М.УЯНСҮХ "ДЭЛГЭЦИЙН ЦООРХОЙ" НЭГЭН ШҮҮМЖИЙН ТУХАЙ

Сэтгүүлчийн үг

М.УЯНСҮХ

ДЭЛГЭЦИЙН ЦООРХОЙ

(НЭГЭН ШҮҮМЖИЙН ТУХАЙ)

Судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь 2018.03.21 буюу “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан сонирхол татахуйц, өвөрмөгц шүүмж бичих гэж хичээсэн бололтой. Шүүмжийнхээ объектоор авъяаслаг яруу найрагч Х.Нямхишигийн нэргүй шүлгийг сонгосон нь олзуурхам.

Гэвч тухайн шүлгийг задлахдаа арай л хэтрүүлчихсэн юм уу гэмээр. Нэрт шог зохиолч Ж.Барамсайн нэг өгүүллэг байдаг. “Дэлгэцийн цоорхой” нэртэй өгүүллэг л дээ. Тэр өгүүллэгт нэгэн урлаг судлаач эр кинотеатрт гарч буй шинэ киног үе, үе зогсоон байж дундуур нь тайлбар хийхдээ бороонд салам цохиулаад айлын эзгүй хаваржаанд хувцасаа мушгиж суугаа гол баатрын дүрийг сэтгэл санаа болон бие махбодид байгаа дутагдал, доголдлоо хурын усаар ариулж байгааг үзүүлсэн санаа буюу киноны давхар хэл, хувцасаа өөрөө мушгиж байгаа нь хүн өөрөө өөртэйгээ тэмцэж, өөрийгөө ялж байгааг харуулсан уран сайхны нээлт гэж дүгнэнэ. Мөн цаашлаад хуримын хосууд хар, цагаан өнгийн хувцас өмссөн байгааг амьдрал хар, цагаан өнгө хосолсон алаг гэдгийг үзүүлсэн гүн гүнзгий санаа, эмэгтэй нь цагаан хувцастай байгаа нь эхийн цагаан сүү, цайлган сэтгэлийн бэлгэдэл гэхчлэн тайлбарлаж байснаа гэнэт үзэгчдээс дэлгэц дээр байгаа нэгэн хар сүүдэрт анхаарлаа хандуулахыг хүсэж, тэрхүү хар цэг болбаас найруулагч, оператор хоёрын шинэ санаа, алс тэнгэрийн хаяанд бяцхан хар сүүдэр байна аа гэдэг нь ямар нэг зовлон тохиолдохын зөн бэлэг, киноны хэлээр бол кадрын таталтыг товойлгосон явдал гэж тайлбарлана. Гэвч тэрхүү хар цэг хэвээр байсаар кино дуусахад дэлгэцийн цагаан даавууны жижигхэн цоорхой байсан нь мэдэгддэг.

Нэг үзэгч урлаг судлаачаас асууна:
-Киноны хэл гэдэг над шиг амьтан ухаан гүйцэж ойлгохгүй юм байна. Зүгээр асуухад энэ дэлгэцийн даавууг тухайн кинонд тааруулаад цоолчихдог юм уу, эсвэл зориуд ийм дэлгэцэнд тааруулж кино хийдэг хэрэг үү?...

Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг сар уйдчихаад
Тоохоо больчихсон
Цонотол нь ээдэг нар ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт.

Яруу найрагч Х.Нямхишигийн 2008 онд бичсэн дээрх шүлгийн задлал надад “Дэлгэцийн цоорхой” өгүүллэгийг эрхгүй санагдуулав. Миний бодлоор энэ бол жирийн шүлэг. Голын эрэг дээр байгаа дүнзэн байшингаас яруу найрагчид ирсэн гунигтай мэдрэмж, түүнээс үүдсэн далд эргэцүүлэл. Он жилүүдийн гуниг. Ертөнцийн гуниг. Мөнх бусын гуниг. Усанд туссан байшингийн сүүдэр чулуу шиг бол яруу найрагчийн гуниг тэр чулуу шиг хүнд. Байшин биш шиг харагддаг хэмээсэн нь яруу найрагчийн дотоод сэрэхүйн хийсвэрлэл. Энэ шүлгээс надад ийм л сэтгэгдэл төрлөө. Яруу найрагчид өөрт нь ямар нэг давхар сэдэл төрсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь миний энэ ерөнхий тайлбараас тэгтлээ хол зөрөхгүй болов уу гэж найднам. Басхүү өөрөөр тайлж болох олон сэжүүр энэ шүлэгт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Харин судлаач Г.Батсуурь энэ шүлгийг задлахдаа “...Дүнзэн байшин гэдэг үгээр эх (ээж)-ийг төлөөлүүлсэн ба... эх бол үүсгэгч, агуулагч бас тэжээгч...” гэжээ. Мөн “...Эм хүйстэн сүүний булчирхайтай учир ямагт тэжээгч сэтгэхүйтэй байдаг. Үүнийг “дүнзэн байшин мод мэт” гэдэг холбоосоор улам бүр лавтгасан ба энэхүү мод бол доод, дунд, дээд гурван тивийг нэвтлэн ургагч туру буюу эх мод. Мөнөөхөн “Нууц товчоо” лугаа агч Хорхонуг жубурын саглагар модун. Өрнийнхөөр бол Одиссейн тамын орон Тартар уруу орохдоо нэгэн гишүүг нь барьж орсон тэрхүү эх мод. Ж.Фрейзерийнхээр “Алтан гишүү”, Ж.Камероны “Аватар” (2009) киноныхоор бол амьдралын мод. Өөрөөсөө төрүүлээд үр жимсээрээ тэжээгч ээж. Үр жимсийг нь “самар, өвс, жимс” гэж шууд заан оруулсан байна...” хэмээн гүтгэх байдлаар дүгнэжээ.

