ОРОСЫН ЦӨМИЙН ЭРДЭМТЭД НУУЦААР БИТКОЙН ОЛБОРЛОЖ БАЙГААД БАРИГДАВ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Саратов хот дахь Холбооны Цөмийн Судалгааны Төв нь өндөр хүчин чадалтай супер компьютерууд ажиллуулдаг, нууц байгууламжид тооцогддог юм.

 

Энд Зөвлөлт Холбоот Улс анхныхаа атомын бөмбөгийг бүтээж, Нобелийн шагналт, алдарт физикч Андрей Сахаров 20 жил ажилласан гэдэг.

Онцгой нууц байгууламж тул эндхийн супер компьютеруудыг интернэтэд холболгүй, офлайн горимд ажиллуулдаг байна. Гэтэл тус төвийн мэргэжилтнүүд эдгээр хүчирхэг машинуудыг интернэтэд холбож, биткойн олборлоход ашиглаж байгаад баригджээ.

Биткоин зэрэг крипто валютуудыг олборлоход математикийн нарийн түвэгтэй бодлого бодох хэрэгтэй болдог тул өндөр хүчин чадалтай компьютер шаардагддаг юм.

Мэдээж супер компьютер ашиглавал олзны хэмжээ их байх нь тодорхой. “Төвийн компьютеруудыг хувийн зорилгодоо, тодруулбал крипто валют олборлоход ашигласан хэргийг илрүүллээ” гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Интерфакс агентлагт мэдээлжээ.

Холбогдсон мэргэжилтнүүдийг Холбооны Аюулгүй Байдлын албанд шилжүүлсэн байна. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх төлөвтэй байгаа юм. Саровын судалгааны төвд 20,000 хүн ажилладаг ба суперкомпьютерийнх нь багтаамж 1 Петафлоп хүрдэг гэнэ.

Энэ нь секундэд 1,000 их наяд үйлдэл хийх хүчин чадал гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Interfax, BBC



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?