МОНГОЛЫН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫГ ХАРУУЛСАН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ

Сэтгүүлчийн үг

Монголын улс төр болон хувьсгалын түүхийг харуулсан “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.


МАН-ын үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ой, “Эх орончдын өдөр”-т зориулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Монголын уран зургийн галерейн захирал А.Янжив нар оролцлоо. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголд төдийгүй Төв Азид анхдагч болж, ард түмний захиалга, хүсэлтээр байгуулагдсан улс төрийн ууган хүчин МАН-ын намын 97 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ бол зөвхөн МАН-ын баяр биш, энхийн цагт эх орныхоо хөгжлийн төлөө хөлс хүчээ урсгасан бүх ард түмний баяр юм. Тийм ч учраас энэ өдрийг “Эх орончдын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон. Алдаа оноо ээлжилсэн 97 жилийн түүхийн нугачаанд явж өдийг хүрснээс Монгол Улсын тусгаар тогтнолоо хамгаалан авч ирж чадсан нь хамгийн том ололт амжилт юм” хэмээсэн юм.



БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Улс төрийн ууган хүчнийхээ хувьд МАН улс орныхоо бүх цаг үеийн түүх, Монголын ард түмний бүтээсэн баатарлаг үйлсийг хойч үеийнхэндээ танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх ёстой. Тийм учраас МАН-ын 97 жилийн ойн босгон дээр БСШУСЯ, Монголын уран зургийн галерей хамтран Монголын улс төрийн болон Монгол орны түүхийг харуулсан уран зургийн үзэсгэлэнг нээж байна” гэдгийг хэлсэн юм.



Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн 4000 гаруй үзмэр хадгалагдаж байдаг аж. Эдгээрээс хувьсгалын түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, хувьсгалын гол төлөөлөгчдийг харуулсан 70 гаруй шилдэг үзмэрийг “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэнд дэлгэж үзэгчдийн хүртээл болгоод байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?