“Малыш” хэмээх Б.Энхтүвшин: Би Ардчилсан хувьсгалыг санхүүжүүлж явсан хүн

Сэтгүүлчийн үг

-Монгол Улс Ардчилсан хувьсгалынхаа ойг тэмдэглэж өнгөрүүлээд удаагүй байна. Та бол  ардчиллын салхийг сэвэлзүүлэн дарцаг болж явсан 13 партизаны нэг.  Өнөөдөр партизаны үнэ цэнэ гэж байна уу.  Ардчилсан намын   түүх гээд  хуудсыг нь эргүүлэх зүйлгүй болохоор тэдний хэн болохыг  хүмүүс мартаж эхэлсэн?

 

-За, нэгд, бид партизан биш. Партизан гэж хорлон сүйтгэгчдийг хэлдэг юм. Тийм болохоор тэр томъёолол бидэнд тохирохгүй. Бидний гол зорилго  Монгол Улсын  тусгаар тогтнол, эрх чөлөө байсан. Монгол Улсад ардчиллын салхийг сэвэлзүүлсэн хүмүүс нь  би болоод миний найз нар. Тэр үед бид  хөгшин хүмүүс байгаагүй юм шүү.  Хүүхдээрээ шахам амьтад байв.  Миний хувьд   эх орныхоо торгон хилийг манаад үзчихсэн  Зөвлөлтийн хурандаа нартай найзалдаг,  тэдэнд орчуулга хийж өгдөг  сүрхий эр явсан. Уг нь Бабушкин, Голицины сургуулийг төгссөн офицерууд  тэнд байсан л даа. Гэвч над шиг орос хэлийг төгс эзэмшсэн хүн байгаагүй л юм даа.  Тагнуулын сургуульд явах ёстой учраас Өмнөговьд цэргийн алба хааж байсан хэрэг.  Он цагийн тухайд 1978 он. Цагийн байдал тайвангүй,   Вьетнам, Хятадын асуудал түгшүүрийн хэмжээнд очсон тийм үе.  Оросууд байлдааныхаа шинэ зэвсгийг манайд турших гээд маш том хэмжээний олон улсын цэргийн хээрийн сургуулийг манайд зохион байгуулж таарсан. Орос зөвлөх нэг өдөр гахайг  хэрхэн нядалдаг талаар манай офицеруудад ярьж өгсөн ч тэд ойлгохгүй байсан. Харин би ингэж ярьж байна гэж тэдэнд тайлбарлаж өгсөн.  Орос зөвлөх   “Яагаад ийм олон хүн ойлгохгүй байхад чи ойлгоод байгаа юм бэ” гэж гайхаад л. Ингэж л бидний үерхэл эхэлсэн.  Би есдүгээр ангид байхдаа, 15 настайдаа “Правда” сонин  уншдаг байсан юм.  Хоцрогдсон Монголын 18 настай  хүү “Правда” сонины хэллэгээр төгс яриад  тэд гайхалгүй яах билээ. Тэгээд л би сургуульд явалгүйгээр шууд  офицер болсон. Ихэнх тохиолдод намайг зөвлөхийн орчуулагч гэж танилцуулна. Зөвлөхүүд, орос хурандаа нар хаана явна, би тэнд. Тэр үеэс БНМАУ  яагаад Оросын хараат байна вэ, яагаад тусгаар тогтнолоороо байж чаддаггүй юм бол гэх бодол төрсөн. Их удаан хугацаанд  ийм бодол тээсний эцэст нэг л зүйлийг ойлгосон. Монголд биеэ дааж мэддэг нэг ч зүйл байдаггүй юм байна. Сангийн яаман дээр ямар ч төлөвлөгөө зохиогддоггүй юм байна. Монголыг яг барьж байгаа зүйл бол Аюулаас хамгаалахын  төв  аппарат. Өөрөөр хэлбэл, хоёр генерал, 12 хурандаа юм байна гэдгийг ойлгосон л доо.

 

- Асуудал цааш хэрхэн өрнөв?

 

- Удалгүй би Улаанбаатар руу татагдаж, Аюулаас хамгаалах яамны дээд сургуульд орсон. Сургуулийн захирагч нь  манай ээжийн ах Рагчаа хурандаа байсан. Тэр их сүрхий хүн. Төрсөн дүүгийнх нь хүү сургуульд нь сурахаар болж байхад тоох ч үгүй байх жишээний. Өөр хүн бол нүдээрээ ч болов сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ дээ. Тэр хүн хатуу зан чанар, хал нь гаднаа, хайр нь дотроо байдаг  хүнлэг сэтгэл   миний амьдралд их нөлөөлсөн. Хүн ер нь хэн нэгэнд   анхаарал халамж их тавих хэрэггүй юм билээ. Түүний оронд тоохгүй байх нь дээр. Ядаж л бие дааж сурч байгаа юм чинь. Миний ажил амьдралынхаа  гарааг  цэргийн тагнуулчаар эхэлсэн. Тэгэхдээ мэдээлэл авдаг. Цэргийн тагнуулчийн  онцлог нь авсан мэдээндээ итгэдэггүй. Энэ нь надад сонин санагддаг байсан. Асар их чармайлтаар мэдээлэл орж ирж байгаа шүү дээ, урдаас. Гэтэл түүнд итгэхгүй, за энэ төөрөгдүүлэх гэж байна, зориуд хуурч байна, яах гэж ингэж хуурч байгаа юм бол, ямар зорилготой гээд л эрэн сурвалжиж, баталгаажуулах хэрэгтэй болдог. Асуудлын бодит үнэнийг цаг алдалгүй тогтоохын тулд өөрийн эрхгүй   гарц хайдаг. Энэ хандлага намайг өөрчилсөн.  Тагнуулч гэдэг өндөр боловсрол юм байна гэдгийг ойлгосон. Сүүлд Америкт очиж доктор хамгаалахад ч энэ бүхэн хэрэг болсон. Ер нь стандарт гэдэг чинь тэр чигээрээ тохируулга, гарц шүү дээ. Өнөөдөр Монгол Улс яг тэр гарцны зааг дээр ирчихсэн байна.

