Д.НАЦАГДОРЖ "ХАВАР" ШҮЛЭГ

Сэтгүүлчийн үг

Хавар цаг ирлээ. Уншигч Танд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн Дөрвөн улирал хэмээх бүлэг шүлгийн Хавар шүлгийг толилуулсу.

Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?