Ж.БАТЗАНДАН: АЮУШ БУРХАНЫГ МОНГОЛД АВЧИРАХАД ТУСАЛСАН УНГАРЫН ИРГЭНИЙГ ТӨРӨӨС ШАГНАХ ЁСТОЙ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Соёлын өвийг хамгаалах асуудлаар  Засгийн газарт асуулга тавьсан. Өнөөдөр /2018.04.13/-ийн нэгдсэн чуулганаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр асуулга тавьсан Ж.Батзандан гишүүн үг хэлэхдээ аймаг бүрийн музейгээс тодорхой тооны үзмэр, эд зүйл хулгайд алдагдаж буйг онцлоод, тодорхой жишээнүүд дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ:

 

Даяаршлын эрин үед үндэстний соёлоо хайрлаж хамгаалж чадахгүй байгаа улс орон бусдын соёлын дагуул болно гэдгийг эрдэмтэд хэлдэг. Өнөөдөр Монгол үндэстэн өөрийнхөө соёлыг хангалттай хамгаалж, хөгжүүлж чадаж байна уу гэдэгт бодитой дүгнэлт хийх цаг болсон.

 

Улаанбаатар хотын музей, Дархан-Уул аймгийн музей зориулалтын бус, орон сууцны барилга дотор байна. Баянхонгор аймгийн музей сургуулийн байранд байна. Энэ мэтчилэн ихэнх музей стандартын бус байранд үйл ажиллагаа явуулж, үүний улмаас тэнд хадгалагдаж буй соёлын өвүүд чанараа алдаж байна. Бид соёлын өвдөө хүндэтгэлтэй хандах ёстой.

 

Өнөөдрийг хүртэл баримталж ирсэн алдаатай бодлогыг яаралтай өөрчлөх ёстой. 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталсан. Гэвч дагаж мөрдөх журмууд өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд гараагүй байна. Түүнчлэн Музейн хуулийг батлах ёстой.

 

Соёлын өв нь үндэстний бахархлыг нэмэгдүүлж, тусгаар тогтнолыг батаалгаажуулдаг. Гэтэл монголчууд бид эрийн гурван наадмаа ч хийж чадахгүй боллоо. Бөхийн холбоо нь хуваагдаж байна, монгол адуугаа дангаар нь уралдуулж чадахгүй байна, нум сумаа ч харваж чадахгүйд хүрлээ.

 

Хүүхэд багачууд нь орой болгон телевизээр солонгос сериал үзэж, солонгосын соёлд нэвт суралцаж байна. Томчууд нь ч гадны кино үздэг. Энэ бол үндэстний соёлд учирч буй том аюул.

 

Тусгаар тогтносон Монгол Улс дэлхий дээр амьдарч буй нийт Монгол туургатны соёлын өвийн төв нь байх ёстой. Энэ улсад амьдарч буй иргэд бид үндэстнийхээ соёлын өвийн тээгч нь байх ёстой. Энэ амбицийг монголын Засгийн газар хадгалж,  соёлын өвөө хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр эрч хүчтэй ажиллах ёстой. Түүнчлэн хулгайд алдагдсан соёлын өвүүдээ эгүүлэн авчрах тал дээр Засгийн газар санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

 

Соёлын өвийн эсрэг цөөнгүй гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна. Малын хулгай, модны хулгайд хөөн хэлэцэх хугацаа байж болно. Харин мянга мянган жилээр үндэстний соёл, түүхийн гэрч болон хадгалагдах ёстой соёлын өв, түүх дурсгалын эсрэг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох учиргүй.

 

Өнөөдөр музейн ажилтнууд 200-400 мянган төгрөгийн цалинтай байхад бид соёлын өвөө хулгайд алдахгүй гэж амар амгалан суух нь утгагүй юм. Соёлын өвийг тээгчид болон хадгалж хамгаалж буй иргэдийг урамшуулах асуудал хуульд тусгагдсан ч амьдрал дээр хэрэгжихгүй байна.

 

Эцэст нь хэлэхэд, Аюуш бурханыг маань Монгол Улсад авчрахад гүн туслалцаа үзүүлсэн Унгар улсын иргэнийг монголын төр шагнах ёстой шүү гэдгийг хэлье гэлээ.  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [64.119.21.xxx]

    Гишүүндээ амжилт хүсье

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?