талархаад сэтгэл хангалуун амьдарч байсан бид өнөөдөр 12 тэрбум долларын үндэсний нийт орлоготой, 70 сая мал сүрэгтэйгээр Оюутолгойтой толгойгүй тураад үхчихгүй байлгүй дээ.

Цаана нь бидэнд олон Оюутолгой байна. Тэднийг ашиглахад бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байх аваас ганц байгаагаа ч ашиглаж чадахгүй хэдэн үеийг туулна.

Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Үүнгүйгээр бидний ирээдүй харанхуйгаараа хэдэн үеэр үргэлжилж магад.

Нүглийн хажуугаар нүдээ анин чимээгүй өнгөрөгсөд нүгэл үйлдэгчээсээ илүү нүгэлтэн гэж агуу найрагч Данте олон зууны өмнө сануулжээ. Улс орныг мөхөл рүү нь чирж буйг харж, мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч амиа бодон хувиа хичээж чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчдийн өмнөөс би энэ үгийг хэлж байна.

Би эх оронч хүн. Би урд нь ингэж зарлаж байгаагүй. Цөмөрчихөж магадгүй гэж айгаад цээжээ бөмбөр мэт нүдээгүй.

Эх орондоо хайртай учир ийм үг хэлж байна.

Яагаад гэвэл энэ бол миний оршихуй. Надад хамаарах миний эх орон. Би өөрийгөө эх орныхоо нэг хэсэг гэдгийг сайн мэднэ. Тийм учир хэний ч хажууд омог бардам эх оронч хүн" хэмээв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    nob-sh [185.220.70.xxx]

    ene luuhaig odoo boliosoido Mongold lav hairtai hun bishee

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?