"ХҮМҮҮС ФЕЙСБҮҮК СҮЛЖЭЭНИЙ УРТ ХУГАЦААНД ҮЗҮҮЛЭХ СЭТГЭЛЗҮЙН НӨЛӨӨЛӨЛД САНАА ЗОВЖ ЭХЭЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Honest Data судалгааны компани саяхан АНУ-ын 2,000 иргэнийг оролцуулсан санал асуулга явуулж, Америкийн нийгэмд хамгийн муу нөлөө үзүүлж байгаа компанийг нэрлүүлжээ.

Компаниудын жагсаалтад Marlboro, Walmart, Facebook, McDonald’s, Coca-Cola багтсан бөгөөд тэднээс зөвхөн нэгийг сонгох ёстой байв.

 

Үр дүнд нь Фэйсбүүк хамгийн муу нөлөөтэй компаниудын хоёрдугаарт, зөвхөн тамхи үйлдвэрлэгч Marlboro-гийн дараа оржээ. Судалгаанд оролцогчдын 43 хувь Marlboro, 27 хувь Facebook, 21 хувь McDonald’s, 18 хувь Walmart гэж хариулсан байна. Харин 36 хувь нь эдгээр компаниудын аль нь ч биш гэж хариулжээ.

 

Honest Data компанийн гүйцэтгэх захирал Тэвис Макгин судалгааны үр дүнд гайхаж байгаагаа Linkedin хуудсандаа илэрхийлсэн байна. “Хүмүүс Фэйсбүүк сүлжээний урт хугацаанд үзүүлэх сэтгэлзүйн нөлөөлөлд санаа зовж эхэлжээ” гэж тэр бичжээ. Улс төржүүлж талцуулах, донтуулах, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, амиа хорлолт, хүчирхийлэл зэрэг үзэгдлийг хориглолгүй үзүүлэх зэрэг сөрөг нөлөөг нь сүүлийн үед Америкчууд өргөнөөр шүүмжлэх болсон юм.

 

Марк Зукерберг ч энэ байдалдаа дүгнэлт хийж, 2018 онд үйлчилгээгээ засаж, сайжруулахаа амлаад хэд хэдэн арга хэмжээ авч эхлээд байна. Саяхан тэд хүмүүсийн News Feed жагсаалтад медиа сувгийн мэдээллийг багасгах арга хэмжээ авсан юм.

 

Үүний үр дүнд Фэйсбүүкийн хандалт буурч, хүмүүсийн өдөрт зарцуулах цаг нь 50 сая цагаар буураад байгааг саяхан Марк Зукерберг мэдээлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?