Хон Хэрээдийн Б.Энхбат: БИ ХЭРВЭЭ ШОРОНД ОРООГҮЙ БОЛ ЭЛБЭГДОРЖ ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ БАЙСАН

Сэтгүүлчийн үг

Хон хэрээд овогт Б.Энхбат шоронгоос гарч ирснийхээ дараа анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Охиныхоо найз залууг хөнөөсөн хэргээр цаазын ял сонсож, улмаар чанга дэглэмтэй шоронд амьдралынхаа 10 жилийг өнгөрүүлсэн энэ эрийн ертөнц ямар байдаг бол. Түүнтэй ярилцаж байх зуур асуухыг хүссэн асуултууд минь үүрд хариултгүй үлдэж болох байсан гэх бодол толгойд харваж, зарим хэсэгт айдас жихүүдэс, зарим хэсэгт омог бардамнал төрж байсныг нуух юун. Харамсал харуусал, ухаарал, үзэн ядалт, өрөвдөл, бишрэл хүндлэлийг нэгэн зэрэг үүтгэн байж ярилцсан тэрслүү бөгөөд үнэн халуун ярилцлагаа уншигчдадаа хүргэж байна. 

-ШОРОНД ӨНГӨРҮҮЛСЭН 10 ЖИЛ БОЛ МИНИЙ ХАМГИЙН САЙХАН ОН ЖИЛҮҮДИЙН НЭГ ХЭСЭГ-

 

-Таны бие тэнхээ сайн уу? Ингэхэд хэзээ хэцүү нэрт”-ээс гараад ирэв ээ?

-Эхэлсэн бүхэн төгсөх тавилантай. Шоронгийнхны нэг хэлц үг байдаг юм. Хуйхтай үс ургаж, хугацаатай ял дуусна гэж. Би миний гаргасан алдаанд Монгол төрөөс өгсөн ялыг хуулийн хүрээнд эдлээд л гараад ирлээ. Анх надад Монгол төрийн нэрийн өмнөөс “цаазын ял” өгөхөд би амь гуйгаагүй. Улмаар тэр “цаазын ял”-аа хорин таван жил болгоход би бас л дуугараагүй. 25-н жилийнхээ таван жилийг гянданд “яс цоож”-онд суулгана гэхэд нь би суугаад л гарсан. Яагаад гэвэл, хүн төрийн ёсыг зөрчиж гэмт хэрэг хийсэн бол түүнийхээ хариуцлагыг үүрч чадах ёстой. Надад өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгаанууд байдаг ч гэсэн би нэгэнт л алдаа гаргасан хүн. Хэрэв тэр үед намайг цаазална гээд цаазалсан бол би эсэргүүцэхгүй байх байсан. Төр ямар ял өгнө, түүнийг нь би үүрнэ. Түүнээс биш хэдэн хонзонтой хүн намайг яллаж байгаа биш, Монголын төр намайг ялласан гэж би ойлгодог. Монголын төр намайг ялласан шигээ одоо энэ хүнийг суллах цаг боллоо гээд л сулласан гэж би ойлгосон.

-Таныг яагаад суллагдчихав гэж гайхах хүмүүс бас байх шиг. Хугацаанаасаа өмнө суллагдсан гэдэг утгаар?

