КИМ ЖӨН УН ОРОСТ АЙЛЧИНА

Сэтгүүлчийн үг

Оросын эрх баригчид Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг тус улсад айлчлахыг урьжээ гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Дэниел Коутс батлан хэлжээ. Энэ тухай Америкийн тагнуулын бүх 16 байгууллагын үйл ажиллагааг зохицуулагч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Ким Жөн Ун саяхан Хятадад айлчилсантай холбоотойгоор Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэгдсэн зургаан талт яриа хэлэлцээний хэлбэрт эргэн орох тухай асуудлыг сонирхсон сэтгүүлчдийн асуултад Д.Коутс “Тодорхой үе шатанд юуны талаар яригдахыг бид мэдэхгүй хэдий ч Ким Жөн Уныг Хятадад айлчилсныг бид мэднэ. Түүнчлэн түүнийг Орост айлчлахыг урьсныг бид мэднэ” гэжээ.
 
Д.Коутсын ярьж байгаагаар, Ким Жөн Ун ОХУ-д хийх айлчлалын үеэрээ ямар асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгааг АНУ-ын тусгай албаныхан мэдэх хүсэлтэй байгаа аж. “Юуны талаар ярихыг нь бид мэдэх болно гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
 
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн сарын 28-нд “Одоогоор Орос болон Умард Солонгос дээд хэмжээний уулзалт хийх төлөвлөгөө байхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.  

 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сарын 25-28-нд Хятад улсад гэнэтийн айлчлал хийж, тус улсын дарга Си Жиньпинтэй хэлэлцээ хийсэн билээ. Тэрбээр Умард Солонгосын удирдагч болсноосоо хойш гадаад дахь анхны айлчлалаа хийсэн нь энэ юм.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?