ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ Э.ОЮУНЫ ЗОХИОЛ “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГ ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Сэтгүүлчийн үг

Төрийн шагналт ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын жүжиг энэ сарын 27-ноос Улсын драмын эрдмийн театрт тавигдахаар боллоо. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/ нар ажиллажээ. Харин гол дүр болох Дорлигийн дүрд О.Гэрэлсүх /СТА/, Дулмаад Н.Баярмаа /СТА/, Сэржмаагийн дүрд Б.Одончимэг /СТА/ тус тус тоглох юм байна.

Уг жүжигт өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн амьдрал, одоо үеийн театрын амьдралыг харуулахыг зорьжээ. Дорлигийн дүрд тоглож байгаа О.Гэрэлсүх /СТА/ 1996 онд тавигдсан “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглож байсан юм. Түүнээс хойш хорин жилийн дараа эргэн тайзандаа дүр бүтээж байгаа нь энэ ажээ.

О.Гэрэлсүх /СТА/ ярихдаа “Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар жүжигт тоглох саналыг тавьсан юм. Тайзан дээр эргэн тоглоно гэж бодоогүй байсан ч баяртайгаар хүлээн авсан. Хорин жилийн дараа тайзнаа эргэн гарахад бэрхшээлтэй зүйл байсан. Театрын жүжигчний ажиллах арга ажиллагаа гэдэг бол өөр байдаг. Гэхдээ дасгал сургуулилтаа хангалттай сайн хийж байгаа” гэв.

Харин Дулмаагийн дүрийг бүтээсэн Н.Баярмаа /СТА/ хэлэхдээ “Дулмаа гэх жирийн монгол бүсгүйн дүрд тоглож байна. Жүжиг маань гэр бүлийн харилцаа, эрэгтэй, эмэгтэй хүний амьдралд хандах хандлагыг илүү гүнзгий харуулсан. Урлаг нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхийг эрмэлзсэн. Эрэгтэй хүн амьдралыг тэр чигт нь удирдах ньюанс эмэгтэй хүнд ч байгаа гэдгийг бүтээсэн дүрээсээ олж харсан. Энэ жүжгийг ирж үзээд нэгийг бодоод гараарай хэмээн хүсэж байна” гэлээ.

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар ярихдаа “ Ардын жүжигчин Э.Оюуны урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж энэ гайхамшигт зохиолыг тайзнаа амилууллаа. Ардын жүжигчин Э.Оюун гуай театрын ёс зүйг яс баримталдаг байсан. Аливаа урлаг өөрөө сахилга бат, дэг журам дээр суурилдаг. Тэгж байж сайн уран бүтээл төрдөг юм. Дэг жаягтай байхын цаад ухаан нь хүн байх асуудал юм. Уран бүтээлч өөрөө хүн байх ёстой” хэмээн онцлон дурдсан юм.

Энэ жил Ардын жүжигчин Э.Оюун, Л.Лувсан /МУГЖ/, Төрийн соёрхолт Г.Гомбосүрэн /МУГЖ/, Б.Лоовой /МУАЖ/, М.Бадамгарав /МУГЖ/ зэрэг алтан үеийн уран бүтээлчдийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж. Улсын драмын эрдмийн театраас ойд зориулан ирэх дөрөвдүгээр сард СУИС-тай хамтран Э.Оюун гуайн амьдрал уран бүтээл, театрын асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний хурал, арван хоёр сард ахмад уран бүтээлчдийн арга ажиллагааг судалж илтгэл тавихаар төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг гуравдугаар сарын 10-ыг хүртэл тоглогдох аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?