-Би “хүн мөнх тэнгэрийн дор төрөөд, төрийн дор амьдардаг” гэдэгт итгэдэг. Төрийг ойлгоё гэвэл түүний шийтгэлийг ч, шагналыг ч ойлгож сурах хэрэгтэй. Монгол төр гэдэг бол төрийн эрх барих өндөр албанд түр залрах хувь тохиосон хүний нэр төр бол аминаас ч илүү үнэтэй биш шүү дээ. Төр гэдэг чинь бүхэл бүтэн өөрийн гэх “сүнслэг орчинтой” оршин байдаг зүйл. Хүнээр жиших юм бол “сүнслэг бие”-гүй хүн ердөө л махан бие, араг яс төдийхөн. Түүнтэй адил төр гэдгийг төрийн өндөр албанд түр  орж ирсэн Ц.Элбэгдорж, Х.Баттулга... гэх мэтийн хүмүүсийн гадуур нь бүрж бий болгож өгдөг тэр “сүнслэг ертөнц” нь гэж ойлгож болно. Төр гэх тэр “сүнслэг ертөнц” байхгүй бол эд нар хэн ч биш. Тиймээс төрийн “сүнслэг ертөнц”-тэйгээ зөв харьцах хэрэгтэй. Өөрийн оршин буй орон зайд ноёрхох төрийн “сүнслэг орчин”-тойгоо зөв нэгдэж, зөв амьдарч чадаж байгаа хүн бол аз жаргалтай сайн сайхнаар түлхүү бялхсан хорвоог туулдаг. Монгол төрийн “сүнслэг орчин” намайг хамгаалж байсан учир би тэр хахир хатуу айхтар савнаас ингэж эрүүл энх гарч ирсэн гэж ойлгодог. Яагаад гэвэл, хүний хорвоогийн буруу зөвийг хамгийн эцсийн шатанд төр л дэнсэлж шийднэ. Монгол төрийн тэр дэнсэн дээр миний хувь заяа шийдэгдсэн. Түүнээс биш Женко Баттулга Ерөнхийлөгч болоод, намайг гаргасан юм биш шүү дээ.

-Та өөрийгөө зүй ёсны шийтгэлээ хүлээсэн гэж боддог уу?

-Би нэг л юм боддог. Алдаа хийсэн бол хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Би Монгол төрийн өгсөн шийтгэлийг л хүлээж авсан. Түүнээс биш “Надад цааз өгчихлөө” гэж хэн нэгэнд гоншигнох шаардлага байгаагүй. Би алдаа хийсэн нь үнэн л юм чинь. Би одоо боддог ш дээ. 1937 онд Монголын тэр мундаг мундаг агуу хутагтууд ном эрдэм чадлаараа алуулахгүй, хядуулахгүй, зугтчихаж чадах байсан. Зарим нь ийм хядлага болох гэж байгааг бүүр өмнө нь мэдчихсэн л байсан шүү дээ. Гэтэл тэд төр мэдэх болтугай гээд л толгойгоо тавьж өгөөд, бурханы орон руу явцгаасан. Яагаад гэвэл, энэ улсыг тусгаар авч явахын тулд төрд золиос хэрэг болсон. Өөр арга байгаагүй. Төр шийдсэн зүйлийг иргэн хүн хэн боловч сөрөх ёсгүйн нотолгоо энэ. Би цаазын ял сонсоод шүүхийн танхимаас гарахдаа авгайдаа “Төр намайг цаагаатгах өдөр ирнэ ээ” гэж хэлж байсан лээ. Сэтгэл санааны хүнд шоконд байхдаа тийм үг миний амнаас гарна гэдэг би төрдөө яаж итгэж ирсний илрэл. Тэр бол Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж гэдэг хүнд итгэж байсан тэр итгэл биш. Би Монгол төрийн өндөр албанд томилогдсон  эдгээр хүмүүсийг бүрхэж байсан тэр сүнслэг орчин нь болох төрдөө итгэж байсан.

-Зарим хүн таныг охиныхоо өмнөөс зориуд ял үүрсэн ч гэж цуурдаг юм билээ. Тийм байх боломжтой юу?

-Чи “Ворошоловын мэргэн бууч” гэж кино үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Охиныг нь хүчиндсэн залуусыг буудаж алдаг өвгөний тухай гардаг шүү дээ?

