ТУУЛ ГОЛЫН ЭРЭГТ БАРИЛГА БАРЬЖ БУЙ 28 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ЦУЦАЛНА

Сэтгүүлчийн үг

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 
 
 
Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлсний дагуу газар дээр нь танилцаж, дүгнэлт гарган хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хурлыг гурван удаа, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг хоёр, хэлэлцүүлгийг хоёр удаа тус тус зохион байгуулж, 2016 оны 03 дугаар тогтоолоор 13 заалт бүхий, 2017 оны 02 дугаар тогтоолоор 7 заалт бүхий үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажилласан талаар УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав. 
 
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Туул голын орчим газрын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын талаар, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Туул голын эргийн дагуу газар ашиглах зөвшөөрөл олгосон асуудлаар, Нийслэлийн ЗДТГ-ын Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 7/2657 тоот албан бичгээр өгсөн үүргийн биелэлтийн талаар тус тус мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 
 
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өгсөн мэдээлэлдээ, барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна гээд, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбарын зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байна гэсэн юм. Энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Өргөдлийн байнын хорооноос удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулсаны үр дүнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрвэрийг БОАЖЯ гаргаад байгааг таницууллаа. 
 
Туул голын дагуух замбараагүй газар олголт, барилга байгууламжийг цэгцлэх асуудал хөндөгдсөний дараа УИХ-ын гишүүн М.Билэгт хэлсэн үгэндээ, бид сүүлийн 30 шахам жил энд тэнд гарсан бүхий л зөрчилд аж ахуйн нэгжүүдийг буруутгаж ирсэн. Одоо энэ хандлагаа өөрчилье. Тэдэнд тусгай зөвшөөрлийг төрийн нэрийн өмнөөс олгосон этгээдүүдэд, тухайн үед хяналтаа тавьж ажиллаагүй хууль хяналтын байгууллагуудад хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай болсныг онцлов. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голыг тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгааг, УИХ-ын гишүүн Г.Солтан Туул голын урсацыг сааруулсан шалтгааныг олж, тэр шалтгааныг арилгахад анхаарлаа хандуулахыг чухалчиллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Сэлбэ, Туул голын бүсэд Улаанбаатар хотын иргэдэд зориулсан амралт, аялал зугаалгын нийтийн эзэмшлийн газар бий болгох ажлыг хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хуваарилж аваад, эзэнжүүлэх хэрэгтэй, дахин уулзахад ахиц гаргаагүй байж болохгүй. Саад болж байгаа асуудлыг яаралтай шийдээд явах хэрэгтэй. Ажил хийхэд саад болсон болон газар олголтыг зохион байгуулалтгүй хийсэн улс төрийн бөгөөд төрийн албан тушаалтныг шалгуулах асуудлыг Байнгын хорооноос Авлигатай тэмцэх газарт тавих нь зүйтэй гэлээ. 
Энэ хэлэлцүүлэг нэг удаа болоод өнгөрөхгүй, тодорхой үр дүн нэхэж үргэлжилнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцлоод, Туул голын дагуух асуудлыг цэгцлэхдээ мэргэжлийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хавтгайруулж, хохироохгүй байхыг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад анхааруулав. 
Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голын асуудлаарх ээлжит хэлэлцүүлгийг 6 дугаар сарын эхний долоо хоногт хийхээр товлож байгааг мэдэгдээд, Баянзүрхийн гүүрээс Яармагийн гүүр хүртэлх газрыг чөлөөлж, иргэдийн амарч, зугаалах аятай таатай орчин болгох зорилтын хүрээнд ажил хариуцсан байгууллага бүр хийсэн ажлын үр дүнтэй, хийх ажлын тодорхой төсөв, төлөвлөгөөтэй орж ирэхийг санууллаа. Тухайлбал, Туул голыг тусгай хамгаалалтад авах асуудлыг түргэвчлэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тавдугаар сард багтаан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс оруулж ирэх, 60 гаруй аж ахуйн нэгжийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах, тэдний зарим барилга байгууламжийг нураах ажлыг холбогдох байгууллагууд хуулийн дагуу зохион байгуулахыг даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?