Ц.Оюунгэрэл: Монголд нутагшуулсан жорлонгийн загвар гаргах боломжтой

Сэтгүүлчийн үг

“Цэвэрч монгол” төслийн “Жорлонгоо өөрчилье” аяны хүрээнд “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. 

–Таныг ном бичих хэмжээнд хүртэл том асуудал болсон жорлонг өөрчлөх санаа хэзээ төрсөн юм бэ?

 

-Гадагшаа аялж эхэлснээс хойш монголчууд бид их муухай жорлонд бие засдаг юм байна гэж бодогдох болсон. Гадаадад хөдөө хээр явсан ч жорлон нь гоё байдаг учраас боломжийг олж харах, өөрчлөх нүд нээгдсэн. Тэгээд л жорлонгоо яаж өөрчлөх үү, яаж засах вэ, юу хэрэгтэй юм бол гээд сонирхож эхэлсэн. Аяллаар явж байхдаа жорлонгийн, хогийн савны зургууд дарснаа 2012 онд “Миний лоби”  номондоо оруулж байсан. Гэхдээ тэр бол жорлонгоо өөрчлөх тухай бүрэн судалгаа биш, зөвхөн сонирхлын хэмжээнд авсан зургууд юм. Тэгээд ч хууль эрх зүйн орчин байдаггүй гэдгийг УИХ-ын гишүүн болсон хойноо мэдсэн. Улсын төсвөөс Сангийн яам мөнгө хуваарилахдаа УИХ, Засгийн газрын тогтоолтой, хуультай зүйлд эхний ээлжинд мөнгө гаргах ёстой. Төсвийн хуулийн дагуу жорлон гэдэг зүйлд мөнгө гаргах хууль эрх зүйн орчин байгаагүй.

 

БОАЖ-ны сайд болсоны дараа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эхний ээлжинд жорлонгоо өөрчилье. Аялагчид, гадаадынхан ирэхэд кемпүүд, зам дагуух жорлонгоо шинэчлэхээр мөнгө гаргуулах гэж улсын төсөв дээр мөнгө хөөцөлдөж үзэхэд жорлон гэдэг үг ямар ч хуульд байхгүй учраас байнга тогтвортой мөнгө гаргах боломжгүй, хөрөнгө оруулалт хийх, эх сурвалж муутай байсан. Хөрөнгө оруулалтыг ятгахад хэцүү. Ямар ч хууль эрх зүйн орчингүй болохоор нийгэм даяараа жорлонгоо мартжээ гэдгийг ойлгосон. Тэгээд хуульд өөрчлөлт оруулахаар ажилласан. Хог хаягдлын тухай хууль санаачлахдаа жорлонгийн асуудлыг оруулж ирсэн. Төрд олон жил ажилласан дунд төвшний хүнд сурталтнуудтай их тулгарсан. Хамгийн том хүнд суртал бол тухайн үеийн УИХ-ын Байнгын хорооны ажлын албаны зөвлөхүүд жорлон гэдэг үгийг хуульд оруулахын эсрэг тэмцэж эхэлсэн. УИХ-ын хурлын гишүүд дэмжээд байхад захиргааны төвшинд эсэргүүцээд байдаг.

 

–Жорлон гэдэг үгнээс болоод уу?

 

-Тийм, үгнээс нь болоод тэр. Тэгээд ийм сонин эсэргүүцэл төрд байдаг юм байна гэж мэдээд улс төрийн хүсэл зориг гаргаж тухайн үеийн Засгийн газартай хамтарч ажилласнаар  жорлон гэдэг үгийг хуульд үлдээж чадсан. Уг нь бүхэл бүтэн бүлэг байсан. Гэвч бүлгийг хасч хоёр, гуравхан заалт үлдээсэн.Тухайн үеийн БОАЖ-ны сайд Н.Батцэрэг тэр заалтуудыг хувиргахгүйгээр үлдээсэн. Дараа нь Д.Оюунхорол сайд дэмжсэнээр эдгээр заалтуудыг үлдээсэн. Хэд хэдэн Засгийн газар дамжиж арайхийж жорлон гэдэг үг хуулиар зохицуулагдахаар болсон. Хууль нэгэнт гарсан учраас хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох ажлыг өөрөө хийхээс өөр аргагүй учраас судалгаа хийж мэдээлэл цуглуулсан. Олон улсын хурал зөвлөгөөнд олон ч удаа суусан. Судалсан зүйлүүдээ Монголд хэрэг­жүүлж болох хувилбарт оруулж ном гаргая гэж шийдээд “Жорлонгоо өөрчилье” номоо гаргаж чадсандаа баяртай байна.