-Яг тэрэнтэй адил хэрэг сая гадаадын нэг хүчирхэг улсад бас гарсан байна лээ. Охиныг нь хүчиндсэн залууд шүүхээс хөнгөн ял өгөхөд охины аав нөгөө залуу руу шууд хутга шидээд алчихсан. Шүүх хурлын танхимд шүү дээ. Тэгэхээр эцэг хүнээс ийм байх боломжтой юу гэж асуух нь утгагүй хэрэг.

Миний хэргийн тухайд гэвэл би хүүхэд байхаасаа л гэмт хэргийн ертөнцөд амьдарсан. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн газраасаа мөрөө яаж баллан зайлах, хуулийн байгууллагын өмнө гэмт хэргээс яаж бултан мултрах вэ гэдэгт нэлээн сайн суралцсан. Намайг шоронд орсон хойно сонин, хэвлэлээр янз бүрээр л бичсэн байна лээ. Би хамгийн сүүлд 1987 онд шоронгоос гарахад миний энэ охин гурван настай над дээр ирсэн. Ээж нь орхиод яваад өгсөн. Тэгээд л би охиноо хүн болгох гэж архи тамхинаас гарч, гэмт хэргийн ертөнцөөс зай барьж, хулгай дээрэм хийх, хүн зодохоо ч больсон доо. Эр хүн ганцаар эмэгтэй хүүхэд өсгөх гэдэг маш хэцүү, хамгийн хүнд ажил юм билээ. Тэр дундаа мань мэтийн хүн алж, хүрээ талахаас сийхгүй зантай танхай эрчүүд өнчин охиноо өөр дээрээ аваад өсгөнө гэдэг бол бас л их сонин ойлголт шүү.

-Таны төрсөн охин юм уу? Би хэвлэлээс дагавар охин тань гэж л уншиж байсан юм байна.  

-Миний өөрийн төрсөн охин байлгүй яахав. Намайг шоронд орохын өмнө төрөөд, гарч ирэхэд гурван настай байсан. Тэгээд ээж нь орхиод яваад өгсөн. Хүмүүс манай авгайн дагавар охин гэж ойлгоод байдаг байхгүй юу. Намайг шоронд суугаад гарч ирэхэд охины маань ээж өөр хүнтэй суучихсан байсан. Би шил архи өвөртлөөд очлоо. Тэгсэн чинь нөхөр нь айгаад орон доогуур орчихоод гарч ирдэггүй ээ. Татаж гаргаж ирээд хамт сууж, тал шил архи хувааж уугаад “За, миний охинд сайн эцэг болоорой. Би та хоёрын амьдралыг үймүүлээд яахав” гэж хэлсэн. Би нөхрийг нь цохиж унагаагаад авгайгаа аваад гарч болох л байсан. Ингээд охиноо нэг үнсчихээд гарах гэтэл миний араас учиргүй мөлхөөд ирж байгаа юм. Тэгмэгц миний нүднээс нулимс аяандаа цийлэгнээд... Би охиноо тэнд нь орхиж чадаагүй. Тэр үед би шоронгоос тавьж өгдөг хөвөнтэй ногоон хувцастайгаа явж байсан. Түүнийхээ энгэрт охиноо нөмөрлөн тэврээд л, цасан шуурганаар гараад алхчихаж билээ. Би охиноо хүн болгох гэж зүтгэсээн, зүтгэсэн. Тэгээд охиндоо сайн ээж олж өгөх гэж би нэлээн олон жил хөөцөлдсөн. Тэгж явж явж, одооныхоо энэ ханийг охиныхоо ээж болох юм байна гэж итгэж суусан. Би алдаагүй. Тийм учраас миний өөрийн охин байхгүй юу. Хүмүүс үүнийг ойлгодоггүй. Мань мэт шиг ийм азарган чонотой адил ааш зантай хүмүүс өөрийн охиныхоо төлөө л номхорч чадна. Хэрэв би чоно байгаад миний бэлтрэг рүү анчин буу шагайх юм бол өмнүүр нь давхиж ороод үхнэ. Түүнтэй адил миний охин шоронд орсонд орвол би буудуулж үхсэн нь дээр.

