ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИГЧДИЙН 40 ХУВЬ АЖИЛГҮЙ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Манай улсын хэмжээнд жил дунджаар 40 гаруй мянган оюутан их, дээд сургууль төгсдөг ч тэдгээрийн 17 мянга нь эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Их, дээд сургууль төгсөгчдийн 60 хувь нь бизнесийн удирдлага, багш, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн мэргэжлээр суралцдаг аж. Үүнээс шалтгаалж эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт боловсон хүчний илүүдэл үүсч дээд боловсролтой ажилгүй залуусын эгнээ улам өргөжсөөр байгаа юм. 

 

Хувийн өмчийн их, дээд сургууль төгссөн 10 хүн тутмын дөрөв нь бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалаврын диплом авчээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тооцолгүй боловсон хүчин бэлтгэж байгаагийн илэрхийлэл юм. Дунджаар 8-10 сая төгрөгийн төлбөр төлж дээд боловсрол эзэмшээд, ажилгүйчүүдийн эгнээг тэлж буй энэхүү тогтолцоог хэзээ шинэчлэх вэ?

 

Их,дээд сургууль төгсөгчдийн:

 

60.9 хувь нь – Эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг

 

16.3 хувь нь – Эрхэлсэн тодорхой ажилгүй

 

22.3 хувь нь – Эдийн засгийн идэвхгүй хэлбэрт

 

Их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мэргэжил эзэмшсэн байдлаар нь авч үзвэл барилга, архитектурын мэргэжил эзэмшсэн залуучуудын 83.2 хувь нь, компьютер, анагаах ухаан, физик, хими, биологи, газар зүй, математик, нийгэм, эдийн засгийн мэргэжлийн чиглэлээр төгссөн залуусын 70 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна.

 

Дээд боловсролтой ажилгүй залуучууд их байгаа нь сургалтын чанартай холбоотой

 

Их, дээд сургууль төгсөгчдийн 11.7 хувь нь мэргэжлийн ур чадвар дутсанаас ажлын байрны шалгуурт тэнцдэггүй байна. Мөн 22.2 хувь нь ажлын байрны хомсдлоос шалтгаалж дипломтой ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Энэ нь мэдээж нэг мэргэжлээр хэтэрхий олон залуусыг сургасантай холбоотой. Хөдөлмөрийн зах зээл дээр боловсон хүчин бэлтгэдэг 97 их, дээд сургууль Монгол улсад бий. Тэдний зарим нь зөвхөн сургалтын төлбөр авахын төлөө үйл ажиллагаа явуулж бакалаврын дипломыг шалгуургүй шахам тарааснаас  мэргэжилдээ эзэн болж чадаагүй, чадваргүй залуучууд ажил олгогчдын шалгуурыг хангахгүй байна.

 

Мэргэжил эзэмшсэн 10 залуу тутмын 4 нь сургуулиа төгсөөд дунджаар нэг жил гаруйн хугацаанд ажилгүй явдаг гэсэн судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт гаргажээ.

 

Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа эхний 20 ажил, мэргэжлийг эрэмбэлэхэд:  

 

Барилга, үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан
Цэвэрлэгч
Угаагч үйлчлэгч
Засалчин
Шаварчин
Худалдагч
Оёдолчин
Эм найруулагч
Тогооч
Мужаан
Цахилгаанчин
Нягтлан бодогч
Барилгын инженер
Хийн хоолойн инженер зэрэг мэргэжил оржээ

Эх сурвалж www.wikimon.mn

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?