ОЮУН САНААНЫ МАНЛАЙЛАГЧГҮЙ УЛС

Сэтгүүлчийн үг


Сэтгүүлчийн бодрол

“Spiritual leader” гэдэг ойлголт байдаг. Энэхүү ойлголт нь Иисүс Христийн үеэс эхтэй бөгөөд, өнөөгийн Палестиний газар нутагт амьдарч байсан еврейчүүдийг жинхэнэ шашинд оруулахын төлөө амь биеэ үл хайрлан, үзэл бодлынхоо төлөө, төөрсөн ард түмнээ ухааруулахын тулд хамгийн хүнд эрүү шүүлтүүдийг давсан Иисүс бол яах аргагүй “Spiritual leader” буюу “Оюун санааны манлайлагч” байсан гэдэг.

Өнөөдөр 2 тэрбум гаруй хүн дагадаг Иисүсийн номлол нь үнэхээр олон хүний зүрх, сэтгэлийг эзэмдсэн, дэлхийн бүх дагагчдынхаа амьдралын үзэл бодол, үйлдлийн чиглүүлэгч болж буй жишээ бол жинхэнэ үзэл бодол нь мөнгө, албан тушаал, цэргийн хүчнээс хэр их хүчирхэг болохыг  илэрхийлж байгаа билээ.

Христийн шашныг дэлгэрүүлэх улс төрийн шаардлага байсан хэдий ч ертөнцийг үзэх үзэл, ёс суртахуун, эрүүгийн болон иргэний хуулиудыг багтаасан Библи гэгч  ном  өнөөг хүртэл олон сая хүний өдөр тутмын байнга уншдаг ном хэвээрээ байна. Христийн үеэс Европ, Ойрхи дорнодод варваруудын довтолгоон, загалмайтны дайн, арабын ноёрхол, сэргэн мандалт, фашизм, нацизм, социализм, 100 жилийн дайн зэрэг дэлхийн томоохон дайнууд болж өнгөрсөн ч Христийн номлол олон хүний оюун санааг эзэгнэсээр байна. Христийг мөрдөн хөөж, хорин цээрлүүлсэн Ромын албан тушаалтнууд нь түүхийн зохиолуудын муу талын баатар л болон үлдэж дээ.

Христийн номлолыг энгийн хүмүүст хүргэх, сохроор тахин шүтэхийг зогсоох,  Ромын папын тансаглалыг хязгаарлах, Христийн шашны шинэчлэлтийг (Реформаци) хийхэд бүх насаа зориулсан Саксоны алдарт эрдэмтэн,  христийн номлогч, сүмийн шинэчлэгч, Библийг герман хэл рүү орчуулагсан Мартин Лютер гэгч хүн байв.

Шашныхаа номыг өнөөг хүртэл гадаад хэлээр номлодог монголчууд бидэнд бодууштай л зүйл юм.

Мартин Лютерийн 1522 онд эртний грек хэлнээ бичигдсэн Библи судрыг орчуулсны ач холбогдлыг өнөөдөр дүгнэхэд хэцүү боловч тэр үедээ энэ нь жинхэнэ оюун ухааны хувьсгал болж байсан юм. Латин, эртний грек мэтийн үхмэл хэлээр бичигдсэн тусгай боловсролгүй хүн унших боломжгүй номыг амьд, германчуудын ярьдаг тэр үеийн хэлрүү хөрвүүлсэн нь нэг талаасаа түүхэн хэлзүйн хувьд онцгой ач холбогдолтой байсан, нөгөө талаас ухамсарласан, сэтгэл санаагаараа ойлгосон Христийн номлол нь шинэ байдлаар олон дагагчтай болоход түлхэц болсон байна.

Энэхүү Христийн шашины шинэчлэлтийн хөдөлгөөн нь Протестантизм гэгч шинэ урсгалын эхлэлийг тавьж, Ромын Папын тансаглал, үргүй их зардал, гялалзсан, алтадсан зүйлст анхаарал тавихыг эсэргүүцэж, протестантууд шашны баярт тавьж буй анхаарлаа багасгаж, хөдөлмөрлөх, бүтээх зүйлсдээ илүү анхаарал тавьснаар өнөөдөр протестант шашинтай орнууд болох Герман, Швед, Голланд, Швейцар, Бельги нь дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудад тооцогдож байна.

