КИМ ЖОН УНЫ БИЧГИЙН ХЭВ ЮУ ӨГҮҮЛЖ БАЙНА?

Сэтгүүлчийн үг

 

 

 

Баасан гарагийн өглөө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын хилийг давж, Панмунжом дахь Энхийн ордонд ирэхдээ зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээсэн юм.

Тэрээр энэ үеэр ордны үзгийг ашиглалгүй, дүү Ким Ёо Жоноос тусгай үзэг авч бичсэн нь сонирхолтой байв.

 

Ким Жон Уны үлдээсэн сэтгэгдэл нь “Шинэ түүх өнөөдрөөс эхэлж байна. Энх цагийн түүхэн эхлэл дээр бид зогсож байна” гэсэн агуулгатай байсан ба ард нь өөрийн нэр, он сар өдрийг бичжээ.

Өмнөд Солонгосын бичгийн хэвийн шинжээчид Ким Жон Уны гар бичмэлээр түүний хувь хүний онцлогийг тодорхойлцгоосон байна.

Тухайлбал Олон Улсын Шүүх Эмнэлгийн Лабораторийн тэргүүн Ли Хэ Ил “Түүний бага зэрэг налуу, баруун тал нь дээш өргөлттэй бичгийн хэв эзнийгээ амжилттай, манлайлагч, өөртөө итгэлтэй нэгэн болохыг харуулж байна” гэжээ.

“Бас түүний бичсэн гурван мөр баруун талдаа хэрхэн тэгширч, нэг багананд зэрэгцсэнийг харж болно. Ийм бичигтэй хүн зорилготой, эрсдэлтэй сонголт хийхээс буцахгүй байдаг” гэж тэр нэмж хэлсэн байна.

Мөн Ким Жон Уны бичсэн үгсийн хэлбэрээс сэтгэл хөөрөл, урам зориг мэдрэгдэж байгааг Ли Хэ Ил тайлбарлажээ.

Бичгийн хэвийн тухай ном бичиж байсан хуульч Ку Бон Жин Хойд Солонгосын удирдагчийн бичгийн хэвийг шинжээд түүнийг эцэг, өвөө нартайгаа тун төстэй хэлбэртэй бичдэгийг мэдээлсэн байна.

Магадгүй түүнийг эцэг, өвөө нартайгаа адилхан бичдэг болох гэж удаан хугацаанд хичээллэсэн байх гэж тэр дүгнэжээ.

 

                                                                                                                   Эх сурвалж: Korea Herald

 

 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?