 

-Та миний анхны асуултад огт хариулсангүй тойруулаад л байх юм. Ярьж болохгүй шалтгаан байна уу? 

 

-Хэдэн хүн оролцоод, хэн хэн юу хийв, яагаад тэд төрийн эрхэнд гарсангүй вэ   гэж үү.  Ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүсээ ангилах   юм бол байдаг л нэгэн урвагчид байсан. Ямар ч  улс төрийн үйл явдал урвагчийн буянаар өрнөдөг.  Одоо ч ялгаагүй. Урвагчид байгаа учраас л улс төрийн намууд дотроо бужигнаад байгаа бус уу.  Тухайн үед Монгол Оросын дагуул улс байсан. Бүтэн 70 жил  ах нарын заасан замаар явсан.   Улс төрийн товчооны гишүүд нь бүгд ЗХУ-ын нууц агентууд.  Бүр  100 хувь шүү. Ийм улсад ардчилал хийнэ гэдэг галзуу солиотой хүний л асуудал. Миний хувьд ингэж явснаас нэг сайхан буудалцаад үхсэн нь дээр юм байна  гэж хүртэл  бодож байсан удаатай.  Яах вэ,  цэргийн ажиллагааны нарийн тактикийг гадарлах болоод тэр.  Байлдааны сэтгэхүйтэй гэх үү дээ. Залуу насаа эргэж бодоход тийм. Би ардчилсан хувьсгалыг тайван замаар хийх юм гэж   ерөөсөө бодоогүй.  Энэ бол тэгж бүтдэг эд биш. Их ширүүн зүйл өрнөнө гээд  хүлээж,  бэлдэж байсан. Биднийг гараад ирэнгүүт   Улс төрийн товчоо тас цохино гэж л бодож байсан. Нэг хоёр цагийн буудалцаан болох болов уу гээд   л бэлтгэж байлаа шүү дээ.  Аз болоход байдаг л урвагч нар гарч ирсэн. Юу ч  болоогүй. Тиймдээ ч бүтэн 27 жил өнгөрөөд байхад ардчилсан холбооны түүхийг хэн ч бичихгүй, ярихгүй байгаа юм.    Энд сүрхий гайхаад юм уу, айхавтар өөрийгөө магтаад байх шаардлагагүй. Бид гунигтай түүхтэй. Үнэн өөрөө байнга таагүй байдаг. Хойд хөршийн нөлөө арилаагүй ч, Монгол Улс эрх чөлөөгөө бүрэн олсон нь л чухал. Аливааг домог юм уу, гойд сайхнаар харах хэрэггүй. Түүний оронд хүлээх хэрэгтэй.

 

Хувьсгалын судлагдахуун нь мөнгө хаанаас гарсан, мөнгө хэнийг хөдөлгөсөн, үр дүнд нь юунд хүрсэн гэдэгт  л байдаг юм. Ардчилсан холбооны санхүүжүүлэгч нь би. Надаас мөнгө гарсан. Би бас азтай.  Хувьсгалын үйл хэрэгт 6000 ам.доллар зарцуулчихаад байж байтал урвалт гарсан учраас цаашид санхүүжүүлэх шаардлагагүй болсон. Хэрвээ тэр үйл явц хожуу явагдсан  бол би байдгаа зарцуулчихаад юун Америк явах вэ, өнгөрөх байсан биз. Тэгээд байсан  12 мянган ам.доллароо өвөртлөөд   эрхэмсэгээр Америк руу ниссэн.  

 

-Хувьсгалаа орхиод уу?

 

-Хувьсгал дараачийн хүний гарт очсон. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүний гарт. Тэр мөнгө Кремлиэс ирсэн. Кремль  бол хэд хэдэн хувьсгалыг хийж чадсан хүчтэй газар. Ямар үед тэдний орж ирэхийг би дэндүү сайн мэдэж байсан. Хэн, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй орж ирээд яах вэ  гэдгийг ч би урьдчилан мэдсэн хэрэг. Тийм ч учраас  үйл явдлыг өдөөсөн. Өдөөсөн учраас тэд  орж ирсэн. Тэд орж ирээд Хувьсгалт намыг аврах операци явуулсан. МАХН аврагдсан. МАХН-тай ижил Ардчилсан нам байгуулагдсан. Болсон үйл явдал гэвэл  ердөө л энэ.   Ард түмнийг жаахан бужигнуулсан байх.   Уг нь Монголын ард түмэн  ардчилъя гэж ярьсан, хүссэн. Үр дүн арай өөрөөр эргэсэн. Гэхдээ бид ардчилалтай золгосон. Ардчилал гэдэг чинь нэг  үйл явдлын дараа шууд тогтчихдог зүйл биш. Ардчилал бол хүмүүнлэг сэтгэл дээр тогтох хамтран амьдрах ухаан. Монголчуудын хамтран амьдрах ухаан бол гарцаагүй Монголын энх тайван. Гоёор хэлэх юм бол Монголын амар амгалан. Монголын энхтайвныг нэн ялангуяа хоёр хөрштэйгээ хийх ёстой.  Монголын ирээдүй их гоёор харагдаж байна. Бид нүүдлийн иргэншлээс суурин иргэншил рүү хүчтэй орох нь байна. Дээхнэ үед бид төсвийнхөө 40 хувийг бүрдүүлж, үлдсэн 60 хувийг Орос бүрдүүлж өгдөг  байсан. Тэгэхэд мөнгө  өгч байснаараа эзэн нь Орос байсан. Өнөөдөр ч  бид төсвийнхөө 40 хувийг бүрдүүлж чадахгүй л  байгаай.  Монгол Улс  төсвөө өөрсдөө бүрдүүлдэг болох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Монгол нэг төсвөөр явахгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Монгол гурвын гурван төсвөөр явна. Дэлхийд ийм бүтэц хаана ч байхгүй. Бид юу ч үйлдвэрлэдэггүй  учраас ингэж л явахаас өөр зам байхгүй.  Хоёр төсвийг нь бүрдүүлж байгаа их гоё зүйл нь Монголын соёл. Монгол юугаараа өөрийн төсвөө бүрдүүлэх  вэ гэхээр  түүх,  соёл хоёроороо. Түүнийг бүтээж туурвих чадвар хэрэгтэй. Би зорилго  тавьсан байгаа. Монгол  Улс 11 сая ам.долларын төсөвтэй болно. Би тун удахгүй Соёлын санг бүрдүүлэх гэж байна. Гэхдээ энэ миний юм биш. Нэг хүн  энэ зэргийн юм хийж чаддагийг л харуулах гэсэн юм.   Одоо бүтээлч хандлагын эрин үе эхэлсэн болохоор би уриална.

