Домогт“BoneyM” энэ сарын 30-нд Монголд тоглоно

Сэтгүүлчийн үг

Шинэ оны өмнөхөн буюу энэ сарын 30-ны үдэш “Crocus Event Hall”-ын тайзнаа дэлхийн домог "Boney M" хамтлаг ганцхан удаа тоглох юм. Одоогоос 41 жилийн тэртээ (1976) Германы алдарт диско хамтлаг болох “BoneyМ”-ыг тус улсын нэрт хөгжмийн зохиолч, продюссер Фрэнк Фариан (Frank Farian) үүсгэн байгуулж байсан түүхтэй. "Boney M" хамтлаг дуучин Марша Баррет (14.10.1948 Ямайка), дуучин Бобби Фаррелл (06.10.1949 Вест Инди. 2010 онд зүрхний өвчний улмаас 61-тэйдээ нас барсан), дуучин Лиз Мичелл (12.07.1952 Ямайк), дуучин Мейзи Уильямс (25.03.1951 Вест Инди) гэсэн дөрвөн гишүүнтэй байв. 1970-аад оны эхээр Германы телевизээр Австралийн инээдмийн цуврал кино гарч, Фарианд тус киноны гол дүрийн “Boney” нэрээр хамтлагаа нэрлэх санаа төрсөн аж.

boney m

Ингээд 1976 оны дундуур Фрэнк Фариан “Baby, Do You Wanna Bump” дуугаа нутгийнхаа дөрвөлд өгч дуулуулсан нь хит парадад багтаж, Германд төдийгүй Бельги, Голланд даяар алдаршчээ.

 “BoneyM” хамтлагийн эхний бүрэлдэхүүний нэг Майзи Уилльямс (Maizie Williams) (гэр бүл нь Карибын тэнгисийн Монсерратаас Лондонд, улмаар Германд цагаачилж очсон) юм. Тухайн үед Майзи загвар өмсөгч, "Miss Black Skinned Beauty" нэртэй болсон байжээ. Мөн тус хамтлагт дуучин Шейла Бонник (Sheila Bonnick), Клаудия Бэрри (Claudja Barry), бүжигчин Майк (Mike) нар багтсан аж.

boney m

Ганцхан жилийн дотор тус хамтлагийн “Daddy Cool”, ”Sunny”, “Ma Baker”, “Belfast” зэрэг олон дуу нь Их Британийн хит-парадад багтжээ. 1978 онд “River Of Babylon”, “Brown Girl In The Ring” гэсэн хоёр сингл нь Английн хит-парадыг тэргүүлснээр “Boney M” Английн түүхэн дэх гадаадын хамгийн алдартай гурав дахь хамтлаг болж чадсан байна.

1979 он гэхэд тус хамтлаг зөвхөн Европт өөрийн шилдэг цомгоо 50 сая хувиар борлуулжээ. Энэ амжилтаас хойш тэдний “Hooray, Hooray It’s A Holi-Day”, “Gotta Go Home” сингл мөн “Топ 20”-д багтсан байна. Түүнчлэн 1980 онд гарсан “The Magic Of Boney’M“ гэсэн шилдэг дууны түүвэр хит-парадыг тэргүүлснээр диско квартет нь тарах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

boney m

Гэхдээ 1993 онд “Boney’M” үндсэн бүрэлдэхүүнээрээ Английн бүх хотоор аялан тоглолтоо хийсэн нь шүтэн бишрэгчдэдээ барьсан том сюрприз болсон билээ.

Алдарт “Boney M” хамтлагийн олон олон сэтгэлд хоногшсон хит дуунууд байдаг. Тэдгээрийн нэг нь "Sunny" юм. Африк-Америк хөгжмийн зохиолч Bobby Hebb зохиож энэ дуугаараа дэлхий дахинаа алдаршиж чадсан гайхалтай уран бүтээлч билээ.

Тэртээ 1963 оны арваннэгдүгээр сарын 23-ны орой АНУ-ын ерөнхийлөгч байсан Жон Кеннедийн амийг хөнөөсөн хэрэг гарах тэр мөчид Бобби Хэб-ийн том ах Хэролд Хэб "Nashville" шөнийн клубын гадаа явж байж таараад, энэ аймшигт аллагын золиос болсон байдаг.

boney m

Гэнэтийн золгүй явдлаас болж ахыгаа алдсан Бобби гунигаа даван туулж, орчлон хорвоог гэгээнээр харахыг хүсэн "Sunny" нэртэй гайхалтай дуугаа зохиожээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо дуугаа бичүүлж, продюсерээр нь Жерри Росс ажилласан байна.

Энэ дуу билл боардын R&B дууны жагсаалтад 3-р байранд бичигдсэн бол шилдэг дууны жагсаалтад 2-р байрт жагсчээ. Англи хэлээр яригч орнуудын UK чартад 12 дугаар байранд орж, нийтдээ нэг сая хувь борлогдсон амжилтаараа Америкийн хөгжмийн академиас алтан сертификат хүртжээ.

Хэб 1966 онд домогт “Битлз”-чүүдтэй хамтдаа томоохон хотуудаар аялан тоглолт хийсэн аж. "Sunny" дуу "Дэлхийн хамгийн шилдэг 100 дууны жагсаалт"-д бичигдсээр байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

boney m



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?