-Охиныхоо өмнөөс ял үүрсэн гэдэгт та тодорхой хариулахгүй юм. Одоо нэгэнт ялаа эдлээд гараад ирчихсэн юм чинь яг юу болсныг үнэнээр ярьчихаж болохгүй юм уу?

-С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлд оруулаад байгаа шиг энэ бол миний хувийн нууц л даа. Олон жилийн дараа задрах нууц. Миний хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч алагдсан, энэ хэргийн нууцыг мэдэж байсан нэг биш хүн цаг бусаар нас барсан, түүний дараа энэ хэрэг дээр ажиллах гэж зориглосон нэг өмгөөлөгч зодуулаад эрэмдэг болсон гээд ярьвал их юм бий. Миний хавтаст хэрэг дээр бүгд л байж байгаа. Тэгэхээр хожим нууц нь илэрвэл тэр л биз. Түүнээс биш би одоохондоо юм ярих шаардлага байхгүй. Би эцэг хүнийхээ үүргийг 100, бүр 200 хувь биелүүлж чадсан гэж бахархдаг. Амьдралдаа хийсэн сайн үйлүүд байдаг бол оргил нь миний энэ арван жил ял эдэлсэн үйл.

 

-БИ ТЭР ХҮҮГ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ БАЙСАН УЧРААС АЛААГҮЙ-

 

-Та нарийн ярих, дурсахыг огт хүсэхгүй байх л даа. Гэхдээ тэр өдөр чухам юу болсон юм бэ?

-Тухайн хэрэг явдал гарсан тэр үед бол надад талийгаач хүүгийн амь насыг бүрэлгэх ямар ч бодол байгаагүй. Автын аваар гэхэд жишээ нь ихэнх тохиолдолд машин барьж байгаа хүн “Би хүн дайръя” гэсэн бодолгүй байдаг. Тэрэн шиг л хэрэг л дээ. Тийм ч учраас би талийгаач хүүгийн амийг аврах гээд Цэргийн госпиталд хүргэж өгсөн. Талийгаач шөнө 23 цаг өнгөрч байхад амьсгал хураасан байдаг. Харин би 20 цагийн үед хүргэж өгсөн. Энэ хооронд тэр хүний амийг аварч болох байсан. Тодорхой бүлэг хүмүүс тэр хүүхдийн амийг аврахыг хүсээгүй юм шиг байна лээ. Хоёрт ямар ч юманд задлах хэрэггүй нууц гэж байдаг. Энэ хэрэг бол миний хувьд задлах хэрэггүй л нууцууд. Тэр залуугийн амь насны хэрэг уг нь золгүй осол байсан юм. Өөр юу гэхэв.

-Одоо хүртэл таниас асуухыг хүссэн асуулт Монголын ард түмэнд бий. Тэр залуу Хятадын эрлийз байсан нь түүний амиа алдах шалтгаан гэж үү? 

-Талийгаач монгол залуу байсан шүү дээ. Би ганцхан юм хэлэхэд талийгаач хүүгийн өвөө нь миний аавтай их дотно найзууд байсан. Нутгийнхаа хүүг би муу хужаагийн эрлийз гээд буудах уу. Талийгаач хүүг би тухайн үед хужаа мужаа, эсвэл хятадаар ярьлаа гэж уурласан юм байхгүй. Аливаа зүйлийг ойлгох хэцүү. Үзэн ядах амархан. Энэ дашрамд талийгаачийн аав ээж, ах дүү нараас дахиад уучлалт гуйя. Би яг 2006 онд өөрийн нэг төрсөн хүүгээ бусдын гарт алуулсан хүн. Тиймээс амин хайртай хүүгээ бусдын гарт алдах гэдэг ямар хэцүү болохыг би мэднэ.

-Яагаад Монгол залууг эрлийз залуу гэж үндэсний үзэл рүү наасан юм бол?