 

-Та чухам юу бодож, юунд зорьж Ардчилсан хувьсгалыг хувиасаа санхүүжүүлж байсан юм бэ. Үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулах хүн Та мөн үү?

 

-Та эмэгтэй хүний өнцгөөс, аймхай байр сууринаас харж байх шиг. Миний байр сууринаас харах юм бол би багаасаа зодоонч. Надад зодоонгүй өнгөрсөн долоо хоног байдаггүй.  Одоо бодохоор ямар ёрын хог вэ, нэг долоо хоног зүгээр өнжчихгүй гэж санамаар. Гэхдээ энэ нь миний муугаас биш, жижигхэн биетэй болохоор хүүхдүүд дээрэлхэх гэдэг байсан тул биеэ хамгаалах арга маань байсан юм. Тухайн үедээ би өөрийнхөө тэмцсэн.   Манайх циркийн хажуу талын банкны 84-т.   Манайх гурван давхарт, хоёр давхарт  ангийн хүү байдаг. Бид хоёр хичээлдээ явна.  Орос сургуульд зөндөө монгол  хүүхэд сурч байхад ганцхан намайг зодох гээд өөр  сургуулийнхан хүлээгээд зогсч байдаг байлаа. Хүүхдүүд хичээлээ тараад гэртээ харья гэж гарч ирж байхад, би гараад зодоон хийх болно гэсэн төлөвлөгөөтэй гардаг байсан.  Тэд намайг нэг хоёроороо зодохгүй ш дээ. Бүхэл ангиараа  хүлээгээд зогсч байдаг байсан. Гол шалтгаан нь би их цэвэрхэн хувцасладаг. Тийм болохоор би багаасаа атаархал ямар их хорсол гэж юу  байдгийг мэдэрч өссөн. Би хичээлээс гарангуутаа бүсээ тайлж гартаа ороогоод эргүүлж явдаг байлаа. Харин нэг удаа манай байрны нөгөө хүүг тэд нар оролдсон. Тэр шууд л хутгалаад колони руу явсан. Түүнээс хойш намайг оролдохоо больсон. Яагаад гэхээр би байнга зодолдож явдаг байхад, тэр хүү ганц удаа оролдоход нь шууд хутгалсан болохоор дараа нь Малыш яг хутгалах юм байна гэж айцгаасан хэрэг. Дараа нь аз болж манайх Мангарын байр руу нүүсэн дээ.  Улаанбаатарыг бүхэлд нь атгадаг байр. 50 мянгатын 23 дугаар байр. Би тэр байрны гишүүн учраас хотоороо айна. Тэр үед охинтой үерхэх гэж наад тал нь гурван удаа зодоон хийж байж  гэрт нь очдог байлаа. Байрных нь хөвгүүд харамлана. Намайг хүүхэд байх үед хүн адгуус нохойтой адилхан байсан шүү. Нэг охинд ангиараа, сургуулиараа, хотоороо дурлана. Нэг тийм охинтой уулзах гэж би гурван удаа зодоон хийж очдог байснаа  сүүлд нь хэлсэн. Та нар одоо боль, би ч гэсэн байртай, бүлэгтэй гэж. Тэд ч орхисон. “Муу хүн дайнд хөөрнө” гэж нэг үг байдаг даа. /инээв/ Цэрэгт очоод би эхний өдрөө жагсаалын даргаа зодчихсон хүн ш үү дээ. Дараа нь том  поолинд ороод л. Тэгээд нэг нэгээр нь үзээд л.

 

1989 он гэхэд би өөрийн гэсэн жижиг буутай байсан. Тэгээд би ”Та нар намайг матаад шоронд суулгаад өөрсдөө үлдэнэ гэвэл худлаа шүү. Би духанд чинь сум зоож амжина” гэж хэлдэг байсан.

 

-Тэр бууг хэн өгсөн бэ, орос зөвлөх үү?

