МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР 26.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛОР БАЙНА.

Сэтгүүлчийн үг

Монголбанкнаас эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. Эдийн засгийн гол үзүүлэлт болох инфляцийн хүлээлт оны эцэст 4.6-8.4 хувь байнэ гэж гарчээ.

Энэхүү хүлээлтийг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд явуулсан судалгаагаар иргэд инфляцийг 2018 оны эцэст 8.4 хувь, ААН-үүд 4.6 хувь, шинжээчид 8.1 хувьтай байна гэсэн төлвийг хэлсэн байна. Түүнчлэн иргэдийн хувьд ирэх 12 сарын хугацаанд  эдийн засгийн байдал сайжрах төлөв ажиглагдах хүлээлт байгааг илэрхийлжээ. Улмаар эдийн засаг сайжрахын хэрээр өрхийн санхүүгийн байдалд эерэг нөлөөлнө гэж үзсэн байна.

2017 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын нийт гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 8.9 тэрбум ам.долларын зээлийг ААН-үүд, 6.2 тэрбум ам.долларыг Засгийн газар, 2.3 тэрбум ам.долларын зээлийг банкууд, 1.9 тэрбум ам.долларын зээлийг Төв банк, 7 тэрбум ам.долларыг бусад эх үүсвэрийн зээл  эзэлж буй аж.

ААН-үүд болон банкуудын гадаад зээл өнгөрсөн оны мөн үеэс буурсан бол Засгийн газар, Төв банкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хэмжээ өсөлттэй гарчээ.        

2017 онд арилжааны банкууд 13.4 их наяд төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгосон байна.
 
Үүний  8 хувийг уул уурхайн зээл,  21 хувийг цалин, тэтгэвэр, 14 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 13 хувийг жижиглэн болон бөөний худалдааны, 10 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 9 хувийг барилгын зээл тус тус эзэлжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл буурах төлөв ажиглагдаж буйг Монголбанкнаас онцлов. Тодруулбал Чанаргүй зээлийн үзүүлэлт 8.5 хувь байгаа бол хугацаа хэтэрсэн зээл 6.1 хувь байна. Хугацаа хэтэрсэн зээл багасаж буй нь иргэд ажилтай, орлоготой болж  буй нь нөлөөлжээ. Зээлийн хүүгийн  дундаж буюу төгрөгөөр 18.8 хувь байгаа  бол валютынх 11.6 хувьтай байгаа аж.

Ипотекийн зээл авч буй иргэдийн 70  хувь нь 2011 оноос хойш барьсан орон сууц худалдан авчээ. Харин 30 хувь нь 1991-2010 оны хооронд ашиглалтад орсон орон сууц худалдаж  авдаг гэсэн судалгаа гарсан байна.

Найман хувийн хүүтэй ипотекийн зээлд 93 447 иргэн хамрагдсан бөгөөд нийт 4.3 их наяд төгрөгийн зээл  олгосон дүн мэдээ гарчээ.

Хугацаа хэтэрсэн ипотекийн зээл 1.8 хувьтай гарсан бол чанаргүй ипотекийн зээл 1.8 хувийг эзэлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?