8 АВТОМАШИН ХУУЛЬ БУСААР ШИЛЖҮҮЛСЭН НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЛАА

Сэтгүүлчийн үг

.Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн бүртгэгчид хууль бусаар 8 автомашиныг өөр компанийн нэр дээр шилжүүлсэн ноцтой хэрэг гарчээ.

Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ автомашины бүртгэлийн үйл ажиллагаанд шалгалт явуулахад АТҮТ-ийн байцаагч Н.Баярсайхан, А.Сарантуяа, Т.Уртнасан, Н.Урнаа нар нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-нд “Гранд зам транс” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 87-91 УБТ, 89-41 УБЧ, 68-76 УБО, 58-36 УБЗ, 88-06 УБЧ, 94-11 УБТ, 78-27 УНМ, 62-01 УБЗ улсын дугаартай авто машинуудыг  “Гранд зам транс” ХХК-ийн нэрээр "Гүрэн транс” компаний эзэмшилд шилжүүлсэн бүртгэлийг хийж, мөн улсын дугаарыг өөрчилжээ. "Гранд зам транс" компани нь өөрсдөө ч мэдээгүй байтал нь ийнхүү шилжүүлсэн байсан учир Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд гомдол гаргасан байна.
 
"Гранд зам транс" компанитай ойролцоо нэртэй "Гүрэн транс" компани руу хууль бусаар шилжүүлсэн үйлдлээ байцаагч нар "Гранд транс" компаний нэр дээр ирсэн хүсэлтийн дагуу авто тээврийн хэрэгслийг шилжүүлж бүртгэл хийхдээ ЗАМ гэдгийг нь нягтлаагүйгээс ийнхүү ажлын хариуцлага алдсан" гэж тайлбарлажээ.  ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “АТҮТ-д ийм зөрчлүүд олонтаа гардаг, бүртгэл зөвшөөрлийн бичгийг дамладаг асуудал удаа дараа яригдсан. Энэ хэрэг ч мөн ажлын хариуцлага алдахаас илүү төрийн үйлчилгээг мөнгө болгож хардаг, зардаг мафижсан луйврын хэргийн нэг хэсэг. Тиймээс хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой" гэв. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, улмаар уг хэргийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар холбогдох материалыг хүргүүлсэн байна.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?