-Харин их сонин байгаа биз. Тэр цаг үед өөрийн үндэсний үзлээсээ болоод би олон хүний зам дээр тээг болж явсан хүн. Гадаад, дотоодын олон хүн намайг өөрсдийнхөө замаасаа зайлуулахыг хүсэж байсан. Надад цаазын ял оноох үйл хэрэгт тэдгээр хүмүүс хуйвалдаж оролцсон байдаг. Би үүнийг мэднэ. Гэхдээ би үүнийг яриад байх шаардлага байхгүй. Би чамд ганцхан жишээ хэлье. Би талийгаачийг амьд байхад нь цэргийн эмнэлэгт хүргэж өгөөд,дараа нь өөрөө цагдаад очиж хэргээ хүлээсэн. Тэгэхэд шүүгчнадад цаазын ял өгсөн.  Гэтэл тэр шүүгч миний хэргийн дараа бас нэг хэргийг шүүсэн. Тэр  ямар хэрэг вэ гэхээр гудамжаар явж байсан охиныг цохиж унагаад, гэртээ оруулж хүчиндээд, ухаан оронгуут нь цохиж ухаан алдуулаад шуудайд хийгээд жорлондоо хаясан залууд тэр эмэгтэй шүүгч найман жил хорих ял өгсөн. Энэ шүүгчийн үйлдлээс л та нар хар л даа. Дээрээс нь миний хэрэг дээр ажиллаж байсан прокурор энэ хэргийн дараа Гавьяат цолоор шагнуулсан. Миний хэрэг дээр ажилласан шүүгч нар Улсын Дээд Шүүхийн шүүгч нар болсон. Миний хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч нар АТГ-ын том дарга хийгээд явж байна. Энэ чинь нэг юм хэлнэ биз дээ.

-Үүний цаана яг ямар учир нуугдаж байна гэж та боддог вэ. Үндэсний үзэлтнүүдийг нухчин дарах бодлого үнэхээр байдаг гэж үү?

-“Үндэсний үзэл”-ийн цаана асар олон эрх ашгууд хамгаалагдаж байдаг юм. Жишээ нь газар нутаг, тусгаар тогтнол, элдэв эдийн засгийн хожоотой холбоотой ашиг сонирхол гэх мэт. Элдэв луйварчид аль нэгэн улс орны газар нутаг, эд баялгийг нь залилан авахын тулд, өөрсдийнхөө ашиг сонирхлоо хангахын үүднээс тухайн улс орны үндэсний үзэлтнүүдийг нь эхлээд дарж устгадаг юм. Манай Монгол улсын тухайд гэхэд элдэв луйварчид үүнийгээ өнгөрсөн хугацаанд маш сайн хийсэн дээ. Миний эзгүй байх арван жилд энэ төр засаг Хятадын эрлийз, хурлийзуудаар дүүрч, тэд санасандаа хүрсэн байна. Тэд Монголд үндэсний үзэлтэй хүн байлгахыг хүсэхгүй, айж байсан, одоо ч айж байгаа... Монголын үндэсний үзлээс айдаг хоёр гүрэн байдаг. Дэлхийг айлгадаг гуравхан гүрэн бий. Америк, Хятад, Орос. Тэдний хамгийн хүчирхэг хоёр нь Монголоос айдаг байхгүй юу. Орос, Хятад хоёр Америкаас айдаггүй юм шүү дээ. Японоос айдаггүй, Европоос айдаггүй. Харин Монголоос айдаг... Орос Хятад гэсэн энэ хоёр улсын түүхийн бараг 40-50 хувь нь монголчуудын түүх байдаг. Дээрээс нь энэ хоёр улсын эзэмшиж буй газар нутгийн 50-иас илүү хувь нь монголчуудын газар нутаг. Тэдгээр газар нутаг дээр монгол угсаатнууд одоог хүртэл амьдардаг. Тэгээд бодохоор Монголын үндэсний үзэл гэдэг бол энэ улсуудын хувьд аюул байхгүй юу даа. Монголчуудын үндэсний үзэл хорь гучин хүнээс халиад нэг дэлгэрээд эхэлвэл буриад, тува, халимаг ,өвөрмонгол, цахар, уйгар, барга хүмүүс бүгд омогшино. Гэхдээ одоохондоо Оросоос буриадаа авна, Хятадаас өвөрмонголчуудаа авна гэж ярих хэрэггүй. Харин хойд, урд хоёр хөршдөө Монголчууд бид хүндлэгдэж л амьдрах ёстой. Үндэсний үзэл, үндсэрхэг үзлийн ялгаа нь энэ. Үндэсний үзэл нь энэ хоёр хөрш рүү дайсагнасан үзэл барьдаггүй. Үндсэрхэг үзэл бол Хятад, Орос хоёрт дайсагнаж, үзэн ядах хандлагатай. Би үндсэрхэг үзлийг дэвэргэхээс болгоомжилдог. Эсрэгээрээ үндэсний үзлийг дэлгэрүүлэхийг хүсдэг.

