Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулахыг дэмжжээ

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн мягмар гаригийн 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын ээлжит V хуралдаан болж, Засаг даргаа огцруулах асуудлыг хэлэлцжээ. Арванхоёрдугаар сарын 22-нд эхэлж, хоёр хоног завсарласан тус хуралдаанд нийт 39 төлөөлөгч оролцохоос 36 нь оролцсон байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр тус аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16 төлөөлөгч Засаг дарга А.Гылымханыг "хууль зөрчиж өөртөө хоёр орлогч томилсон, хүмүүсийг ажлаас хууль бусаар халсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, ашиг сонирхлын зөрчилд автагдсан, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэж үзэж, хугацаанаас нь өмнө огцруулах саналыг аймгийнхаа ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьжээ.

Өнгөрсөн мягмар гаригийн хуралдаан дээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өөрийг нь хууль зөрчсөн гэх асуудлуудыг үндэслэлгүй хэмээн няцааж, “Бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй" хэмээн хэлсэн байна.

Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид "аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжих" томьёоллоор санал хураалт явуулж 57,1 хувийн саналаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилуулахыг 55,5 хувийн саналаар тус тус дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс Засаг дарга А.Гылымханыг огцруулах санал гаргасны дагуу хэлэлцэж, түүнийг огцруулах саналыг 100 хувь дэмжсэн ч нарийн бичиг болон дарга нь байхгүй байсан гэдэг үндэслэлээр албан бусад тооцсон байдаг. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?