Ромын Папын нөлөөнд үлдсэн католик шашинтнууд нь Европын Франц, Итали, Испани, Португали улсуудаас гадна Латин Америкийн орнууд зонхилдог ба Францаас бусад Европ тивийн католик шашинтай орнууд харьцангуй саяхнаас л хөгжиж эхэллээ. Баяр цэнгэлээр дүүрэн Латин Америкийн орнууд эдийн засгийн хувьд тааруухан явж байна. Жишээлбэл, Боливи улс 12 албан ёсны баяр тэмдэглэж, ард түмэн нь хэт их амралтаа эдэлж байгаагаараа манайхтай төстэй л юм.

Мартин Лютерийн дурсгалд зориулан түүний нэрийг өвлөж авсан  бас нэг шашны зүтгэлтэн 20 дугаар зууны АНУ-ын түүх, нийгмийн харилцаанд асар их хувь нэмэр оруулсан “I have  a dream”-“Надад мөрөөдөл байна” гэдэг алдарт үгийг хэлсэн Мартин Лютер Кинг мөн л дэлхийн түүхнээ мөнхрөн үлдсэн.

 Америкийн нийгэмд арьсны өнгөөр ялгаварлах-“Segregation” үзлийн эсрэг тайван аргаар тэмцэлд уриалан дуудаж, Америкийн бүх үндэстэн, нийгмийн давхаргуудын хүндэтгэлийг хүлээж, тэрхүү тэмцэлд олон арван сая америкчуудыг нэгтгэж чадсан энэхүү аугаа хүн  арьсны өнгөөс үл хамааран бие биенээ хүндлэх, ойлгох, зэрэгцэн аж төрөх өнөөдрийн нийгмийн тэгш харилцааны суурийг тавьж чадсан юм.

“Миний 4 хүүхэд тэднийг  арьсны өнгөөр нь биш харин хувийн зан чанараар нь дүгнэдэг оронд амьдрах болно гэж би мөрөөддөг” хэмээн 300 мянган хүний цуглаан дээр  хэлж байсан түүнийг учир битүүлэг аргаар хөнөөсөн ч гэсэн нь мөрөөдөл нь АНУ-д биелэл болсон юм.

Магадгүй энэ хүний үйлдлийн ач тусаар өнөөдөр АНУ-д олон мянган монголчууд амар тайван амьдарч байгаа.  Тэрээр бие биеэ үзэн ядах биш, харгис үйлдлийн эсрэг буу зэвсэг барих биш, ойлголцох, бие биеэ хайрлах сургаалыг заасан билээ.

Энэтхэг улсыг тусгаар тогтноход маш их үүрэг гүйцэтгэсэн Махатма Ганди нь мөн адил хүч хэрэглэхгүй, тайван аргаар эрх чөлөөтэй болох, тусгаар улсаа байгуулах тэмцэлд олон сая иргэдийг уриалан дуудаж, Британий бүрэн зэвсэглэсэн армийн эсрэг оюун санааны давуу талаар тэмцэж тэднийг ялагдалд хүргэсэн.

Чинээлэг гэр бүлээс гаралтай, Англи улсад олсон хуульчийн мэргэжилтэй энэ хүнд мөнгөтэй болох, хувийн аз жаргалыг бүрдүүлэх боломж хангалттай байсан ч өөрийн амьдралыг Энэтхэг Улсын тусгаар тогтнолын төлөө зориулсан. Өмнөд Африкийн удирдагч Нельсон Мандела “Апартеид” буюу арьсны өнгөөр ялгаврах үзлийн эсрэг тууштай тэмцэж, олон зуун жил дарлуулсан, мөлжүүлсэн цагаан арьстнуудаас өшөөгөө авах биш, эсрэгээр хамтран улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэж, олон жил гянданд суусан ч гэсэн бүх нийтийн сонгуульд ялалт байгуулан БНӨАУ-ын ерөнхийлөгч болсон.

