СИНГАПУР УЛСЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Сингапур  нь зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

Малай хэлний Singapura (Сингапура) гэдэг нь Санскрид хэлний सिंहपुर (Симха пура), орчуулвал "Арслан хот" гэх үгнээс гаралтай юм. Үнэндээ, Сингапурт арсланг ер нь байгаагүй гэж үздэг, харин тус нэрийг бард дуртай Шривижаяа улсыг үндэслэгч өгсөн гэж таамагладаг. Өргөн дэлгэрсэн Монгол ардын нэг дуунд "Арслан хотын урчуудаар сийлүүлж хийсийм аа хө..." гэсэн мөр бас байдгаас бол урьдын цагт Арслан хот гэж нэрлэж байжээ.

Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.

Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.

Сингапурт хамгийн өргөн тархсан шашин бол Буддын шашин юм. Саяхны тооллогоор байнгын оршин суугчдын 33% нь өөрсдийгөө Буддын шашныг баримтлагч хэмээн хэлсэн байна. Тоо үзүүлэлтээрээ Буддын шашны дараа орсон томоохон шашнууд бол Христ, Ислам, Таоизм, мөн Хинду шашнууд юм. Христ, Таоизм болон шүтлэггүй хүмүүсийн тоо 2000 оноос 2010 оны хооронд тус бүр 3%-аар нэмэгдсэн ба түүнийхээ хэрээр буддын шашинтнууд цөөрсөн байна. Бусад шашин шүтэгчдийн тоо харьцангуй тогтвортой байна.

Сингапурт Буддын шашны гурван гол урсгал болох Теравада, Махаяана, Важраяанагийн сүм хийдүүд аль аль нь байдаг. Сингапурын Буддын шашинтнуудын ихэнх нь хятад хүмүүс бөгөөд тэд Махаяана урсгалыг шүтнэ. Хэдэн арван жилийн турш Тайвань, Хятадын номлогчид сургаалаа дэлгэрүүлсээр ирсэн тул Хятадын Махаяана зонхилдог. Гэхдээ Тайландын Теравада урсгал сүүлийн жилүүдэд дэлгэрч байна. Японы Буддын шашны Соока Гаккай байгууллага Сингапурт олон хүн сургадаг бөгөөд тэд нь ихэнхдээ Хятад угсаатнууд байдаг. Түүнчлэн Төвөдийн Буддизм алгуурхнаар Сингапурт нэвтрэн орж ирж байна.

Сингапур нь хятад, англи, малай, тамил гэсэн албан ёсны 4 хэлтэй. Англи хэл бол тус улсын тэргүүлэгч хэл ба энэ хэл нь бизнес, засгийн газар, дунд сургуулийн сургалтад хэрэглэгддэг. Сингапурын үндсэн хууль болон бүх хууль нь англи хэлээр бичигдсэн байдаг. Сингапурчуудын 80% нь англи хэлийг эзэмшсэн байдаг. Англи хэлний дараа Хятадын Мандарин хэл, тэгээд Малай, Тамил хэлүүд ордог. Сингапурын англи хэлийн үндэс нь Британийн Англи хэл юм.

Сингапурчуудын бараг тал нь гэртээ хятад хэл хэрэглэдэг. Сингапурын Мандарин хэл нь 1.2 сая хүний эх хэл нь болно. Хагас сая орчим нь хятад хэлний өөр аялгууд болох Хоккиэн, Теочев, Кантон аялгаар ярьдаг боловч мандарин, англи хэлүүдтэй харьцуулахад хэрэглэгчдийн тоо буурч байна.

Малай хэл бол "үндэсний хэл" бөгөөд түүхтэй холбогдолтойгоор илүү ёслолын шинж чанартай үйлд хэрэглэгддэг. Төрийн дуулал болох “Мажула Сингапура”, мөн цэргийн тушаалууд малай хэлээр байдаг. Өнөөдөр малай хэлээр голдуу малайчууд ярьдаг ба сингапурчуудын зөвхөн 16.8% нь малай хэлийг мэддэг, 12% нь эх хэлээ болгон хэрэглэдэг байна.

Сингапурчуудын 100 мянга нь буюу 3% нь Тамил хэлийг эх хэлээ болгон хэрэглэж байна. Хэдийгээр зөвхөн тамил хэл нь албан ёсных гэж тооцогддог ч Энэтхэгийн бусад хэлүүд бас хэрэглэгдэх нь бий.

                                                                                                        Эх сурвалж: ВИКИПЕДИЯ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?