 

-Үгүй.  Би чинь цэргийн хүн, тагнуулч эр.  Э.Бат-Үүл “Манай Энхтүвшин хэнээтэй, газрын зураг гаргаж тавьчихаад байлдана гээд  байсан. Танк оруулж ирэх болсон  чинь Малыш эмэгтэйчүүдийг байрлуул гээд байсан” гэж худлаа яриад байсан. Хэнээтэй нь үнэн. Гэхдээ түүний ярьсан шиг юм болоогүй, худлаа. Харин газрын зураг энэ тэрийг гаргах бол энүүхэнд. Тэгээд сурчихсан юмыг чинь яах юм.  Хүмүүс урвах бол энүүхэнд. Амьдрал урвагчдаар дүүрэн. Урвалтгүй үйлдэл гэж энэ хорвоод байхгүй. Хэн урвагч байна, урвагчтай яаж ажиллах вэ гэдэг нь л өөрөө  урлаг.  

 

-Ямар хөзөр атгачихаад Та хувьсгалыг  санхүүжүүлснийг л би сонирхоод байна л даа?

 

-Тусгаар тогтнолыг бүрдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Тэр бол Монголоос хамаарахгүй, Кремлийн үйлдлээс хамааралтай. Монголын хамгийн аюултай зүйл нь  Панмонголизм байдаг. Панмонголизм бий боллоо гэдгийг дуулах юм бол Кремлээс шууд ирдэг байхгүй юу. Аз болоход тэр үед боломж гарсан. Санамсаргүй явж байгаад хоёр өвөрмонголтой таарсан. Тэднийг хуралд оролцуулж, панмонголизм үүсэх гэж байна гэсэн хуурамч мэдээ явуулсаны дараа  Кремль  орж ирсэн. Тэгээд л Ардчилсан холбоог дарах биш, олон намын системтэй болох чиглэлийг  өгсөн.

 

-Тэд гэж хэн бэ?

 

-Мэдээж, оросууд л байхгүй юу. Түүнээс Монголыг тэр чигээр нь дарах бодлого яваагүй  юм шүү дээ. Өөр шаталбарын юм явагдсан.

 

-С.Зориг та хоёр хэдийд танилцсан юм бэ. Хүүхэд байхын танилууд уу?

 

-Тэгэлгүй яахав. Бид 23 дугаар сургуулийнх юм чинь. Би атаман нь. /инээв/ Дээд ангийнх нь ах байхгүй юу. С.Баяр манай нөгөө анги. Эгч дүү гурвуулаа онц сурна. Манай эгч дүү хоёр супер онц сурлагатан. Ням-Осор сайдын хүүхдүүд онц сурна. Магван сайдын хүүхдүүд онц сурна. Ингэж гэр бүлээрээ онц сурдаг хүүхдүүд байдаг юм. Тэгэхээр хүссэн хүсээгүй бие биеэ анзаардаг.  Нэг тийм сэтгэл зүйн онцлог байдаг л даа. Цэргийн сургуульд бүх онц сурдаг хүүхдүүд хоорондоо амь. Би Дотоод явдлын яамны сургууль төгслөө ш дээ. Ч.Амарболдоос эхлүүлээд Д.Ганболд байна, Д.Мөрөн байна, дандаа  онц сурлагатнууд, хоорондоо нэг амьтай. Дээр нь орос сургууль төгссөн нэг симпат байдаг байх. Манай доод талын айл С.Зоригийн хамаатан. Москвад Ломоносовын сургуульд сурч байхад нь би ДЯЯ-ны академид сурч байсан. Манайхаар их ирнэ. Хамгийн сүүлд мань эр  аспирантурт сурч байхад, би яамнаас өргөдөл өгсөөр байгаад  их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ирж, бид хоёрын тушаал хамт гарсан тул   захирлын үүдэнд нэг таарч байсан юм.

 

-Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг улс төрийн сонгуулийн нэгэн сценари байсаар ирсэн. Одоо сүүлдээ улс орныг үндэстэн ястнаар нь талцуулах талбар болж байх шиг. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

 

-Шоундаа биш ээ, бас л гадны нөлөө байгаа. Намайг 2000 онд АНУ-аас ирэхэд Эрүүгийн цагдаагийнхан “Малыш, гурав хоног чамайг цоожилчихьё. Бүх гүйцэтгэх ажлын мэдээллийг өгье. Чи их өөрөөр сэтгэнэ дээ” гэж байсан. Надад уг нь сонирхолтой доо. Гэхдээ би “Үгүй, үгүй. Энэ бол та нарын хийх ажил” гээд татгалзсан. Тэр үед би Ц.Жамьяансэнгээ хурандаатай уулзаж, тодорхой мэдээлэл авчихсан байсан. Энэ хэрэг илрэх нь тодорхой байсан. Сүүлийн арав гаруй жил дандаа л ярьж байна.   Тодорхой хэрэг гэж. Д.Мөрөн ч ярьдаг шүү дээ, холбогдох хүмүүсийг нэрээр нь зааж хэлсэн шүү  дээ. ЭБШХ-ийнхаа процетурыг л дагах хэрэгтэй. Мэдүүлэг өгсөн хүмүүсийг хүндэл. Битгий тэндээс хуудсыг нь татаж ав. Прокурор нь прокурор шиг бай. Тагнуул үүн дээр битгий өөртөө ашиг хонжоо хайх гээд бай. Ийм л юм. Гарцаагүй улс төрийн өнгөтэй боловч байдаг л хэрэг.

 

Үр дагавар гарлаа гээд аль нэг улс төрийн нам хождог асуудал биш. Тэгэх тусмаа аймаг, сумаараа талцах зүйл бүр ч биш. Хулгайч л бол хулгайч шүү  дээ. Эхлээд мөнгө авчихсан хүн чинь шуналын өвчинд орчихож байгаа юм, юманд оролцоогүй хүн чинь оролцсон мэт сэтгэл хөдлөлийн амбицад  автдаг.  

