С.ЭРДЭНЭ "МАЛЫН ХӨЛИЙН ТООС" ӨГҮҮЛЛЭГ

Сэтгүүлчийн үг

Сэнгийн ЭРДЭНЭ "МАЛЫН ХӨЛИЙН ТООС"

 

Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон юм шиг уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ.

Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө.
Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл
униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавилаа.
Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөө нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагшаа гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтлаа.
Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийнх нь хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийнх нь дорой буурайг сануулах мэт болно.
Бүсгүйн сэтгэл ийнхүү догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхээр баруунтайгаас хүрэлцэн ирэх тууварчдын магнайд учралт хүн нь буух ёстой байлаа.
Тэгээд ч өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндийн урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байсан. Энэ удаа ч гэсэн гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь үхэр цайран багширч, тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдлээ. Энэ бүхнийг харангуут танхил царайт бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогоширонгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэлээ.
Тэгээд гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдүүдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж, идээ будаагаа зэхээд, гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдлээ.
Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж, ханын нүдээр зам ширтэж суулаа. Удсан ч үгүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж, цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхийг нь харвал Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ нь л угтаж гарсан байлаа.
Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад, хойш урагшаа холыг харж, хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хүрч ирээд, - За Чанцаал, сайн сууж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа түвшин инээмсэглэл тодруулж, дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны нарыг шингээж, салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогслоо.
Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх баясах хослон байгч бүсгүйн зангаар гирэвшингүй харж, "- Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм" гэлээ.
Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч, хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж, шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан хоёр завьжаараа савируулан залгилаад, гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан, - Үгүй яах вэ? Энэ жил ажил явдал урагштай хө. Өвгөн чинь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг аваад байгаа. За тэгээд сайшаалгана гэдэг ч дээ санааных биш, зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн муу өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаалгаад буцдаг хэрэг ээ хө. За даа тэгээд зам өлзийтэй, ажил урагштай байдаг ч тэгээд аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухад үнэндээ гажуу буруу явсангүй. Тэгээд ч угтаж золгоод, үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм байна шүү дээ хө" гэж шилбэлзэн суулаа.
Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан, нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан , хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж, урсгал хар нүднийх нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар, - Үгүй Чанцаал! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг ямар баралтай биш дээ. Гээд ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ, Чанцаал? гэхэд нь Чанцал баахан тулгамдаж "-Тийм ээ, үгүй тэгээд тэр хүн чинь ... гэтэл - тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд, "-Яах нь вэ, хүүхдүүд ирлээ" гээд булт үсрэн зайллаа.
Балбар тэсч ядан инээсээр ор луу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байна. Хоёр хүү ээжийнх нь орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогслоо.
Балбар өндийж ар суганаасаа савхин түриийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж, - Үгүй Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз дээ? Миний хоёр хүү нааш ир, май энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одлоо.
Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалыг оройн саалиндаа гарсан хойгуур нь хувцас хунараа тайчиж ор дэвсгэрийг нь тавтайяа эзэгнэжээ.
Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо: - За Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн нэг хэдэн юм ирнэ. Үгүй яахав, газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх юу нь муу байх вэ. Тэгээд ч чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм байна билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй, аан хэ хэ. Өө чи заавал очно шүү гэлээ.
Маргааш өглөө нь Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад хоёр хүүгээ ундаалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж, нэгдлийн адуунаас ноогдсон хөгшин хүрнээ эмээллэн мордлоо.
Тэгээд тууварчдын буусан зүг сажлуулжээ явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж, хэлсэн амласан нь үнэн болж, хүлээж мөрөөдсөн амьдрал нь маань биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ л хүний зэрэгтэй өсгөж, сургуульд оруулж бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй, төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахааргүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр ээ. Намайг бодох юм бол ухаантай, чадалтай эр хүн уужим сэтгэл гаргаж, хөөрхий хоёр үрий минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар хүүхдэд их элэгтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү" гэх зэргээр олныг бодож явлаа.
Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэр бол Балбарынх мөн. Дэргэд нь бараан өнгийн хоёр майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний бололтой эмээлтэй морьд байна. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшсээр гэрт оров.
Чанцалын орж очиход Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа. Балбар Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн,
- Ээ ашгүй чи хүрээд ирэв үү. Би эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. За даа тэгээд малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр ямар олон тохиолдох юм биш дээ. Алив Сугар гуай хонио төхөөрөх үү дээ гэхэд Балбартай хамт яваа тууварчин бололтой аяншиж гундсан ядрангуй царайтай нэг өвгөн гадагш гарч мөчийн дотор амжууллаа. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзлаа.
- Эрүү Дамба гэж нутгийн хижээл эр хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдлаа. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонхнууд гэрийн хаяанд жирийтлээ хэвтэх ажээ.
Удсан ч үгүй хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч өвгөний майханд орлоо. Өвгөн ч бас архинаас хувь хүртсэн болохоор онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,
- За хүүхээ чи наашаа суу. Би чамд санаснаа хэлье. За ер нь бэлтэй чадалтай цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ. Энүүнд бол гомдох юм алга. Аа харин малын хөлийн тоосонд дарагдлаа л гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол яахав улаан цурав үр хүүхдээ тэжээх л гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр ямар амьдрах юм биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ. Ай даа мал тууна гэдэг чинь амар ч ажил биш дээ. Хавар эрт ээ гараад л өвлийн эхээр гэрийн бараа харна шүү дээ. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн яахав амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтлээ гажрах вэ.
- Гэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ. Би Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай, эр чадалтайдаа эрдэж, хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Уг нь хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Гэтэл хуурмагаар олсон алдар нэр гэдэг чинь алт мөнгө шунал төрүүлдэг нь ёс оо доо. Үгүй хүүхээ Балбарыг чи яадаг болсон гэж санана. Өөрийнх нь ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн түрүүнд тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо.
- Өвгөн ах чинь атаа жөтөө санаж, тэгж амьтны мууг үзэж яваагүй. Тэгэхнээ хээл хахууль авч улсын санг ч хохироодог, мань мэтийг ч хохироодог явдал байна. Балбар яахав дээ идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндэхийн дарга даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж мандаж явдаг нь тэр байхгүй юу. Үгүй одоо сүүлдээ бүр улсын малыг хүртэл хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил бүр арав хорь хүргэх бололтой. Ээ яахав төрийн төлөө оготно гэж бодох юм бол ч эс мэдэгчин болоод явмаар л байна. Үгүй чи нэг жаахан бодолтой байх юм биш үү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Уг нь би бол төрсөн эцгээс нь өөрцгүй хүн шүү дээ. За, үгүй хүүхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар цаадах чинь хотоос нэг хүүхэн аваачсан. Их л эрх танхи л амьтан байдаг юм байна билээ гэж ярихад өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан Чанцал босон харайж: -"-Юу гэнэ ээ, Балбар чинь тэгээд эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөнийг хариу хэлэхээс өмнө гүйн гарлаа.
Даалуучингуудын нэг нь "Гозгор долоо гоохолзож, говийн хүүхэн шоохолзоно оо хө." гэж өндөр дуугаар дуудахад Балбар "Хун галуу нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал, Татлаа, татуулах уу" гэж адтай хашгирлаа. Тэгтэл нөгөө нэг нь "Хэ хэ, хэ Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал гээч" гэж согтуурахад нөгөөдүүл нь бүдүүн нарийн дуугаар хөхрөлдлөө. Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж, шүүрс алдаад гэрээс холдон явлаа. Нар шингэж, цагаан гэгээ туссан үе байлаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?