Яруу найрагч Х.Нямхишиг цаг хугацааг голоор төлөөтгөсөн нь үнэн байх. “Дүрс нь” гэдэг үгэнд хүсэл мөрөөдлийн баригдаш үгүй хоосон, тааш үгүй хувирамтгай чанарыг гүтгэж залуу нас зуурдын болохыг оноосон” гэдэг нь боломжит тайлбар.

Гэвч: “Аливаа дүрс бол хуурамч, хувирамтгай. Харин “чулуу шиг” гэдэг үгийг “дүрс” гэдэг үгтэй эсрэгцүүлэн эхийн хайрын өөрчлөгдөш үгүй үнэнч, цаглаш үгүй бат болохыг илтгэж эхийн хайрыг чулуу шиг бөх бат гэсэн. Энэ нь Э.Фроммынхоор бол ямар нэгэн нөхцөлгүй хайр.
“Дээвэр нь моддын мөчирт, он цагт дарагдчихсан” гэсэн нь амьдралын хүнд хүчир буюу. “Цонхоор шагайх сар”-аар эм хүйстний биеийн хирийг төлөөлүүлсэн бөгөөд нэгэнт насан өтөл болж, цэвэршин, чавганцарсан эхэд юуны хамаа агчийг ийн өгүүлэлдсэн. Өөрөөр хэлбэл “Цонхоор нь шагайдаг сар уйдчихаад, Тоохоо больчихсон” гэсэн хоёр мөрөөр сарын тэмдэг нь ирэхээ больсон болохыг илтгэсэн. Харин “Цонотол ээдэг нар”-нд эр хүйстэн сэрэгдэх нь өөрийн эрхгүй. Нэгэн цагт цонотол ээн, тачааж асан эрс одоо зарим нь бурханд, зарим нь чөтгөрт буюу. Энэ нь жам ёс агаад Эртний Энэтхэгийн “Мандарваа гүнж” домогт “Нэгэн сайхан гүнж байх. Тийн атал түүнийг авахаар дөрвөн сайхан залуу ирэгдэв. Гэнэт нэгэн өдөр Мандарваа гүнж үхэв. Ийн учирт нэгдэх эр хамт үхэв, хоёрдахь эр хажууд нь сахин суув, гуравдахь эр үл тоон гэртээ харив, дөрөв дэх нь харин алсад агч мөнхийн рашаан авчран гүнжийг амилуулав. Гүнж хэнтэй нь гэрлэх буй? хэмээн асуудаг. Хариулт нь хамт үхсэн нь гүнжийн боол, хажууд сахигч нь гүнжийн ах, хаян харигч нь эр нөхөр, амилуулагч аав нь гэх. Тэр мэт үзвэл өдгөө өтөл эх боол үгүй, ах үгүй, ханилсан эр үгүй, аав ч үгүй агаад аль ч эрс нь орхин одож дээ. Басхүү “...хүн шиг исгэрч, шувуу шиг жиргэж” үрийнхээ борвийг татаж, бохирыг салгаж асан эх, бас хавиргаа хадран хазах хар чоно мэт үрсээ эрхшээн, хамгаалж асан эх, мөн “самар шиг, өвс шиг, жимс шиг” нэгэн, нэгэн зүйлсээр тэжээн, тэтгэж (Нууц товчоонд оюунтай төрсөн Өэлүн эх олирс мойл түүн гэх лугаа) байсан эх өнөөдөр “эх нь мөн ч шиг, биш ч шиг” болтлоо дурсамжийг алсад өтгөрсөн байхыг “Байшин биш шиг харагддаг” гэсэн нь оноолттой...хэмээсэн нь дээр дурдсан Х.Нямхишигийн нэргүй богино шүлэгт арай л ахадсан гэмээр задаргаа болчихсон мэт санагдсан тул үүнийг бичив.