 

-Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёртойгоо хамгийн сүүлд хэзээ уулзав?

 

-Намайг эх орондоо ирэхэд 2000 онд Б.Билэгт, Ц.Энхтүвшин хоёрыг над руу явуулж байгаа юм. Тэд хоёр боодол мөнгө ширээн дээр гаргаж тавиад “За, энэ 10 мянган ам.доллар. Малыш, чи ганцаараа намаас мөнгө авна. Бусад нь мөнгө өгч орно. Чамаас өөр намаас мөнгө авах хүн байхгүй” гэсэн. Арван мянган ам.доллар бол сонгуульд үнэхээр хангалттай санхүүжилт. Тэр чинь 2000 он шүү дээ. Нөгөөх нь 100 мянган төгрөг байсан. Энэ бол Малыш чиний халаасны мөнгө. Сонгууль нь 10 мянган ам.доллар байгаа биз. Халаасных нь 100 мянган төгрөг. Нам өгч байна шүү дээ. Чи намайг санхүүжүүлсэн.Чамаас юм гарсан.  Одоо намаа аваад яв гэж. Би үгүй гэсэн. Ингэж татгалзсандаа би дэндүү бахархдаг. Энэ бол хүний мэдрэмж. Дараа нь би телевизэд ярилцлага өгөхдөө “Талийгаач С.Зоригийн хэрэг илэрсэн цагт би улс төрд орно” гэсэн. Улс төрд орохыг би өөрөө албан тушаал аваад л хэдэн хүнд үйлчлэхийн нэр гэж боддоггүй. Улс төр гэхээр яг зайлшгүй гарцыг харж байгаа юм. Ирснээсээ хойш би 17 жилийн турш боловсролын салбарт тасралтгүй ажиллалаа. Үзүүлэлтээрээ дэлхийд эхний гуравт явж байна. TOFIL ,  96 оноо гэдэг чинь  тийм ч амархан эд биш. Азид тэргүүлж байгаа нь 84 оноотой байгаа. Гэтэл бид тэдэнтэй өөрсдийгөө жишихгүй байна шүү дээ. Европтой л харьцуулж байна. Тун удахгүй үүнийг тогтолцоо болгочихно. Дэлхий дээр мөнгө эргүүлдэг гурав дахь салбар нь боловсрол шүү дээ. Эхнийх нь кино, хоёр дахь нь хөгжим. Тэгэхээр Монгол дэлхийд боловсролоор тэргүүлнэ л гэсэн үг. Монгол охидууд супер байгаа. Хоёр хүүхдийн нэг нь 100 оноо  авч байна.  Тэр нь эмэгтэй. Топ сургуульд орох гэж 87-г авдаг. Үүнийг хийчихсэн. Дараачийнх нь соёлын арга хэмжээ.

 

 -Та өнөөдөр намдаа байна уу эсвэл?

 

Би өөрөө АН-аас зайгаа барьсан л даа. С.Зориг байхдаа манай аавыг Ардчилсан холбооны бүхий л арга хэмжээнд урьдаг байсан юм билээ. Урилгыг нь өөрөө авчирч өгдөг байж. Зориг өнгөрснөөс хойш тийм зүйл байхгүй болсон гэсэн. Би ээж, ааваасаа асуусан юм. Би сүүлд С.Эрдэнэд мессеж бичсэн . “Би улс төрд орно оо” гэж. Тэр дор нь “Баярлалаа” гэсэн хариу ирсэн. Тэгэхдээ аль нэг намын нөмөрт орж явахгүй ээ. Энэ дашрамд хэлэхэд, Э.Бат-Үүл бол АН-ын даргаар   сонгогдоогүй шүү дээ. Тэгээд л өрсөлдөгчгүйгээр  намын дарга болсон байдаг. Яагаад ийм юм болчихов. Хэн ийм байдалд хүргэв гэдэгт л асуудал  оршино.  Бүх юмны нууц чинь л энд байна. Түүнээс зүгээр нэг энгийн хогийн шаар биш л дээ. Ингэж явсаар байгаад Оростой холбогдсон баагий байхгүй  юу. Айлын салхивчаар орж хивс хулгайлж байсан хүн. Цааш нь ярих юм бол Оросын талд урвасан гол хүн чинь Д.Бямбасүрэн гуай ш дээ. Одоо зурагт болгоноор гараад л салахгүй,  эх оронч дүр эсгээд байгаа болохоос биш.   Нөгөө дүр эсгэж, имиж бүрдүүлнэ гэдэг чинь тэр. Азгүй хувь тавилан л даа. Тэр байгаагүй бол хэн нэг нь байх л байсан. Үр дүн нь адилхан. Тэгэхдээ би эдэнд ийм зүйл  болохыг нь хэлж, сануулж байсан. Манай Чойбалсан, Сүхбаатар хоёр бол Коминтерний агент шүү. Улсынх биш.  Түүн шиг та бүхэн улсын агент болж булайгаа чирэв гэж хэлж байсан. Яг агент болсон хүн бол байхгүй. Агентын даалгавар гүйцэтгэж мөнгө авсан хүн бол бий. Тэр мөнгө нь 10 мянган ам.доллар байдаг юм. Ардчиллын салхи дөнгөж сэвэлжсэн  1990 оны өлөн цаг үед арван мянган ам.доллар авсан хүн шунахын өвчин тусахгүй яах юм бэ. Одоо тэр хоёр хүнийг нь хар л даа. Энэ бүх юмнаас ангид байна гэдэг амар биш. Гэхдээ аз. Миний хувьд тагнуулд байсан учраас мөнгө, хүүхэн хоёроос цээрлэнэ шүү  дээ.

