Л.ПҮРЭВБААТАР ХУУЛИАС ГАДУУР АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын төр, шүүх засаглалд хууль хэрэгжүүлэх эрх мэдэл үлдэв үү

 

Ийн өгүүлсэн нь учиртай. Сүүлийн үед төрийн шийдвэр, шүүхийн дүгнэлтийг үл тоомсорлож, бүр нохой хуцсаны дайнд авч үзэхгүй даналзах явдал олон тохиолдож байна.

Бүр сүүлдээ төр гэж байх хэрэг байна уу ч гэх бодол төрүүлж буй нь дараах жишээнээс ойлгомжтой болох биз ээ. Тодруулбал, УБТЗ-ын ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, нийгэмд нэлээд дуулиан тарьсан. Тэгвэл шүүхээс гарсан шийдвэрийг дээрх эрхэм хэрхэн хүлээн авч биелүүлэв, нөгөөтээгүүр Монголын шүүх засаглалын эрх мэдэл хаана очиж хүчгүйдэн унаж байгааг эдгээр баримт тодхон харуулна.

Ер нь авлигын сүлжээ нийгмийн давхарга бүрт шигдэж, дарга сэтэртэй бүхний ХОМ-ийг нээлттэй шүүхгүй л бол төсвийн мөнгө бандгар жийп, тансаг сууц, үнэт эдлэл болж хувирсаар байгаа нь нууц биш болсон.

Л.Пүрэвбаатар хэмээх эрхмийн тухайд 2014 онд УБТЗ ХНН-ийг даргалж байх үедээ байгууллагаас 1.4 тэрбум төгрөг гаргуулж, хувьдаа таун хаус худалдаж авсан байдаг. Энэ асуудал тухайн үедээ тун их дуулиан дагуулж, шүүх цагдаадаа тулж байсан ч төр засаг өнөөг хүртэл Л.Пүрэвбаатарт алдсан хөрөнгөө олж авч чадаагүй л байна.

Харин ч бүр шүүхээс энэ асуудлыг судалсны үндсэн дээр Л.Пүрэвбаатарыг буруутай хэмээн үзэж, хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэгдсэнээрээ ад болох шинжтэй болжээ. Уг нь шүүхээс Л.Пүрэвбаатарыг 370 м2 талбайтай байрыг зарж, орлогыг нь төмөр замчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилт болгох шийдвэр гаргасан.

Гэтэл Л.Пүрэвбаатар хэвлэлийн хуудсаар дамжуулан нэгэн хачирхалтай тайлбарыг олон нийтийн зүг нисгэж эхэлсэн юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир!

Оросын талаас В.Н.Морозов удирдаж, Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцаад шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй” гэсэн юм өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, байраа суллахгүй, тэгээд ч шүүхийн дараа дараагийн шатанд гомдол гаргана гэдгээ мэдэгджээ.

Ерөөс Монголын шүүхийн шийдвэр дарга нарын өмнө хүчин мөхөстдөг гэдгийг харуулсан олон үйл явдал нүдний өмнүүр хөвөрч байгаа гэхэд болно. Тэгвэл Л.Пүрэвбаатарын хувьд ийн даналзах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг хэд хэдэн баримтаас харж болохоор ажээ. Тухайлбал 2016 оны аравдугаар сарын 13-нд Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хаяглаж, таун хаусыг нэн даруй суллаж авахыг үүрэгдсэн албан бичиг бий.

Энэ албан бичиг бичигдэхээс хэдхэн хоногийн өмнө Д.Жигжиднямаагаас 1.48 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван давхар орон сууцыг Л.Пүрэвбаатарын өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг хүссэн бичгийг ЗТХЯ-нд илгээсэн байжээ. Тэгвэл холбогдох яамнаас энэ нь Засгийн газраас зарласан хэмнэлтийн горимыг илэрхий зөрчсөн үйлдэл гэж үзээд татгалзсан нь тэр.

