ӨРХИЙН ОРЛОГЫГ ГИШҮҮДЭД НЬ ХУВААЖ ТООЦОХ АРГА БИЙ

Сэтгүүлчийн үг

Бид орсон борооны хойноос цув нөмрөх дуртай хүмүүс. Гарцаагүй аминд тулаагүй л бол гүндүүгүй монгол зангаар үл тоомсорлосоор хоолойд хутга тулгах хүртэл амар жимэр байдаг хачин зантай. Хагас жил гаруйн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан татварын нэмэгдэл хэдхэн хоногийн дараа үйлчилж эхлэх гэнгүүт л ухаан оров. Үйлдвэрчний эвлэлүүд цагаан хоолойгоо барьж, нийгмийн сүлжээний идэвхтнүүд төрийг зүхэн байж ядна. Ядарсан ард иргэдээ боловсон дээрэмддэг хомхой төр гэх зэргээр дайрч давшилсаар. Анх хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэхээр ярьж байх үед өөрсдийн эрх ашгаа хамгаалж эсэргүүцсэн бол өнөөдөр ингэтлээ бухимдаж, уурсахгүй байлаа. Харин бизнесээ бодсон маншины ченжүүд хэвлэлийнхний үгийг сонсож чихээ онгойлгож, татварын нэмэгдлийг болиулж амжсан.

ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЗУГТАЖ ЭХЛЭВ

“Энэ хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсанаас хойш бизнес эрхлэгчид зүгээр суугаагүй. Эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаа тул дахиад хуурамч тайлан гаргадаг компаниудын тоо л өсөх эрсдэлтэй байна. Эсвэл 1.5 саяас дээш цалинтай бол хоёр компани дээр дансалж, тооцдог муу арга хэрэглэнэ гэдгээ ч компаниуд эхнээсээ хэлж байгаа. Зарим нь бүр ийм буруу арга хэрэглээд эхэлчихсэн гэдгээ ч мэдэгдсэн” хэмээн МҮХАҮТ--ын Ерөнхийлөгч Б.Лхагважав өгүүлэв. Ийнхүү “хашхирах” хугацаа нь оройтсон гэдгийг ойлгосон зарим нь бүр татвараас зугтана гэдгээ ил цагаан дэлгэж яваа аж. Орлого сайтай хэсэг нь бусдаасаа илүү татвар төлдөг шаталсан тогтолцоо цөөнгүй оронд бий. Манай улсад ч энэ нь шинэ зүйл биш. 2003-2006 онд хувь хүний орлогын албан татварыг 10-30 хувийн шатлалтай авдаг байсан нь сайн үр дагавар авчраагүй. ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэлээс иргэд ч тэр, албан байгууллагууд ч тэр аль болох зугтаж, хоёр данс хөтлөх нь хэвийн үзэгдэл болсон тийм л үе байлаа.

Харин 2015- 2016 оны татварын шинэчлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд нууц хөрөнгөө ил болгож, нэмүү өртгийн албан татварын орлого ч үлэмж нэмэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, хоёр тайлан нэг болж, далд зах зээл ил гарч эхэлсэн. Зөвхөн энэ оны 11 дүгээр сарын байдлаар НӨАТ-аас улсын төсөвт 1.2 их наяд төгрөг орж ирэв. Гэвч арай гэж гэрэлд гаргасан далд эдийн засаг татварын огцом нэмэгдлийн гайгаар ахин харанхуй нүхэндээ шургалах нь. Эдийн засагч Х.Батсуурь “Татварыг шаталсан хэлбэрээр нэмэх нь аль ч улс оронд байдаг л үзэгдэл. Гэхдээ илүү орлого олж байгаа нь илүү татвар төлдөг сэтгэлгээ, хандлага манайд төлөвшөөгүй байна. Бас нөгөө талаас нь дүгнэвэл 1.5 саяас дээш орлогод 25 хувь хүртэл төлнө гэдэг огцом, өндөр хэмжээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