Цагаан арьстнуудын эсрэг зэвсэг барин тэмцсэн арга нь олон жил шорон гянданд өнгөрүүлсний дараа  ирээдүйд мухардалд хүргэхийг ойлгож цагаан колончлогчидын үр хүүхдүүд, хар боолуудын үр хүүхдүүд хамтран аж төрөх, нэг улсын хил хязгаар дотор амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн гайхамшигтай хүн. Бүх насаараа цагаан арьстнуудтай тэмцэж ирсэн энэ хүнд шоронд өнгөрүүлсэн залуу нас, эцэггүй байнга нууц байдалд байсан хүүхдүүд,  тэмцэлд амь насаа алдсан найз нөхдөө бодоод “бидний зовсон шиг энэ цагаан арьстнуудыг зовоох хэрэгтэй” гэж хувь хүний сэтгэлийн хөдөлгөөнд автсангүй, эсрэгээрээ өнгөрсөн явдлыг ардаа орхих хувь хүний зориг гаргаж түүнийгэээ олон сая дэмжигчдэд хүргэсэн нь өнөөдрийн хар Африк тивд арьсны өнгөөр ялгаварлахгүй хамтдаа оршин төвхнөж болохыг харуулсан аугаа том үлгэр жишээ болсон билээ.

Дээр дурдсан хүмүүс оюун санааны жинхэнэ удирдагчид байж чадсан учир түүхэнд мөнхрөн үлдсэн.

Жинхэнэ утгаараа тусгаар улс болсон бидэнд 1991 оноос  оюун санааны манлайлагч заяасангүй. Харамсалтайгаар.

Улстөрийн намын дарга гэдэг чинь уг нь манлайлагч хүн баймаар. Институцийн хувьд намаа атгаж чадсан, нэн ялангуяа шийдвэр гаргах түвшинд хяналтаа тавьсан хүн л намын дарга болдог болсон. Энэхүү хяналтыг тавихын тулд мөнгө, эсвэл мөнгө олж болох албан тушаал нь улстөрийн намын оршин тогтнох үндсэн хөшүүрэг болжээ. Иймээс ч сөрөг хүчин байхдаа нам нь эвтэй байдаг, төр барих үедээ хямралд ордог үндсэн тренд бий болж, бэхжиж, газар авлаа.

Өнөөдөр хамгийн ухаантай нь биш, хамгийн алсын хараатай нь биш, хамгийн их мэдлэгтэй нь биш, төсвийн мөнгийг эвтэйхэн хувааж чаддаг нь, бүлэг, фракци байгуулж, түүнийгээ удирдаж чаддаг нь улстөрийн манлайлагч болдог боллоо. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгууль намын дарга байж болно, УИХ-ыг 65 гишүүнтэй бүлгийг хянаж болно гэхдээ бүх ард түмний сонгуульд  ялахгүй гэдгийг тод харуулсан.

Манлайлагч, намын дарга гэдгийн хооронд маш ялгаа байна.

Бидэнд өнөөдөр монголчууд биднийг уриалан дуудах, бидний хөгжлийн гарцыг зааж өгөх, биднийг их үйлсэд нэгтгэж чадах, бидэнд дуурайлал болох манлайлагч хэрэгтэй байна. Мөнгө тараадаг,  биелэхгүй үлгэр ярьдаг, санал хураалтыг завхруулж чаддаг удирдагч хэрэггүй.

Монгол Улсын бүх үндэстэн ястныг, манай нийгмийн бүх давхаргыг, баян, ядуу, малчин, сэхээтэн, царайлаг, царай муутнууд, эрэгтэй, эмэгтэй, тэтгэвэрийнхэн, залуучуудыг нэгтгэж, биднийг ХӨГЖИХ их үйлсэд уриалах манлайлагчийн эрэлд гарах юмсан.

                                                  Дон Кихот

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн [27.123.212.xxx]

    Сайхан санаанууд байна. ... хэн нэг хун манлайлагч болж гарч ирэхийг хулээгээд нэмэргуй дээ... тэр манлайлагч чинь бидний дунд хаа нэгтээ байж л байгаа.. хамтдаа хайцгаая...

  • Зочин

    Olzii [103.26.195.xxx]

    Manlailagch bhgui bolsoon. Shine zaluu ue garch ireh bh

  • Зочин

    Зочин [112.72.14.xxx]

    Уншууштай

  • Зочин

    Иргэн [64.119.20.xxx]

    Сайхан нийтлэл болж

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?