“Өвөл” шоу тоглолт ёс заншил, өв соёлын үнэ цэнийг үзэгчдэд мэдрүүлэв

Сэтгүүлчийн үг

“Корпорейт конвеншн центр”-ийн хамт олон улирал бүр үндэсний язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулсан шоу тоглолтыг үзэгчдэд хүргэдэг уламжлалтай. “Наадам”, “Намар” зэрэг тоглолтыг амжилттай зохион байгуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан “Корпорейт энтертайнмент” багийн уран бүтээлчид энэ удаад “Өвөл” шоу тоглолтыг арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Танхим дүүрэн үзэгчтэй “Өвөл” шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдсэн. Тоглолтын эхний хэсэгт язгуур урлагийг циркийн үзүүлбэртэй хослуулсан өвөрмөц өнгө төрх, үндэсний хэв маягийг илэрхийлсэн бүтээлүүд үзэгчдэд хүрсэн. Мөн дөрвөн жил тайзнаа гараагүй байсан Бөртэ хамтлаг “Өвөл” шоунд оролцсон нь тоглолтын онцлох үзүүлбэрүүдийн нэг байлаа. Харин тоглолтын хоёрдугаар хэсэг удахгүй тохиох шинэ жилийн баярын өнгө аясыг шингээсэн үзүүлбэрүүдээс бүрдсэн. Хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд “Өвөл” шоу тоглолтын тайзнаа амилсан нь бяцхан үзэгчдэд гэнэтийн бэлэг болж чадсан юм.

Үндэсний хэв маяг, язгуур урлаг, өв соёлыг шингээсэн бүтээлийг дэлхий дахинд таниулах зорилготой “Корпорейт энтертайнмент” багийн “Өвөл” шоу тоглолтод 80 гаруй уран бүтээлч оролцсон юм. “Өвөл” шоу тоглолтын үзүүлбэрүүд үзэгчдэд баяр баяслыг төрүүлэхээс гадна монгол хүн бүрийн эрүүл мэндэд заналхийлэх болсон утааны асуудлыг хөндсөн нь найруулагчийн өвөрмөц шийдэл байв. Уг шоу тоглолтын тасалбар бүрийн орлогоос 1000 төгрөгийг утааны эсрэг сайн үйлсэд зориулах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?