ПАК ГЫН ХЭ ШИНЖИЛГЭЭНД ОРЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр шоронгоос гарч эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр орон нутгийн цагаар үдээс өмнө Сөүл хотын Сочи дүүргийн Сөүлсонмү эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний нуруу өвдсөний улмаас соронзон бичлэг (MRI) хийлгэж, үдээс хойш хорих байр руу буцжээ. Энэ талаар өмнөдийн хэвлэлүүд бичиж, гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.  

Пак Гын Хэ шоронд хоригдох хугацаандаа эмнэлэгт дөрвөн удаа хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 28-н болон наймдугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт ирж байсан аж. Мөн 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Сөүлсонмү эмнэлэгт ирж, MRI бичлэгийг хийлгэж байжээ. Тэгвэл өчигдөр дахин эмнэлэгт ирсэн байна.

Пак Гын Хэ нь өнгөрсөн онд албан тушаалаа урвуулан ашиглаж албан авлига авсан дуулианд нэр холбогдсоноор ерөнхийлөгчийн суудлаасаа огцорч байсан юм. Тэрбээр 2013 онд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 

Пак Гын Хэг 2017 оны гуравдугаар сард баривчлан хорьсноос хойш нэг жилийн дараа буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард шүүх хурлыг хийсэн. Түүнд шүүхээс 24 жилийн ял оноосон. Мөн түүний найз, бизнес эрхлэгч бөгөөд хамсаатан гэх хэргээр Чуй Сүн Шилд 20 жилийн ял оноосон ч давж заалдах болжээ.

Ерөнхийлөгч нартаа халгаатай Өмнөдийн Солонгосын дуулиан тасрахгүй байгаа ч одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэлхий дахинд алдаршиж байна. Тэрбээр БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, албан тушаалаа авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Мүн Жэ Ин өчигдөр Японд албан ёсны айлчлал хийсэн байна.

Эх сурвалж: http://www.kookje.co.kr



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?