NBC СОЛОНГОСЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЛАА

Сэтгүүлчийн үг

Баасан гарагт болсон Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтийг АНУ-ын NBC Sports суваг шууд дамжуулахдаа Солонгосчуудыг үл хүндэтгэсэн агуулгатай тайлбар хийж, ноцтой алдаа гаргасан байна.

 

Тус сувгийн хөтлөгч Жошуа Күпер Рамо Японы тухай тайлбарлахдаа “1910-1945 оны хооронд Солонгосыг эзэлж байсан орон. Гэхдээ Японы соёл, технологи, эдийн засгийн нөлөө улс орныг нь хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг бүх Солонгосчууд хэлж чадна” гэжээ.

Рамогийн энэ тайлбар Өмнөд Солонгосын иргэдийг бухимдуулж, тэд хэдэн арван мянгаараа NBC сувгийн фэйсбүүк хуудсанд эсэргүүцлээ илэрхийлцгээсэн байна.

Тэд Японы колоничлол тус улсад гай гамшиг, зовлон бэрхшээл авч ирсэн, Рамо шиг боддог Солонгос хүн маш цөөхөн гэцгээжээ.

Мөн тэр өдөр NBC Sports бас нэг алдаа гаргасан юм. Тэд дэлгэцний нэг хэсэгт олимпийн нээлтийн ажиллагаа болж буй газрын нэрийг үзүүлэхдээ “PyeongChang, North Korea” гэсэн байна. Өөрөөр хэлбэл Пёнчан хотыг Хойд Солонгосын хот гэж үзүүлжээ.

Өчигдөр буюу Бямба гарагт NBC сувгийн захиргаа уучлал гуйсан мэдэгдэл гаргасан байна. Тэдний мэдэгдэлд “Баасан гарагт бид улс орнуудын жагсаалын үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэг Өмнөд Солонгост олимпийн нээлтэд оролцохоор ирснийг тайлбарлахдаа ’тэрээр 1910-аас 1945 оны хооронд Солонгосыг эзэлж байсан Япон улсыг төлөөлж байна. Гэхдээ Японы соёл, технологи, эдийн засгийн нөлөөгөөр улс орон нь хувиран хөгжсөн гэдэгтэй бүх Солонгосчууд санаа нийлнэ’ гэсэн юм. Энэ нь Солонгос хүмүүсийг доромжилсон утгатай тайлбар болсныг бид ойлгож, уучлал гуйж байна” гэжээ.

 

Эх сурвалж: Korea Times, MSN



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?