ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН ЭХ ҮҮСВЭР ХААНААС БҮРДЭВ?

Сэтгүүлчийн үг

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ОХУ-ын Ростех компанийн эзэмшилд байсан 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК хувьчилж авсан 400 сая ам.долларын эх үүсвэрийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.

 “Монголиан коппер корпорейшн” ХХК нь Худалдаа Хөгжлийн банкны дийлэнх хувийг эзэмшдэг Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Рийвэрстөүн пропертс” ХХК, “Юнайтед инержи систем” ХХК, Сингапурт үүсгэн байгуулсан “Канетик” зэрэг компаниудаар 60-75 сая долларын зээлийг авчээ.

Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК нь Худалдаа Хөгжлийн банкнаас “Ирээдүйд бий болох эх үүсвэр”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг барьцаалж 75 сая долларын зээлийг авчээ. “Монголиан коппер корпорейшн” ХХК-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Улаанбаатар хотын банк дахь өөрийн хадгаламжийн данснаас гэж компанийн дүрмийн сангаа нэмэгдүүлэхэд 112 сая тэрбум төгрөгийг байршуулсан нь тус банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгө гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээл гэх эх үүсвэр нь Монгол банкнаас хууль бусаар олгосон зээл, Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессын гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулж улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгөн хөрөнгө, түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрүүдээс бүрдсэн мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй гэж албаныхан үзэж байна. “Монголиан коппер корпорейшн” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогоос 2012, 2013 оны ногдол ашиг хэмээх 55,7 сая ам. доллар, гэрээний урьдчилгаа гэх 2,6 сая ам.доллар нийт 58,3 сая ам. Долларыг шилжүүлэн авч авлагатай компани худалдан авсан гэж нэхэмжлэл гарган залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирал, хууль эрх зүйн газрын дарга, Санхүү эрхэлсэн дэд захирал зэрэг үйлдвэрийн чухал албан тушаалтнууд 49 хувийн хувьцаа эзэмшигчдээс томилогджээ. Үйлдвэр хувьчлагдаж хуучин байсан шахааны бизнесийг зогсоосон гэх боловч хувьчилж авсан мөнгөө олж авахын тулд Худалдаа Хөгжлийн банкны хамаарал бүхий компаниудтай гэрээ байгуулж их хэмжээний мөнгийг шилжүүлсээр байгаа ажээ.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Ц.Пүрэвтүвшин, Удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, н.Шижир, н.Дөлгөөн, н.Бат-Оргил нар нь өмнө Улаанбаатар банк, Худалдаа Хөгжлийн банкинд ажиллаж байсан, өндөр боловсролтой залуус юм.

 

                                                                                                           Сэтгүүлч Н.Нямаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.21.xxx]

    Нэгэнт цагдаа шалгаж байгаа бол илрүүлэх байлгүй дээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?