 

-Дахиад л танаас асууя.  Анхны 13-ыг яаж тодруулсан юм бэ?

 

 Америкийн элчин сайд болон бусад барууны орнуудын ЭСЯ-нд    аюулд төртөж болзошгүй хүмүүсийн  нэрийг өгсөн юм гэнэ лээ. Тэр нь л  13 хүний нэр байж таарч.   Ердөө л тэр. Тэрийг хийсэн хүн нь Д.Нинж. Нинж хүрч ирээд надад хэлсэн юм.  Аюултай 13-т чи багтсан гэж. Тэгээд чи наадахаа өглөө дөрвөн  цаг гэхэд амжуул гэсэн. Ингээд бид нар цуглаан хийхийнхээ өмнө Монголд байсан бүх барууны орны дипломат консулуудад  13 хүнийхээ  нэрийг тараасан.Тэгээд би нөгөө хүмүүст хэллээ. За та нар ядаж баталгаатай болсон шүү. Хүний эрхийн төлөө  тэмцдэг улс орнууд  та нарыг нэрээр чинь мэднэ гэж. Сураггүй  алга болох юм бол  тэр хүнд аюул тулгарсан гэж.  Шоронд орох юм бол энэ хүнийг суулгалаа гэхчилэн. Ингээд та нарын төлөө Нэгдсэн Үндэсний Байгууллага тэмцэнэ, битгийн ай. Тэгээд  ч тангараг өргүүлж,  гарын үсэг зуруулсан.  Манайхаас тэнд 15 хүн  бүртгэлтэй байдгаас долоо нь аягүй, сонголт муутай мэдээллийн гэрээтэй байдаг юм.

 

-Таны нөхдүүдээс урвасан уу?

 

-Үгүй л  дээ. Тэд чинь Монгол төрд ажиллаж байсан болохоор. Манай нийгэм тийм байсан. Хоёр хүний нэг нь мэдээлдэг байсан. Социализмын үед чинь дэглэмтэй. Дэглэмийн нийгмийн оршин тогтнол нь тэр. Хэнд ч тоогдохгүй хүн бол амь  эрсдэхгүй. Тэгэхээр тийм амар юм биш. Одоо бол үүнийг зааглах хэрэгтэй. Хэн нь яг сэтгэлээрээ оролцсон юм, хэн нь ажил үүргийн байдлаар орж ирсэн юм гээд. Энэ чинь аягүй ялгаатай. Тэгээд яг гаргаад  ирэхээр яг ардчиллын төлөө сэтгэлээрээ явсан хүн цөөхөн болж, бусад нь ажил үүргийнхээ төлөө явсан байдаг. Гитлер бол мэдээлэгч байсан. Дараа нь дүрдээ ороод, тэгээд намын дарга болоод, тэгээд Герман Улсын тэргүүн болсон. Сталин мэдээлэгч байсан. Тэгээд дараа нь банк дээрэмдэх үйл ажиллагаанд ороод, тэгээд нарийн ажиллагаанд орсоор байгаад томорсон. Яг тийм зураглал Монголд бий. Дараа нь нэг хэсэг мэдээлэгч улсууд  нийлээд намайг аюулаас хамгаалахад өгсөн. Нэгд, офицер хүн мэдээлэгч байдаггүй юм.  Хоёрт, би ахлах офицер. Эцэст нь хэлэхэд хэрвээ аюулаас хамгаалах яамны төлөөлөгч байсан бол би арчигдахгүй. Би дийлчихсэн явж байгаа. Нэг түүхийг хэлье л дээ. Гитлер, Гебельс, Геринг хэн ч байсан ердийн цэрэг шиг буудуулж,  хамгийн түрүүнд цаазаар авахуулах байсан.  Генрих  бол өөр.  Германы тагнуулын газрын дарга байсан. Тагнуулын алба бол хэзээ ч ялдаг. Ялагдана гэж байхгүй. Олон улс ч тэрийг хүндэлдэг. Ингээд Генрихийг алж чадаагүй шүү дээ. Тэр бол дэлхий дээр  хамгийн үнэтэй хүн байсан. Өнөөдөр Генрих хаана байгааг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр би энд юу гэх гээд байна вэ гэхээр Монголын тагнуул хувьсгалд оролцож чадаагүй ээ. Монголд байгаа зөвлөхийн аппарат ч оролцож чадаагүй.Харин Кремлээс ирсэн групп мундаг ажиллаж чадсан. Учир нь монгол бол тийм айхтар сүлжээнд орчихсон байна гэсэн үг. Удирдахад их амархан байна гэсэн үг.

 

-Хоёрдугаарт бидний хойч үедээ үлдээж байгаа түүхэнд Жамбын Батмөнх  гуайг ухаалаг шийдвэр гаргасан . Бас нэг генералын нэр дуулддаг?

 

-Тэр буян нь яг л тэр Кремлийн групп. Тэд дугтуйгаа  задлахад бүх хийх ажил нь тодорхой байж байдаг.  Илүү юм хийхгүй. Ж.Батмөнх гуайн хувьд  Ардчилсан Герман Улсын 40 жилийн ойд зориулсан хуралдаан дээр очиход С.Горбачёв Ж.Батмөнхийг тоогоогүй. Тэгээд  Батмөнх гуай сандраад Москвад 11 хоносон. Ингээд С.Горбачёвтой уулзах гэсэн чинь хариу өгөөгүй. Тэнд Гүрбадам сайд байсан. Гүрбадам сайд Гадаад байдлын яаманд “Манай нэгдүгээр хүнийг авч уулзсангүй. Тэгээд энд сандралд орсон. Намсрайжав, Балхжав хоёр сандраад байна” хэмээсэн.  Тэгээд тэр залуучуудын зөвлөгөөн гэдгийг чинь  тэгж яаруу, сандруу зохион байгуулах шалтгаан нь энэ байсан юм. Тэр зөвлөгөөн бол залуучууд ардчиллыг хүсч байна гэсэн тоглоом  болсон.  