 

–Номонд олон төрлийн жорлонгийн стан­дарт байна. Одоо яаж ажил хэрэг болгох вэ. Хууль стандартыг хэрэгжүүлэхийн тулд төртэй хамтрах уу?

 

-Манай төслийн гол зорилго төрийнх байна уу, төрийн бус байгууллага байна уу, айл өрх үү, албан байгууллага, аж ахуйн нэгж үү гэдэг нь хамаагүй. Шийдвэр гаргаж энэ асуудлыг шийдвэрлэе гэж байгаа бүх хүнд зориулсан. Мэдээллийг нэгтгэж ном болголоо. Номоо хүн бүхэнд хүргэх үүднээс олон хувь хэвлээд улс даяр түгээнэ. Хүмүүс жорлонгоо өөрчлөхөөр шийдвэр гаргахдаа мэдлэг, мэдээлэлтэй байгаасай гэж зорилго тавьсан. Иргэн болгон өөрийнхөө жорлонг өөрчлөхийн тулд хэдэн төгрөг зарцуулах санхүүгийн шийдвэр гаргана. Хэзээ гаргах цаг хугацааны болоод ямар технологи хэрэглэх талаар шийдэл гаргана. Жорлон гэдэг цаашдаа ямар бизнес болдог юм. Ариун цэврийн талаарх тогтвортой шийдвэр гаргана. Шийдвэр гаргах явцад нэг ч иргэн, баг, сум, аймаг хаягдах ёсгүй. Бүгд оролцох хэрэгтэй. Хэрэв оролцож чадахгүй бол нэг хэсэг нь манлайлагч болж явах ёстой юм. Нэг суманд төр нь манлайлагч болж байхад нөгөө суман дээр нь нутгийн зөвлөл нь манлайлж болно. Бас нэг суманд жирийн иргэд хоршоо байгуулаад манлайлагч болж болно. Эсвэл бизнесийн нэг байгууллага манлайлагч болж болно. Орон нутаг бүхэнд манлайлагч нь өөр байж болно. Гэхдээ орон нутаг болгонд зайлшгүй хийх шаардлагатай.асуудал учраас манлайлагч нарт нь хэрэгтэй мэдээллийг нь эхний ээлжинд хүргэж өгөхийн тулд мэдээллийг хурдан түгээдэг сүлжээг бий болгосон.

 

–Сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

 

-Эхний сургалтаар орон нутагт зөвлөхүүд бэлтгэсэн. Зөвлөхүүдээр дамжуулж орон нутагтаа жорлонгоо өөрчлөхийг хүсч байгаа талуудад түргэн шуурхай мэдээлэл өгөхийг хүссэн. Мөн 50 орчим сургалтыг 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулна.

 

–Номонд  Монголд хийсэн “Тал нутгийн тансаг жорлон”-г би уншсан. Яагаад тансаг гэсэн юм бэ?

 

-“Хонгор говь” жуулчны бааз гадныханд жорлонгоо сурталчилдаг. Тэд “Та манай Монгол Улсад очоод нүүдэлчний маягаар амьдарна. Тэнд хашаа, байшин байхгүй. Тэнд цементэлсэн ямар ч багана байхгүй. Бүх зүйл нь нүүлгэн шилжүүлж болдог. Гэрийг нь ч, жорлонг ч нүүлгэн шилжүүлнэ. Та зуны турш манай баазад амраад буцахад нэг ч хог үлдэхгүй, нэг ч жорлон үлдэхгүй. Таныг буцсаны дараа манайх бүх гэр, жорлонгоо хураагаад аваад явна. Тал нутаг тал чигээрээ малынхаа бэлчээр болоод тансаг чигээрээ үлдэнэ” гэж сурталчилдаг. Монгол гэрээ хураадаг шиг жор­лонгоо хурааж болдгоор хийсэн. Хурааж ашигладаг жорлон нь нүхээ сэлгэж ашигладаг. Аялагчдынхаа даацанд зориулж нүхээ жижигхэн ухдаг.Тэгээд нүүхдээ нүхээ булаад эрүүлжүүлдэг. Дараа жил ирэхэд лаг нь хөрсөндөө бордоо болоод хөрс нь эрүүлжсэн байдаг. Тэдний үнэ таван одтой буудлын үнэтэй ижил өндөр. Хамгийн гол нь тал нутгийн онгон зэлүүд газар хамгийн эко, тав тухтай байдалд та бие засна гэж л сурталчилдаг.