Үүнийг бичихдээ би уг шүүмжийг шууд үгүйсгэх санаа агуулсангүй. Зүгээр л голын эрэгт дүрслэгдсэн дүнзэн байшингаас доод, дунд, дээд гурван тивийг нэвтлэн ургагч туру буюу эх мод, Хорхонуг жубурын саглагар модун, эртний Грекийн алдарт туульсын баатар Одиссейн тамын орон Тартар руу орохдоо нэг гишүүг нь барьж орсон эх мод, “Аватар” киноны амьдралын мод зэрэг олон модыг, тэрчлэн “насан өтөл болж, цэвэршин чавганцарсан эх” хүнийг, цонхоор шагайх сарнаас “эм хүйстний биеийн хир”-ийг мэдэрч, олж харна гэдэг эргэлзээтэй санагдаад тэссэнгүй. Ялангуяа шүлгийн өгүүлэмж болох дүнзэн байшин Энэтхэгийн “Мандарваа гүнж” домогтой хэрхэн, яасхийж холбогдож байгаа нь нэг л сүржиндүү. Шүүмжээс харахад “дүнзэн байшин...мод мэт” гэсэн дүрслэл Г.Батсуурьт онцгой сэрэгдэл төрүүлж, түүндээ хөтлөгдсөн нь илэрхий. Гэхдээ судлаачийн энэ мэт хазайлтыг дагаад нөгөө ЯЛАХ ЁСТОЙ уншигчид нь бас хазайх талтайг санахад илүүдэхгүй.

Г.Батсуурь эл бяцхан шүүмжээ “Шүлэг энэ буюу” хэмээн ёслол төгөлдөр төгсгөсөн байна. Тийм ээ, энэ шүлэг мөн гэдэгтэй би санал нийлнэ. Харин ямар шүлэг вэ гэдгийг бусад судлаачид бас нэг анзаарчихад гэмгүй мэт. Учир нь судлаач нэг шүлэгт анхаарал хандуулж задалсан нь талархууштай үзэгдэл. Тиймээс алдаа, оноо аль, аль нь чухал юм.

Энүүхэндээ гэж хэлэхэд өнөөдөр бичиж буй залуу судлаач, шүүмжлэгчдээс “хамгийн зоригтой” нь Г.Батсуурь мөн л дөө. Тэр үхсэн, амьд олон “томчуул”-ыг янз бүрээр “ноцож” үзсэн. Өөрт нь “юм ойлгуулах” гэсэн нэгэн рүү хэрсэн бух шиг сэжиж зүтгэдэг нь цусанд буй төрөлх араншин бололтой. Энэ нь түүний ялгарах онцлог, давуу тал ч байж болно. Гэсэн мөртлөө ая тал засчих нэгнээ бас ч гэж муугүй мэддэг янзтай нь зарим нэг шүүмжээс нь илт анзаарагдана. Саяхан би түүний шүүмжийн хоёр ч номыг тогтоож харсан юм л даа. Үнэхээр “зоригтойгоо харуулах”-аар шийдсэн юм бол түүнд хамгийн хэрэггүй зан энэ л байх. Утга зохиол тойрсон элдэв дуулиан дунд нэр нь мэр, сэр үзэгдэх болсон Г.Батсуурь “хамгийн зоригтой” нь байлаа, байлаа гээд аливаад хэтрүү хандан, түүндээ өөрөө дөвийгөөд байж боломгүй.

Нэрт судлаач, шүүмжлэгч Ч.Билигсайхан агсны онцлон дурдсан герменевтика буюу тайлалзүйн тухай би сонссоноос цаашгүй. Гэхдээ энэ талаар барьцтай ойлголт өгөх ахмад үеийнхэн байж л байна. Судлаачийн ажил гэдэг ганхашгүй бат бэх боловсрол, ширгэшгүй гүн итгэл үнэмшил, өргөн мэдлэг, уужуу бодомж, нарийн нягт гаргалгаанд суурилдаг, долоо хэмжиж нэг огтлох хичээнгүй хөдөлмөр. Насан туршийн хөдөлмөр ч гэдэг. Цоорчихсон төрмөл авъяастан л биш бол ийм байдлыг эрхшээхэд залуу насны хэмжээ дутна. Тэр тусмаа шүлгийг задлахад тухайн шүлэг бичигдсэн үеийнх шиг транс байдлыг судлаачаас шаарддаг гэж би боддог.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?