 

Түүнд нь  чөлөөт залуучуудын байгууллагууд оролцсон. Анх санаачилсан нь хувьсгалт нам гэдэг нь  үнэн л дээ. Гэхдээ сэтгэлээсээ биш айдсаасаа. Батмөнх үүнийг хийчихсэн юм биш. Жамсранжав генералын хувьд бол өөрөө их дэвшилт үзэлтэй хүн байсан. Тэр үед хамгийн дэвшилт үзэлтэй улсууд бол Оросын тагнуулын байгууллагынхан, Монголд бол тагнуулын байгууллагынхан тэр чигээрээ их дэвшилттэй байсан. Хүмүүсийг сонгож авдаг болохоор илүү оюунлаг, илүү сэхээлэг байсан.

 

-Сая ерөнхийдөө Хурцын ярианаас Монголд нууц юм гэж байдаггүй юм байна гэдгийг олж мэдлээ.   Хурцад ингэхээс өөр арга байгаагүй юу, эсвэл задлая гэж бодсон уу.

 

-Монгол  их ядуу, эрх чөлөөгүй, ямар ч бүтээлгүй улс байж байгаад гэв гэнэт харьцангуй задгай нийгэмд орсон. Хулгай хийх, худлаа хэлэх нь  дээд хэмжээндээ очсон байсан. Тагнуулын дарга учраас өчүүхэн хэсгийг л дурдсан нь тэр.  Айлган сүрдүүлсэн зүйл бол биш. Тэгэхээр Монгол Улс бол асар төвөгтэй  байдалд орчихсон. Асар их хулгай хийж байгаа. Тэрний оронд хэн ч байсан харин тэрнээс илүү муухай авир гарна. Хурц бол харин 23 дугаар сургууль төгссөн, юм үзсэн, хөрөнгөлөг хүн. Тэгэхэд тэр хүн тийм байна гэхээр бод доо. Бусдаар бол итгэмээргүй, жигшмээр тийм байдалтай байгаа. Тэгэхээр шунал бол хүнийг тийм л болгож байгаа юм. Албан тушаал бол хүнийг тэнэг, шуналтай болгоод зогсохгүй  хүний бүх мэдрэмжийг алдагдуулж орхидог. Тагнуулын байгууллага бол эрхэмсэг байх хэрэгтэй.

 

-Одоо Монгол Улс яг ямар замаар явах ёстой юм бэ. Манай улсын төсөв  байнгын алдагдалтай батлагддаг. Үүнийг нэг нэр хүнд бүхий  эдийн засагч  зориудаар алдагдалтай баталж, дундаас нь ашиг унагадаг гэж тайлбарласан. 

 

-Нэгд, эдийн засаг бол энгийн амьдралыг судлах ухаан. Эдийн засагч хүн Монголыг тодорхойлохгүй. Өөрөөр  хэлбэл, эдийн засаг бол өчигдөр болсо зүйл өнөөдөр яагаад болохгүй байгааг маргааш нь тайлбарладаг шинжлэх ухаан.  Ер нь бол төсвөө бүрдүүлж чадахгүй байгаа. Нийгэм бол зээл дээр тогтдог. Зээл бол хүнийг мотивацид оруулдаг. Тэрний тохируулга нь хүүн дээр яваад байгаа юм. Манайд хүүний тохируулга хэрэгтэй байна. Тодорхой хэсэг бүлэг улсууд гаднаас мөнгө оруулж ирэхийн эсрэг тэмцээд байгаа талаар  олон хүнээс сонссон, итгэхгүй байсан. Үнэн хэрэгтээ банк, санхүүтэй холбоотой хүмүүсийн авирт Монгол Улс  баригдаж болохгүй ээ. Тэд улсын эрх ашгийг хөсөр хаяагаад байгаа юм бол хорь.  Ерөнхийлөгч нь ч, Ерөнхий сайд  нь ч байг болохгүй байгаа хүмүүсийг суулга л даа. Хөгжилд заавал ийм эрин үе байдаг. Орос тэрийг дайрсан. Солонгос дөрвөн ерөнхийлөгчөө суулгасан. Бид Ерөнхийлөгчтэй үзээд байх биш ээ. Мөнгө хүүлж,  уурхай  ашиглаж барьж байгаа улс одоо болно. Гаднаас банк оруулж ирэхгүй байна, мөнгийг оруулж ирэхгүй байна. Би эхлээд итгэхгүй байсан. Би Америкаас ирчихээд банк дампуурч байна гэхэд итгэдэггүй байсан. Зориуд банкыг дампууруулж байсан юм билээ.  Гэхдээ Монголын ирээдүй гайхалтай. Намаар явахгүй. Жириновский саяхан 20 жилийн дараа энэ дэлхий намгүй болно гэж хэлсэн. Тэр бол ихээхэн хоцрогдсон бүдүүлэг орос шүү дээ. Хорин жилийн дараа дэлхий намгүй болох мода монголоор дуусах учиргүй.  Бид цөөхүүлээ учраас чаддаг нь чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд хүн хорих хэмжээний  зоригтой байх л хэрэгтэй. Тэгж чадахгүй бол болих хэрэгтэй. Тийм хөгжлийн үе байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тун удахгүй тагнуулын байгууллагыг олон улсын нэгдсэн тагнуулын системд оруулах гэж байна. Тагнуулын коммуници гэж явдаг юм.  Тагнуулын хоёр  газар Монголд хэрэгтэй байгаа. Нэг дэх  нь санхүүгийн тагнуул. Муу улсуудыг зохицуулах хэрэгтэй байна. Алдсан мөнгөө оруулж ирэх хэрэгтэй байна. Хоёр дахь нь эдийн засгийн тагнуул. Монголд асар том шилний үйлдвэртэй болмоор байна. Хятадын хамгийн баян эмэгтэй шилний үйлдвэрийн захирал. Түүхий эд нь Монголд байдаг. Хятадын баян эмэгтэйгээс илүү баян эмэгтэй  Монголд гараг л дээ.

