ХЯТАДЫН ТАМИРЧИН ХОЁР УДАА УРАЛДААНААС ХАСАГДЛАА

Сэтгүүлчийн үг

“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр /2018.02.14/ зургаа дахь өдрөө үргэлжилнэ. 

Өвлийн спортын сонирхолтой төрлүүдийн нэг шорт-трек. Тамирчнаас хурд хүч, авхаалж самбаа гаргахаас гадна тактикийн уралдааныг зөв хуваарилах зэрэг олон зүйл шалтгаална. Багахан алдаанаас болж, зарим тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болдог. Тийм харамсалтай зүйл олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, БНХАУ-ын шорт-трекчин Хан Тинюүд тохиолдлоо. Тэрбээр өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 1000 метрийн урьдчилсан гараанд алдаа гаргаж, хагас шигшээд үлдэж чадсангүй. Нийт найман гарааны гараа бүрээс хоёр тамирчин цааш өрсөлдөх эрхийг авах байсан.

Хан Тинюү зургадугаар гараанд гараагаа тэргүүлсэн ч шүүгчид бичлэгийг дахин үзэж, нягталснаар түүнийг уралдах явцдаа алдаа гаргасныг тогтоосон. Ингээд тэр хасагдаж, энэ гараанд гуравдугаар байрт шалгарч, цааш өрсөлдөх эрхгүй болоод байсан БНСУ-ын Со И Ра хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. БНХАУ-ын тамирчны алдаа солонгосчуудад томоохон боломжийг олголоо.

БНХАУ-ын алдарт шорт-трекчин Хан Тинюүгийн техникийн алдаа үүгээр дуусаагүй. Тэрбээр тэмцээний эхний өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд болсон 500 метрийн уралдааны финалд шалгарсан ч уралдааны явцад багийн андын хамт унаж, хасагдсан юм.

Ийнхүү шорт-трекийн төрлийн тэмцээн талдаа орох энэ үед БНХАУ-ын найдлага хүлээлгэж байсан тамирчин Хан Тинюү хоёр удаа техникийн алдаанаас болж, хасагдлаа.

Түүний хувьд одоо 500 метр болон багийн уралдаанд оролцох бөгөөд энэ төрлийн уралдаан хоёрдугаар сарын 20, 22-ны өдрүүдэд болно. 

 
 

 
 
 
 
 
 
 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?