-Гэтэл хүмүүс болохоор таныг хэт үндсэрхэг этгээд гэдэг шүү дээ?

-Тийм л дээ (Инээв). Би үндсэрхэг үзэлтэн байсан. Одоо бол өөр. Хүн үндсэрхэг үзлийн шатыг дамжиж байж үндэсний үзэлтэн болдог. Миний үндсэрхэг үзлийг дамжсан цаг хугацаа бол 1980-аад оны дунд үеээс 1990-ээд оны дунд үе хүртэлх хугацаа. 1996 оны Энхбат бол үндсэрхэг үзлийн оргил байсан. Ард түмэн намайг тэр үеэр минь төсөөлдөг. Тэрнээс хойш улам гэгээрээд, улам хөгжөөд үндсэрхэг үзлийн шатыг даваад үндэсний үзэлтэн болсон. Хүн болгон үндсэрхэг үзэлтэй байх үеийг дамжидаг. Өөрөөрхэлбэл, эмэгтэй хүн болгон хүүхэд нас, охин насыг дамждагтай л адил. Эмэгтэйчүүд бүгд тэгж байж хүүхэд төрүүлэх насанд хүрдэг.

Би үндсэрхэг үзлээр өвчилсөн таван залуугийн хамт Даяар Монгол хөдөлгөөнийг анх 1985 онд байгуулж, шударга ёс, эх орныхоо төлөө тэмцэж эхэлсэн. Бид омголон догшин, юу ч хийхээс буцахгүй, хүн алж хүрээ талахаас буцахгүй залуус байсан. Тэр үеэс л би монголчуудын түүхийг, Монголын газар нутгаа хамгаалж, тууштай тэмцэж эхэлсэн дээ. Тийм учраас надад үндсэрхэг үзэлтэн болж явсан үе бий. Би үүгээрээ ч бахархдаг. Хүн оршин тогтноход гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт орон зай буюу газар нутаг, хоёрдугаарт хоол унд, гуравдугаарт сексийн соёл. Тийм учраас би соёлт хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу “улс төрийн онолч” бол Модун Шанью хэмээн үздэг. Модун Шаньюгийн түвшинд хүрэх нэг ч улс төрийн онолч манай дэлхийд байхгүй. Улс үндэстэн оршин тогтнохын үндэс бол газар нутаг юм гэж томьёолж байсан улстөрч түүнээс өөр төрөөгүй. Хүн төрөлхтөний түүхэн дэх бүх л дайн тулаан газар нутгийн төлөөх тэмцэл байсан. Хүн төрөлхтөн газар нутгаа тэлэх, эсвэл газар нутгаа хамгаалахын төлөө л өөр хоорондоо тулалдаж ирсэн. Үндэсний үзэлтэй байна гэдэг бол өөрөөсөө өмнөх бүх үеийн өвөг дээдсийнхээ үлдээсэн зүйлүүдээс алдаа оноог нь шигшиж, алдааг нь давтахгүй, ариун дагшин зүйлүүдийг нь орхилгүй өвлөж аваад, цааш улам хөгжүүлэн амьдрах чадварыг эзэмшиж байж үндэсний үзэлтэн болдог. Өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу соёлыг өвлөж авч чадахгүй бол хэзээ ч үндэсний үзэлтэн төрөхгүй. Улс гүрэн ч хөгжихгүй. Яагаад гэвэл, тухайн улсын газар нутаг дээр олон зуун