 

–Зуны улиралд ашиг­лаж болох технологи номонд нэлээн байсан. Харин өвлийн улиаралд ашиглах нь соруулдаг, үртэс, хөөсөөр шахдаг гээд байсан?

 

-Сургалтанд ирсэн зөвлөхүүд маань хөрсөө бохирдуулахгүй, тав тухтай байлгахын тулд суултууртай жорлон тохирно гэсэн санаа ноёлж байна. Хямдхан өртөгөөр соруулдаг жорлон хийе гэх юм бол бетондох, цагираг суурилуулж болно, зузаан гялгар уутаар доторлож болно. Энэ бүхнийг манайд туршсан. Туршиж үзсэн хямд өртөгтэй  загвараар ямар ч айл жорлонгоо өөрчлөх боломжтой гэсэн хувилбарыг  илүү сонирхож байна.

 

–Жорлонгоо өөрчилнө гэдэг цогц эко бизнес гэж ойлгож байлаа?

 

-Ер нь бол ариун цэвэр бол бизнес юм. Жорлонгийн өөрчлөлтийг нэг удаагийн компанит  ажил  хандив тусламжаар хийх биш нүд хуурсан зүйл гэдгийг олон туршлагууд харуулсан. Нэг айл, нэг гудамж жорлонгоо өөрчлөхөд хөрсний бохирдол арилахгүй. Өвчлөл буурахгүй. Ер нь  эрүүл мэнд, газрынхаа хөрсийг бохирдуулахгүй байх асуудлаа нийтэд нь шийдье гэвэл нийтээрээ жорлонгоо өөрчлөхөөс өөр гарц байхгүй. Нийтээрээ жорлонгоо өөрчилье гэвэл асар их мөнгө хөрөнгө шаардлагатай. Тэгэхээр бидний жорлонг хэн өөрчлөх гэж мөнгө өгөх вэ дээ. Анхнаасаа жорлонгоо өөрчлөх үйл явц, өөрчилсөн жорлонгийн ариун цэврийн үйлчилгээ хийх бүх үе шат нь тогтвортой удаан хугацаанд ажиллах зорилготой хувийн хэвшлийн оролцоотой хийх шаардлагатай. Тийм учраас “Жорлонгоо өөрчилье” номоо  би­чихдээ давхар бизнесээ хэр­хэн эхлүүлэх вэ гэдгийг загвар бүр дээр нь тайлбарлаж өг­сөн юм. Үүгээр Start tap компаниудыг ариун цэврийн бизнест олноороо ороосой гэж хүсч байна. Алдагдалтай ариун цэврийн бизнес хийж буй төрийн болон хувийн  компаниуд үйлчилгээгээ  орчин үеийн хэлбэрт шилжих тухайд энэ номноос санаа  аваасай гэж бизнесийн олон санааг тусгасан.

 

Орон нутагт тогт­вортой ариун цэврийн бизнес хэрэгтэй. Гадаадын ямар ч компани хийх боломжгүй, учир нь орон нутгийн нөөц дээр ажилладаг. Нөөцийг ийш тийш хөдөлгөх, бо­ловс­руулах бизнес. Ялга­дас биологийн түүхий эд. Энэ түүхийн эдийг боловс­руулах цоо шинэ салбар бий болж байна. Хүмүүс жорлон цэвэрлэх бизнес гэж тусад нь ойлгодог. Гэтэл биологийн түүхий эд цэ­­вэр­­лэх шинэ салбар үүсч байна. Тиймээс биологийн мэргэжилтэн, хөрөнгө оруулалт сан­хүүжилтийн ухаалаг шийдэл гаргах санхүүгийн мэр­гэ­жилт­нүүд энэ сал­барт орж ирвэл орчин үеийн шинэ салбар бий болох юм. Ерөөсөө жорлонгоо өөрчлөх маш олон оновчтой санааг су­дал­гаан дээр тулгуурлан бич­сэн учраас миний ном хүн бүрт гарын авлага болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?