Монголбанк бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу мөнгөний бодлогын хүү 12 хувь байсан нь 11 хувь болж буурав. Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан билээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын мэдэгдэлд “Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа.

2017 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна.

Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн цаашдын төлөвөөс харахад бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулах шаардлага хэвээр байна.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна” гэв.

Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүд өөрчлөлт орохоор хүлээгддэг. Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд /хатуурах, зөөлрөх/ өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг билээ.

Монголбанкны бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлого баримталдаг.

Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан алгуур нэмж, 2008 оны 9 дүгээр сард 10.25 хувьд хүргэж байв



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?