жил болсон өвөг дээдсийн нь үлдээсэн соёл л тэнд амьдрах хүмүүст тэр орчинд дасан зохицох чадварыг олгодог. Манай монголчууд чинь улс төрийн ухаан, эдийн засгийн ухаанаараа бол дэлхийд хосгүй үндэстэн байхгүй юу. Хүн төрөлхтөн 21-р зуун хүртэл шийдэж чадаагүй олон зүйлийг монголчууд аль эрт шийдсэн байдаг. Жишээ нь, хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ орон байрны асуудлыг шийдэж чадахгүй өдий хүрлээ. Тэгэхэд монголчууд үүнийг шийдээд өчнөөн зуун жил болж байгаа. Өвөг дээдсийнхээ хэлсэн “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” гэдэг үгийг ойлгох хэрэгтэй. Энэ юу гэсэн үг болохыг чи мэдэх үү?

-Мэднэ ээ. Бидэнд өгөгдсөн боломж гэж бий. Түүнийхээ хүрээнд л...?

-Үгүй ээ, биш биш. Бидний хөнжил хэр томыг чи эхлээд мэдчих хэрэгтэй. Хэр том гэж бодож байна?

-Дажгүй том уу?

-Дажгүй биш ээ. Бүр агуу том. Манай өвөг дээдэс дэлхийг бүтээсэн хөнжил дотор хөлөө тийчилж байсан улс. Ази, Европыг нөмөрсөн хөнжил дотор тийчилж явсан хүмүүс байхгүй юу. Өнөө цагийн Монголчууд энэ хөнжлийн хэрээр хөлөө тийчлэх ёстой болохоос тэр ойлголт одоогийн энэ сая таван зуун километр газар нутгаараа хэмжигдэх учиргүй. Монголчууд агуу үндэстэн байсан бол, чи тэр агуу амьтны зулзага л юм бол чи агуу л байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв чи бүргэдийн өндөг бол тахианы өндгөн дунд дарагдаж өссөн байлаа ч нэг л өдөр тэднийг хаяад тэнгэрт дүүлж гарах ёстой. Бид агуу ард түмний үр хойч. Одоохондоо монголчууд бид тахианы дэгдээхэйнүүдэд адлуулсан нугасны муухай дэгдээхэй байж болно. Хүн төрөлхтөн биднийг нэг муу дэгдээхэй гэж харж байна. Гэтэл энэ дэгдээхэй сайхан бүргэд болоод нисэх ёстой юм. Хүн төрөлхтөний өрсөлдөөн хүний олон, цөөндөө байдаггүй юм аа. Олон хав нийлж, нэг чоныг барьж идсэн удаа байхгүй. Монголчууд цөөнөөс цөөн гарз гарна гэдэг зарчмаар өрсөлдөөнд ялж ирсэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [66.181.160.xxx]

    дэмжиж бна, үндэсэрхэг үзэлтэн, үндэсний үзэлтэн 2 өөр шүү, улам их юм уншаарай. гэгээрээрэй. Ном их унш, ялангуяа түүхийн номууд унших хэрэгтэй

  • Зочин

    Zochin [150.129.140.xxx]

    Sov saihan amidraarai. Eruul enhiig hushe.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?