 

-Оффшор данс гээд хэсэг бужигналаа.  Нэр цэвэр байх гарц байна уу, бидэнд?

 

-Үүнд олон улсын зохицуулалт байдаг юм. Аягүй энгийн. Тэр гэрээнд нь ор. Миний яриад байгаа санхүүгийн тагнуулаа байгуул. Тэгээд олон улсын санхүүгийн тагнуултай хамтарч ажилла. Дэлхий дээр хоёр үнэтэй зүйл бий. Нэг нь боловсрол, нөгөөх нь тагнуулын үйл ажиллагаа. Монголд тэр тагнуулын ажиллагааг зохион байгуулах хэмжээний боловсон хүчин ханлаттай бий. Хэрвээ гадаадынхныг гуйгаад болохгүй бол бид өөрсдөө хийчихэж болно. Надад бололцоотой харагдаж байгаа. Хамгийн гол нь оффмшерийн  мөнгийг эргүүлэн тат.  Тэднийг бол  суулгаад байх шаардлага байхгүй.

 

-Суулгахгүй гэдгээ зарлах хэрэгтэй юмуу?

 

-Үгүй ээ. Өршөөлд хамруулахгүй. Тэр их мөнгөөр ажлын байр л бий болгочих.  Манайд 35 мянган хүнийг л ажилтай болгочиход л  асуудал гайгүй болно. Би энэ асуудлаар хоёр нөхрийн  аль алинтай нь уулзана. Надад  гарц бий.

 

-Аль алинтай гэдэг нь хэн хэнтэй гэсэн үг вэ?

 

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр.

 

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай та хэр ойр бэ?

 

-Х.Баттулгатай би зургаан жилийн өмнө таарсан. Тэгээд Баттулга аа  өргөн, нарийн цариг биш.  Монгол өөрөө далай болчихоод байна. Дээгүүр нь зам явуулчихаач. Тэр ямар байх нь хамаагүй ш дээ гэхэд  их гайхсан харцаар  хараад байсан. Одоо тэрийг л хийнэ дээ. Түүнийг  хийхэд  Засгийн газраас  мөнгө гарахгүй. Хятад ч хэрэг байхгүй. Дэлхийн нөлөө бүхий долоон  банк санал гаргахад гүйцээ. Бид нар ийм гоё эрин үед амьдарч  байна. Мөнгө гэхээр л Монголын төсөв, засгийн газрын хуралдаан биш ш дээ.

 

-Өнөөдрийн улс төрд лидер байна уу. Энэ л эдийн засгаа сэргээнэ дээ, улс орноо аваад явчихна гэж бүрэн дүүрэн хэлж чадахаар тийм хүн байна уу?

 

-Удирдлагын онол байна л даа. Найман жилээс илүү ажиллабал түүнээс үр дүн хүлээгээд хэрэггүй гэж. Хүн гэдэг тун ч урагшгүй амьтан. Гэтэл ард түмэн супер хүнийг мөрөөдөөд байдаг. Улс төрд орсон, дарга сайд хийсэн хүмүүс найман жил болоод л өөрөө явдаг байх хэрэгтэй. Улс төрд эмэгтэйчүүдийг, залуучуудыг олноор нь гарга. Эмэгтэй хүн байгалаасаа үнэлгээчин. Тэд нөхөр авахдаа л алддаг. Бусдаар бол бүгдийг үнэлж чаддаг. Энэ давуу талыг нь  ашиглах хэрэгтэй. Нам бол чадваргүй хүмүүсийн тэжээврийн тогоо. Чадваргүй хүмүүсийн хийж чаддаг юм нь хуйвалдаан. Манлайлагч гэдэг бэлэн байж байдаг зүйл биш. Хэрвээ тийм байсан бол Монгол ногоон гэрлээр хөгжөөд л явна биз дээ. Манлайлагчийг нийгэм төрүүлдэг.  Одоо бол Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр өрсөлдөгчид болсон.  

 

-Таны овгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Яагаад гэхээр Малыш гэдэг үг л таныг тодорхойлсоор ирсэн юм бэ?

 

-Манай аав Ч.Баттогтох. Завхан аймгийн Алдархаан сумынх. Би их азтай. Миний өвөө Чоймбол агсан  Алдархаан сумын  нэгдлийг байгуулсан. Би хааяа өөрийнхөө тухай зүгээр нэг амьдраад явж болдоггүй яасан их хэнээтэй хүн бэ гэж боддог юм. Гэтэл аавын тал  хэнээтэй юм билээ.  Манай ээжийн аав чинь Пунцаг партизан шүү дээ. Сэлэм эргүүлдэг. Эрэгтэй хүн чинь ээжийнхээ талыг дуурайдаг юм байна. Тэгэхээр миний өвөө сэлэм эргүүлдэг партизан Пунцаг болохоор би үүнээс өөрөөр  ямар ч байх гаргалгаа байхгүй. /инээв/

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?