УБТЗ-ЫН ДАРГА Д.ЖИГЖИДНЯМААГ АТГ ШАЛГАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

УБТЗ ОХУ-аас тус бүр нь нь 620 000 рублийн үнэтэй хойд хөршид ашиглалтаас гарсан вагон оруулж ирэх гэрээ хийжээ. Гэрээг 2017 оны есдүгээр сарын 20-нд УБТЗ нийгэмлэгийг төлөөлөн түүний дарга Д.Жигжиднямаа, “Максбридж ложистик” компанийг төлөөлөн Елена Титова нарын байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд эхний ээлжийн 200 вагон манай улсад ирж, засвар үйлчилгээг хийжээ. Гол нь уг 200 вагон нь Зам тээврийн сайдын тушаалыг зөрчсөн бөгөөд нийлүүлэгч нь ОХУ-ын биш Доминиканы оффшор бүст бүртгэлтэй байгууллага юм.Тиймээс Д.Жигжиднямаа дарга АТГ-т ХОЁР өөр хэргээр шалгагдаж байна.

Монголын төмөр замаар тээвэрлэх ачаа жилээс жилд нэмэгдэж, УБТЗ ачааллаа дийлэхгүй хэмжээнд ажиллаж байгаа гэдгийг эх сурвалжууд баталж байгаа. Тиймээс УБТЗ нийгэмлэг ОХУ-аас 1000 вагон авах гэрээ хийгдэж эхний ээлжийн 200 вагоныг хүлээн аваад байгаа аж. УБТЗ-ын харьяа Дархан болон Зүүнхараа дахь вагон депод уг вагонуудын будахыг нь будаж, засахыг нь засаад дуусаж байгаа гэнэ лээ.

Зассан хүмүүсийн нэг нь “200- гаад вагоныг засаж дууссан. Тэдгээрийн явах эд анги нь гайгүй, ачаа ачдаг хэсэг нь бол нэлээд эвдрэлтэй, хуучин муу гэж хэлж болохоор ч юм байсан. Оросууд хугацаа хэтэрсэн вагон хэзээ ч хөдөлгөөнд оролцуулдаггүй. Манайх хөрөнгө мөнгөгүй учраас хүний хаях гэж байгаа, хуучин муу юмыг авч засаж будаж байгаа юм”гэв.

Мөн төмөр замын өөр нэг эх сурвалж “Ер нь бол хуучин юм гэдэг хэцүү л дээ. Бичиг баримт дээрээ 1994-1995 он гэж буй ч 1980-аад оны сүүлчээр үйлдвэрлэсэн вагон ч байгаа л гэсэн. Зарим нь арай ядан явж ирсэн юмнууд ч бий. Төмөр замын бүх зүйл хугацаатай байдаг. Вагоны дугуй л гэхэд тусдаа стандарттай. Гэтэл орж ирсэн вагонууд элэгдэж, муудсан, хөдлөх анги нь авах юмгүй болсон нь ч байна лээ. Өнөө, маргаашдаа гайгүй явлаа гэхэд хэдэн сарын дараа нэг л өдөр аюултай нөхцөл байдал үүсэхийг байг гэхгүй. Ийм вагонд ачаа ачаад явж байгаад осол, эндэгдэл гарахад хэн хариуцлага хүлээх вэ. Сайдын тушаал зөрчсөн эрхтэн дархтан лав үгүй байх. Чанаргүй засвар үйлчилгээ хийсэн гээд вагон засварын албаны хэдэн хүн хариуцлага хүлээх л болов уу” гэдгийг хэлж байлаа.

Тэгвэл ОХУ-ын төмөр замд ашиглаж байсан 1000 вагоныг “Максбридж ложистик” гэх Домниканы оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан авч байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь Зам, тээврийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмыг зөрчиж байгаа. Тодруулбал ЗТХЯ-ныхан сайдын дээрх тушаал хүчинтэй гэдгийг баталсан. Гэтэл уг журмын 4.1.3-т “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 (гуравны нэг)-ээс хэтрэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин вагонууд оруулж ирсэн аж. Монголд орж ирж байгаа вагонуудын үйлдвэрлэсэн хугацаа нь 1994- 1995 оных. Уг нь вагоны нас 22 байх ёстой ч манайд “хадан гэртээ” очих дөхсөн буюу 23-24 жил болж байгаа вагон орж ирж байгаа бөгөөд тэдгээрийг сайдынхаа тушаалыг зөрчиж байж ЗТХЯ-наас вагонуудад улсын дугаар, гэрчилгээ өгсөөр байгаа аж.

ОХУ-д ашиглагдахаа больсон 1000 вагоныг оруулж ирэх гэрээ 2017 оны есдүгээр сарын 20-нд үзэглэгдсэн. Худалдан авагч тал буюу УБТЗ нийгэмлэгийг түүний дарга Д.Жигжиднямаа, “Максбридж ложистик” компанийг төлөөлөн Елена Титова нар гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээнд зааснаас үзвэл ОХУ-аас авч буй вагон нэг бүр нь 620 000 рублийн үнэтэй гэж байгаа.

Тиймээс ОХУ-аас шууд авч болох вагоныг гадаадын байгууллагаар дамжуулсан, ашиглалтын хугацаа нь дууссан вагон оруулж ирж байгаа нь мөнгө завшсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас хоёр ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Тодруулбал, УБТЗ-ын даргаар ажиллаж байгаа Д.Жигжиднямаад 2017 оны есдүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, мөн оны арван нэгдүгээр сарын 7-нд дээрх зүйл заалтын дагуу 170200173 дугаартай эрүүгийн хоёр ч хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Түүнийг гэм буруутай бол шүүх нь яллах биз. Буруугүй бол прокурор нь хэргийг нь хаана. Харин ашиглалтын хугацаа нь дууссан хуучин вагонууд аваар осол битгий гаргаасай, олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө бүү хохироосой гэж залбирч суухаас өөр аргагүй л боллоо…
УБТЗ-д өрнөж буй сэжигтэй үйлдлүүдийг бид цувралаар хүргэх болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.187.xxx]

    Идэж уусан нь байнга гарч байх юм. Хурдхан шалгаад хурдан зайлуулаачээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?