“Болор цом”-ын эзнээр М.Билэгсайханыг тодруулахаар зохиолчдын эвлэл Говь-Алтайг зорилоо

Сэтгүүлчийн үг

Монголын Зохиолчдийн Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Болор цом" яруу найргийн наадам өнөө жил Говь-Алтай аймагт болохоор товлогдсон. 35 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй уг наадамд яруу найрагчид үгийн сор, ухааны шимээр баринтаглан бичсэн шүлэг, найргаа эх орны өнцөг булан бүрээс дайжээ.

Үүнээс эхний шатанд 30 яруу найрагчийн шүлгийг тэнцүүлэн үлдээснээс 70 гаруй хувь нь залуу яруу найрагчид байна. Сүүлийн жилүүдэд “Болор цом” наадам зохион байгуулагдаж буй нутгийн яруу найрагч цомын эзнээр тодордог жишиг тогтоод байгаа билээ. Өнгөрсөн жилийн Дорнод аймагт зохион байгуулсан "Болор цом”-ын эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорсон нь уламжлалд салхи оруулсан явдал болсон юм. Мөн түрүү жилийн наадмын хоёрдугаар байрт А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарсан билээ.

Энэ жилийн “Болор цом” уламжлалыг алдалгүй үргэлжлүүлэх өнгөтэй байгаа тул энэ жилийн “Болор цом” ын эзнээр Мөнхөөгийн Билигсайхан яруу найрагч тэргүүн байрын эзэн болох нь гэж тааварлахад хүргээд байгаа юм.

Тэгвэл хоёрдугаар байрт Мулцангийн Уянсүх найрагч мөн л сайн шүлгүүдээрээ өнгөлж оролцох болов уу. Харин гутгаар байрт залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш гэж харагдахаар байна. Харин дөрөв, тавдугаар байрт яруу найрагч Л.Ганзул, Б.Баттулга нарын шүлэг тунаран үлдэж магадгүй юм. Мөн яруу найрагч Л.Батцэнгэл, М.Амархүү, Г.Болормаа, Э.Гантулга, А.Лхагва, Б.Жамбалсүрэн, Н.Минжинсайханщ, М.Отгонбаяр, В.Нэргүй, С.Начин, Б.Одгэрэл, Л.Торой нарын яруу найрагчид шилдэг 15-д үлдэх магадлал өндөртэй юм. Мөн Монгол орны баруун хязгаар Ховд аймгаас яруу найрагч Я.Бүрнээ “Болор цом” наадамд оролцож байгаа билээ.

Мөнхөөгийн Билигсайхан бол яруу найргийн мөнгөн үеийн төлөөллүүдийн нэг мөнөөс мөн. Тайзан дээр гал цогтой, иртэй, омголон шүлгээ уншдаг гэдгээр нь ч уншигчид андахгүй мэднэ. Мөн “Болор цом”-ын тайзан дээрээс “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ уншиж байсан нь өнөөдрийг хүртэл хүмүүсийн аманд өөрийн эрхгүй уншигддаг гэдэг. Түүнийг утга зохиолын хүрээнийхэн нь “Болор цом”-ын эзнээр тодрох хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаадаг учир ийнхүү энэ жил түүнийг тодруулахаар нутагт нь зохион байгуулж байна гэх яриа хэдийнэ Алтай нутгийнхны дунд ч яригдаад эхэлсэн байна. Түүний "Гэгээн монгол" шүлгийг бүтнээр нь уламжилъя. 

            Гэгээн монгол

Сүрэг цагаан зээр

Шүүдэр гишгэн цаглаж

Сүрлэг өндөр яндан

Тэхийн эвэр сэрвийж

Монгол гэрийн гаднаас

Малын үнэр ханхиалж

Моринд хайртай сайн эр

Уртын дууг аяалж

Үүрийн гэгээтэй уралдан

Өрхний хошуу даялаж

Өндөр борхон бүсгүй

Аргал хормойлон галлаж

Өтгөн шаргал цайг

Тоон өргүүлэн сарамч

Өүлэн эжий минь удам тэнгэрт цацал өргөж

Өөдрөг хөдөө нутагт минь

Өглөө болж байгаа нь тэрээ.

Үдийн нарны сүүдэр

Хөлөн тушаа нуугдаж

Өртөө газрын юмс зэрэглээнд бүжиглэж

Малын хишигтэй хүүхэд

Хонио усанд оруулж

Манай танайхан бүгдээрэй

Борцтой цай аягалж

Гэр дүүрэн буурал

Тамхи нэрэн хуучилж

Гэргий хүүхдийн хооронд

Цаггүй ажил хөглөрч

Нар унасан газраас

Ногооны үнэр ханхалж

Манчид нэрсэн айлаас

Охийн аагь сэнгэнэж

Зулзаган жаахан богширго

Нисэн бууж жиргээд л

Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан

Өдөржин бэлчсэн мал

Задгай газар хотолж

Үдшийн буурал гэгээ

Толгод дамнан хүүшилж

Өнөө болсон явдлыг

Ам дамжин хуучилж

Үүр шөнийн болзоог

Залуухан хосууд товлож

Цүү хаях наадамд

Үеийнхэн голцуу цугларч

Цуутын цагаагч гүүг

Өвөө багачуулд ярьж

Сарны гэрэлтэй салхийг

Зэлний үхэр хэвж

Саалийн хувинтай сүүнд

Түүхий цөцгий хөвж

Орон монгол хөдөө минь

Орой болж байгаа нь тэрээ.

Мичид долоон бурхан

Тооно нарлах цагаар

Мэндийн гурвалжин өрх

Дөрвөлжин болох шөнөөр

Амрагийн болзоотой бүсгүй

Сэрүүхэн байх тохироонд

Армаг хүлгийн хазаар

Айлын шон дээр шаргиваа

Үзэхээс ихийг үзсэн

Өндөр настай эжий

Үүр тэмдэгрэх үеэр

Өрхөө даллаж явахдаа

Хүлэг эзгүй шон дээр

Нойтон хомоолын үзчихээд

Хүргэнтэй болох нь ээ манайх гэж

Хүүхэн насаа дурсваа

Азын тэнгэртээ гэгээн монгол минь

Айл нэмэх гэж байгаан тэрээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?