МЗЭ-ИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ Т.БАЯНСАН "ХОВДЫН ЦЭЦЭРЛЭГТ" ШҮЛЭГ

Сэтгүүлчийн үг

Төрийн Баянсан

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан 1969 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1986 онд Тэс сумын Таван Улиасны 8-н жил, 1988 онд Улаангом хотын 10-н жилийн 1-р сургууль, 1992 онд Ховд дахь УБДС, 1995 онд МУИС-ийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курс төгссөн.
1980-аад оноос уран бүтээлээ эхэлж "Зүс бүгэг андууд" (1991) хамтын, "Тэнгэрийн цавчилт" (2002) үгүүллэг, "Гуниг шагайх үдэш" (2002) яруу найраг, "Cap гуаглах зүсэм үдэш" (2006) яруу найраг, "Хоосонг идэгч" (2009) үгүүллэг, "Хожмын лаатай уншигдах ном" (2012) яруу найргийн номууд болон хөрөг нийтлэл, сэтгуүл зүй, баримтат уран зохиолын бүтээлүүд хэвлүүлсэн. Түүний туурвисан "Ховдын цэцэрлэгт" шүлгийг DAILYNEWS.MN толилуулж байна.  Хавар цаг айсуй дор сэтгэлд хайр ирнэм. 

ХОВДЫН ЦЭЦЭРЛЭГТ

Охидын инээд сар адил мөнгөлөг гялалзах

Ойрдын шилтгээн Ховдын цэцэрлэгт би ургаж явсан.

Улиасны мөчрөөс соёолж хэдэн хаврыг ширтээд

Уйдангуй эгшгийн хатан сүйх шиг тасарч хийссэн.

Өөр модон дээр хээнцэр бүсгүй цэцэглэдэг байсан.

Өчнөөн шувуу жиргэлдэн үүрээ засах гэдэг байсан.

Өнгө бадрангуй наран цагийн хаш элгийг дэвтээх

Өнцгий нь урж зажилсан бадгууд минь

түүнд очдог байсан.

Шүрэн уулнаа гялавхийх мэт учирсан

мөчирхөн бүсгүй

Шүлэг сонсоод тэргүүнээ сэжин найгадаг байсан.

Голын харгиа, өмнийн мяралзаа хүзүү юуг нь

чимэглэж

Гоолиг алхахуй гэзэг нь зүрхийг шүргэн хөнддөг байсан.

Үзүүрсгэн сэтгэлийн торгон энгэрийг задгайлж

Үе үехэн түүнийг дэвэн нисэх гэсэн юм.

Үснийх нь ширхгийг бусдын дэрэн дээр сөхрүүлэх гэсэн юм.

Үргэлж биш хааяа зүүдлэх гэсэн юм.

Даашинзных нь хормойг засаад нэг үзэх гэсэн юм.

Дараа нь гаргүй юм шиг болох гэсэн юм.

Уучлаарай ч үгүй салж сайхан тэнэглэх гэсэн юм.

Уулзах бүрдээ танихгүй хүн шиг байх гэсэн юм.

Охидын инээд сар адил мөнгөлөг гялалзах

Ойрдын шилтгээн Ховдын цэцэрлэгт би ургаж явсан.

Улиасны мөчрөөс соёолж хэдэн хаврыг ширтээд

Уйдангуй дурлалын хатан сүйх шиг тасарч хийссэн.

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.178.xxx]

    Гоё шүлэг байна даа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?