Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ

Сэтгүүлчийн үг

-ИРЭХ ОНД ТӨСВИЙН 22 ХУВИЙГ УУЛ УУРХАЙН САЛБАРААС БҮРДҮҮЛНЭ-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар улсын төсөвт нийт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 764 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.  Ингэж тус салбараас улсын төсөвт төвлөрөх орлого хоёр дахин өссөн нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өөдрөг байсантай салшгүй холбоотой.

Уул уурхайн салбараас 2017 онд улсын төсөвт төвлөрөх мөнгөн орлогын тоон хэмжээг тооцохдоо зэсийн үнийг 5137, алтаа 1156, нүүрсээ 32.8-54.8 ам.доллараар зарахаар төсөөлсөн билээ. Бодит байдал дээр дэлхийн зах зээл дээрх нэг тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллараас хол давж, зэсийн үнэ даруй 6900 ам.долларт хүрч өсөв. Энэ хэрээр зэсийн баяжмалын эксторпоос олох татварын орлого өсөн нэмэгдэж байв.

Нүүрсний тухайд “Энержи ресурс” компани угаасан нүүрсээ 110, Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн өмчит Тавантолгой компаниуд уурхайн аман дээрээсээ 63 орчим ам.доллараар борлуулсан. Урт хугацааны үнийн гэрээ, тээврийн зардал, оочер дугаар сэлтэд нүүрс экспортлогчид баахан дарлуулсан ч 2017 он тэдний хувьд өөдрөг төсөөлөл дагуулсан юм. Тухайлахад, сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн “Энержи ресурс” компани л гэхэд оны эхний хагаст 250-375 сая ам.доллларын ашигтай ажилласан нь эерэг тоон үзүүлэлт билээ.

Уул уурхайн салбарын энэ өөдрөг байдал ирэх оны төсөвт ч тодорхой байдлаар тусгалаа олгов. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсвийн орлогын 19 хувийг бүрдүүлэхээр төсөөлж байсан бол 2018 онд 22 хувь болгон, гурван нэгжээр нэмэгдүүлж төсөвт суулгаад буй. Төсөвт суулгахдаа ирэх онд дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийг 2.4 хувиар өснө гэж тооцсон нь анхаарал татна.

Дэлхийн банкнаас газрын тос, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний түүхий эдийн үнэ 2017 онд 28 хувиар огцом өссөнийг тодотгож, ирэх онд өсөлт харьцангуй бага байхаар төсөөлөөд буй. Тодруулбал, ирэх 2018 онд 4 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Салбарын яамны зүгээс ойрын хоёр сардаа шатахууны үнэ тогтвортой байна гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хөдөлгөөнөөс ихээхэн хамааралтай билээ.

Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны татварыг хоёр үе шаттайгаар нэмэхээр ирэх оны төсөвт суулгаад өгчихсөн. Тиймээс шатахуун импортлогчид үнээ нэмэхгүй гэсэн баталгаа байхгүй юм.

Алт, зэсийн тухайд, Төв банкнаас гаргасан “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д, 2018 онд үнэ сэргэж, худалдааны нөxцөл сайжраx төсөөлөлтэй байгаа талаар дурджээ. БНХАУ-ын барилгын материалын эрэлт нэмэгдсэн нь нүүрс, төмрийн хүдэр, зэсийн импортыг нэмэгдүүлж, эдгээрийн эрэлтийг өндөр байлгана гэсэн хүлээлттэй  байна.

Уул уурхайн салбарын гол экспортлогч орон болох урд хөрш гангийн үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого барьж буй. Улмаар Хойд Солонгосоос коксжих нүүрс авахаа больсон нь манай эдийн засагт таатай нөхцөл бүрдүүлсэн хэвээр байгаа юм. Ирэх онд алтны үнэ харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байгаа учраас эндээс орлогын тасалдал төдийлөн үүсэхгүй байх магадлалтай.

Зэсийн үнийн тухайд, Олон улсын зэс судлалын группээс 2018 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 24.2, зэсийн хэрэглээ 24.3 сая тонн байна гэсэн таамаг дэвшүүлсэн. Харин үнийн тухайд, Дэлхийн банкнаас ирэх онд зэсийн үнэ 6118 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамагласан нь анхаарал татна. Харин олон улсын шинжээчид зэсийн ханшийг 6000 ам.доллараар төсөөлж буй.

Зэсийн үнэ дээр том савлагаа үүсэхгүй, ханш огцом дээш, доошоо хөдлөхгүй гэсэн ерөнхий төсөөлөл байгаа ч урьдчилсан байдлаар таамаглах аргагүй билээ. Дэлхийн банкны урьдчилсан таамагтай дүйцүүлж харахад, манай улсын зэсийн үнийн төсөөлөл “хөөстэй” байгаа нь нууц биш. Олон улсын таамгуудаас бидний зах зээлийн үнийн төсөөлөл даруй 300 орчим ам.доллараар илүү байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?