ЭХИЙГ НЬ ЭЦЭЭЖ, ТУГАЛЫГ НЬ ТУРААХГҮЙ БАЙХ БОЛОМЖ

Хэдийгээр иргэд ниргэсэн хойно нь ийнхүү хашхирч, бүр татвараас ил цагаан зугтахаар зэхэж буй ч энэ шийдвэр нүдээ олоогүй, зарим иргэдэд шударга бус хандсан өөрчлөлт гэдгийг үгүйсгэх аргагүй. Цалингаас суутгах татварын нэмэгдэл хүн амын 4-5 хувийг хамрах ч дундаж давхаргын нэн эмзэг хэсгийнхэнд хамгийн хүнд ачаа болох төлөвтэй. Тухайлбал, хөдөө хөхөрч, гадаа гандаж он цагийг элээсэн уул уурхайн салбарынхны 80 орчим хувь буюу 37.3 мянга, эрчим хүчний салбарынхны 46 хувь буюу 7.5 мянган хүний төрд өгөх татвар өсөхөөр болчихоод байна. Түүнчлэн, ХХОАТ-ын нэмэгдлийг зөвхөн цалинтай ажил хийж буй 130 мянга гаруй хүнээс авч, малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй бусад 308.6 мянган иргэнийг хамруулаагүй нь шударга бус юм. Ийнхүү татварыг шатлан нэмснээр арилжааны банкнаас найман хувийн орон сууцны зээлд хамрагдсан 92 мянган өрх зээлийн дарамтад орж, шинээр байранд орох гэсэн хүмүүсийн мөрөөдөл талаар болох нь. Учир нь найман хувийн орон сууцны зээлд хамрагдах бол сард төлөх зээлийн хэмжээ нь тухайн өрхийн орлого бүх татвар, шимтгэлээ төлөөд гар дээр ирдэг мөнгөний 45 хувиас багагүй байх ёстой билээ.

 

Харин энэхүү шаардлагыг хангах хэсэг нь байртай болсон гэж үздэг бөгөөд, одоо урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй, орлогын хэмжээ нь зээл авахад хүрэхгүй байгаа хэсэг үлдсэн гэдгийг шинжээчид хэлж буй. Мөн ипотекийн зээлтэй иргэд байрныхаа төлбөрт илүүчилдэг мөнгөө татварт өгөх болж байна. Цаана нь хүүхдийн сургалтын төлбөр, хадгаламж, аялал амралт гээд хүний амьдралын чанарт зайлшгүй байх ёстой зүйлүүд бий. Тэгвэл шинэ оны эхнээс энэ талаар бодоод ч хэрэггүй болж байна. Үүнээс гадна иргэдийн халаасыг тэмтчин байж авч буй энэ татварыг юунд, хэрхэн зарцуулах гэж байгаа нь сонин. Сангийн дэд сайдын “Халамж хүртээхийн тулд татвар нэмэхээс аргагүй” гэж хэлснээс үзвэл нийгмийн халамжид цацах төлөвтэй. Төсвийн тогооноос асар том шанагаар хутгаж, халамжид цацдаг бодлого ирэх жилүүдэд ч ийнхүү өөрчлөгдөхгүй нь нэгэнт тодорхой болов. Тэгвэл одоо хэрхэх вэ. Засгийн газар ХХОАТ, НДШ-ийг нэмэх шийдвэрийг ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу гаргасан. Тиймд тус хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүйгээр энэ маргааныг шийдэх гарцыг МҮХАҮТ санал болгож байна. Олон улсад иргэнд татвар ногдуулахдаа орлогыг нь гэр бүлийн гишүүдийнх нь тоонд хувааж тооцдог хүмүүнлэг жишиг байна, ЭРХЭМ ТҮШЭЭД ЭЭ.

 

Польш улсад гэр бүлийн хоёрын орлогыг дунджаар тооцдог бол АНУ-д тухайн гэр бүлийн 16-аас дээш насны бүх гишүүдэд хувааж, тооцдог байна. Хэрэв энэ мэт өөрчлөлтийг ХХОАТ-ын тухай хуульд оруулж чадвал ганцаараа гэр бүлээ тэжээдэг, ачааны хүндийг үүрч яваа иргэд энэхүү шаталсан нэмэгдлээс хасагдах боломжтой болох юм. 1.5 сая төгрөг гэдэг бол манай улсын амьдралын өртөгтэй харьцуулбал их тоо биш. Ялангуяа, ганцаараа гэр бүлээ тэжээдэг хүмүүст бол амьжиргаагаа залгуулах төдий л мөнгө. Хэрэв үүнээс нь төр хумсалбал ядуучуудын эгнээ рүү халтирахад ойрхон, ангалын үзүүр дээр алхаж яваа иргэдээ хайр найргүй түлхсэнээс өөрцгүй болох нь. Хэдийгээр энэ онд манай улсын эдийн засаг сайжирсан ч дундаж давхаргынхан сайн бэхжиж чадаагүй учраас олноороо ядуучуудын эгнээнд шилжиж, манай улсын ядуурлын хэмжээ өссөн. Энэ гашуун түүхийг дахин давтахаасаа өмнө иргэдийнхээ амьжиргааг нэн тэргүүнд тавьж, нэн даруй шийдвэрээ эргэж харах шаардлагатай байна.

Эх сурвалж: 'ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ' СОНИН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?