БУРХАНЫ ШАШНЫ ТУХАЙ

Сэтгүүлчийн үг

Бурханы шашны тухай эхлэн ойлгоход үгийн язгуур үндсийг ухан ойлговол нэн тустай. Тиймээс “Бурхан” ба “шашин” гэх хоёр үгийн язгуур гарвалыг авч үзье.

  1. Бурхан хэмээх нь Буддха гэсэн самгарид үгийн монголжсон дуудлага юм. Энэ тухай академич Д.Цэрэнсодном самгарид хэлний дараалж орсон хоёр “д” үсэг “р” авиагаар дуудагдах тохиолдох байдаг байна. Ийм учраас “Будда” хэмээх үгийг “Бурхан” хэмээн монголчилон дуудаж заншсан бололтой хэмээн тэмдэглэжээ. Бүр нарийн тодруулбал, самгаридаар Buddha (буддха), түвдээр Санжаа буюу “санваа”, “жайва” гэх хоёр салаа үгний нийлбэр буюу монголоор “арилсан”, “дэлгэрсэн” гэсэн утгатай. Чухам юу нь арилж, юу нь дэлгэрсэн хэмээвэл “муу сэтгэлийн хир арилж”, “эрдэм билгийн гэгээ дэлгэрсэн” гэсэн өргөн утга санааг агуулах ажээ.
  2. Харин “шашин” хэмээх нь дорно дахины ёсонд “Шасана” гэсэн самгарид гаралтай үг бөгөөд монголоор “заах, засах” хэмээх буюу муу сэтгэлийг засаж муу заяа болон сансраас аврах гэсэн утгатай.
  3. Энэ бүгдээс үндэслэн үзвэл сэтгэлийн сөрөг муу зан чанарыг засан ариусгаж, эрдэм мэдлэгийн гэгээг гийгүүлэн төгс боловсорч гэгээрсэн бодгалийг “Бурхан” хэмээх бөгөөд тэрхүү Бурхан гэгээний номлосон сургаал номлолыг “Бурханы шашин” хэмээн нэрлэж байна. Хүн төрөлхтөн түүхэнд ийм зам мөрөөр гэгээрсэн бурхан бол Сиддхартаа Шагжаамүни юм.

Тэрээр НТӨ буюу өдгөөгөөс 2500 гаруй жилийн тэртээ хутагт Энэтхэгийн Шагжаан язгуурын Судадана буюу Ариун идээт хааны хөвгүүн болон мэндэлж бага наснаасаа хааны ордонд хан төрийн эрдэмд суралцан амьдарч байгаад байгаад 29 насандаа хааны ордныг орхин буяны мөр хөөн аглаг зэлүүд Ниранзана мөрний хөвөөнөө зургаан жил хатуужил үйлдэн 35 насандаа бурхан болж гэгээрчээ. Ийнхүү төгс гэгээрлийн хутгийг олсон мөчөөс эхлэн 46 жилийн турш тасралтгүй хүн төрөлхтөний төлөө сургаалаа айлдсан билээ.

Эцэст нь хэлэхэд Бурханы шашин нь хүмүүн биднийг зовлонгоос гэтэлгэж амар амгаланд хүргэх гагц зам мөр гэдгийг хэлэх байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?