"АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ" ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДАМ БОЛНО

Сэтгүүлчийн үг

Монгол, ОХУ, БНХАУ-ын хүүхэд залуучуудын гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг, түүхэн дурсгалт газруудтай танилцах "Агуу их цайны зам” олон улсын хүүхдийн наадам энэ сарын 22-26-нд Улаанбаатар хотноо болно.

2014 оноос эхлэн “Агуу их цайны зам” олон улсын форумыг таван жил дараалан сурагчдын хаврын улирлын амралтаар Монгол Улсад, намрын амралтаар Хятад улсын Эрээн хотноо, өвлийн амралтаар ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион явуулж байгаа юм. Энэ удаагийн наадмыг Улаанбаатар хотын Соёлын аялал жуулчлалын нийгэмлэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв ТББ, Улан-Удэ хотын боловсролын газар, Оюун ухааны музей хамтран явуулахаар болсон бөгөөд "Монгени" цогцолбор, 23-дугаар сургууль, “Монгол-Орос” 3 дугаар сургуулиудын багш сурагчид, ОХУ-ын Эрхүү мужийн Байкальск, Вихоревка, Баяндаевск район, Осинск, Улан-Удэ, Северобайкальск, Селенгиск, Прибайкальск, Хятад улсын Эрээн хотын  нийт 250 гаруй оролцогч, зочид төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна.

Соёлын аялал жуулчлалын нийгэмлэг нь өнгөрсөн хугацаанд ОХУ-ын Буриад, Эрхүү, Алс Дорнод Байгалийн бүсийн 50 гаруй сургуулийн 3000 сурагч, багш Монгол улсын 20 сургуулийн 1500 гаруй багш, сурагч болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы сургуулиудын дунд Монгол туургатаны аж амьдрал, зан заншлыг орчин үеийнхтэй хослуулсан тэмцээн, уралдаан, эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэг, үзэсгэлэнг зохион байгуулж иржээ.

Наадамд оролцох хүүхдүүдийн бүтээлээр энэ сарын 23-нд Б.Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх төвд үзэсгэлэн гаргах аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?