Тийм байхад л Л.Пүрэвбаатар байраа суллаж өгөөгүйгээр үл барам дээр нь нэмээд байгууллагын 200 сая төгрөгөөр Лексус-570 машин худалдан авчээ. Энэ нь ХНН-ийн худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүйн дээр зохих албаныхны зөвшөөрөлгүй гаргасан шийдвэр байсан гэдгийг ЗТХЯ-наас онцгойлон сануулсан аж.

Бүр Л.Пүрэвбаатарын эл үйлдэл холбогдох хуулиудын ямар заалтуудыг зөрчсөнийг тодорхойлсноор хувьдаа өндөр үнэ бүхий орон сууц, автомашин авсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Л.Пүрэвбаатарт уг байрыг суллах үүргийг одоогоос хоёр жил орчмын өмнө өгсөн байжээ. Харин тэрбээр яамны тушаалыг үл хайхарсаар өнөөг хүрч, эцэстээ шүүхээс түүнийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн ч байраа султгахгүй гэж тас гүрийсээр байгаа аж.

Ер нь дарга асанд шүүхийн шийдвэр хэтэрхий жулдсан бололтой. Тэрбээр Монгол Улсын хууль, шүүхийн засаглалыг илэрхий басамжилж, чаддаг юм бол надаас энэ байрыг аваарай гэсэн утгатай зүйл ярьсан нь үүнийг гэрчилнэ.

Л.Пүрэвбаатарын хувьд энэ байрыг суллаж өгөхгүй гэх шалтгаандаа Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх В.Н Морозовын нэрийг онцлон дурдсан байв. Өөрөөр хэлбэл, Л.Пүрэвбаатар одоо 1.48 тэрбум төгрөг буюу асар өндөр үнэ бүхий, гурван давхар таун хаусыг нийгэмлэгийн мэдэлд шилжүүлэхгүйн тулд хаа байсан Морозов зэрэг Оросыг төлөөлөх хүмүүсийн нэрийг санамсаргүй мэт дурдаж, “сүрийг үзүүлэх” байдлаар хандаж байна. Түүний хувьд Морозовын нэрийг урдаа барьж байгаа нь учиртай.

Юу гэвэл, анх Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын даргаар шуудхан зүтгүүлж, Монголын талын санал дүгнэлтийг хайхралгүй томилгоо хийсэн хүн нь дээрх В.Н Морозов. Тиймээс л одоо Л.Пүрэвбаатар өөрт нь Монголын төрийн шийдвэр хүртээлгүй мэт аашилж чадаад байгаа бололтой.

Уг нь 2014 онд Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулахын тулд хэмнэлтийн горимд шилжиж, шаардлагагүй бүх зардлыг танах үүргийг шат шатны дарга нарт үүрэг болгосон. Харин П.Пүрэвбаатар дарга байх хугацаандаа 1.48 тэрбумаар гурван давхар хаус, 200 саяар Лексус-570 авсан нь “хэмнэлт” байсан бололтой. Засгийн газраас зайлшгүй зардлуудыг мэдээж танаагүй.

Гэхдээ нэг айл заавал гурван давхар хауст амьдарч, эсвэл 570 унах хойшлуулшгүй шаардлага гараагүй л баймаар. Харин одоо бол төр өөрийн өмчөө захиран зарцуулах эрх мэдлээ УБТЗ-ын дарга асан этгээдээр заалгах ёстой болж байх шиг. Үгүй гэвэл нөгөөх этгээд нь орос ах нарын нэрийг барьж хүртэл айлгаж, элэг барих нь арай л чангадсан даврал байж таарна.

 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Цогтгэрэл [43.228.131.xxx]

    Юу бичээд байна аа. Би зөвшөөрөөгүй юм чинь !

  • Зочин

    Зочин [103.26.193.xxx]

    Хуулиас гадуур аашлан дур зоргоороо аашлагчид нь ингэж бичуулдэг бололтой юм даа

  • Зочин

    Зочин [103.26.193.xxx]

    Сайн гутгэжээ ?

  • Зочин

    Зочин [103.26.193.xxx]

    Бичиж болно оо ? Хуулиин хурээнд л бичээрэй л дээ ?

  • Зочин

    Дүүрэн [103.212.118.xxx]

    Хог

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?