КИМ ЖОН УН ГЭРГИЙН ХАМТ БНСУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ УГТАН АВЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргийн хамт Хөдөлмөрийн намын төв байранд БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч, оройн зоог барьсан тухай Хөх ордноос мэдээллээ.

Хатуу чанга дэглэмтэй, коммунист улсын удирдагч түүхэндээ анх удаа өмнөдийн төлөөлөгчдийг намын төв байранд урьсан нь энэ ажээ.

Хоёр талын албаны хүмүүсийн оролцсон хүндэтгэлийн оройн зоог өчигдөр /2018.03.05/ 18.00 цагт эхэлж, дөрвөн цаг гаруй үргэлжилсэн байна. БНСУ-ын Үндэсний аюулаас хамгаалах албаны дарга Чун Е-ён тэргүүтэй өмнөдийн төлөөлөгчид өчигдөр үд дунд Пхеньянд очсон бөгөөд Хойд Солонгосын эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөө зогсоож, АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхийг ятгах зорилготой юм.

Хүндэтгэлийн оройн зоогт Ким Жон Уны эхнэр Ри Соль-жү байлцсан байна. Мөн өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болсон өвлийн олимпод зочилсон Ким Жон Уны дүү Ким Ё Жон ч байжээ.

Талууд хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцсаны дотор хоёр орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудал ч багтсан байна. Хэлэлцээр үр дүнтэй болж, зөвшилцөлд хүрсэн тухай Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлжээ. Гэхдээ уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг нарийвчлан мэдээлсэнгүй. Хөх ордны зүгээс ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Пхеньяныг зорьсон БНСУ-ын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр /2018.03.06/ Хойд Солонгосын төлөөлөгчидтэй дахин уулзалт хийсний дараа нутаг буцах ажээ.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?