2025 он гэхэд агаарын бохирдол 80 хувиар буурах уу?

Сэтгүүлчийн үг

Монголчуудын тал хувь нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хот өвөлдөө утаанбаатар болж та бид гэр бүлээрээ хордож байгаа. Гамшигийн хэмжээнд хүрээд байгаа энэ агаарын бохирдол 2025 онд 80 хувиар буурна гэсэн төлөвлөгөөг эрх баригчид гаргаад байгаа аж.

Тэгвэл агаарын бохирдол өнгөрсөн жилтэй харьцуулахад ямар байна вэ?

2017 оны 11 дүгээр сард агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2016 оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 38 мкг-аар буюу 20%-иар, PM2.5 тоосонцор 26 мкг-аар буюу 17%-иар, хүхэрлэг хийн агууламж 17 мкг-аар буюу 37%-иар тус тус бага, азотын давхар исэл 4 мкг-аар буюу 8%-иар их байсан бол Агаарын чанарын стандартаас хүхэрлэг хий, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 1.1-2.5 дахин их байна.

Эрх баригчдын санаачлсан ажилд хэдийг зарцуулав?

Шөнийн цахилгааны урамшуулалд 114’512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байх юм.

Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17% өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15% нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гараад байна. Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж, 6363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон ажээ.

 “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолоор баталж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 30 төрлийн ууж хэрэглэх эмийг үнэгүй олгохоор болсон. Энэ үргэлжилж байгаа.  Томуугийн эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, эрсдэлт бүлгийн нийт 200 гаруй мянган хүн хамрагдсан бол Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 47’300 хүүхдэд уушгины хатгалгаа өвчний эсрэг вакцин хийгдээд байгаа гэнэ.

Хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1207 автобус ашиглагдаж байгаагийн 52% нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байна. Япон Улсын буцалтгүй тусламжаар нийтийн тээврийн 24 автобусанд дизель хөдөлгүүрийн янданд суурилуулах тоосонцрын шүүлтүүр тавих туршилтын ажлыг явуулж, ирэх 4-р сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц байгуулах, утаа үйлдвэрлэгч яндангийн тоог бууруулах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, хууль, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн, 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам” боловсруулж, Засгийн газрын 2017 оны 290 дугаар тогтоолоор батлаад байна. Уг журмаар эрчим хүч хэмнэж, байгалийн нөөцийг зохистой ашигласан иргэн, аж ахуйн нэгжид “Ногоон гэрчилгээ”, бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгох юм байна.

Тэд юу хийх вэ?

  • Хотын дарга С.Батболд: “Нийслэлийн төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулж 4.7 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Энэхүү мөнгөөр зөвхөн сургууль, цэцэрлэгийн дотоод агаарыг шинэчилнэ. Ер нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад 15 тэрбум ам.доллар хэрэгтэй. Мэдээж 220 мянган өрхийн асуудлыг шийдэх хэрэгтэй.
  • Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотод байгаа 113 сургуулийн 3520 гаруй анги танхимд, 277 цэцэрлэгийн 1860 гаруй бүлэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагын 503 хүүхдийн тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмчилгээний тасаг нийтдээ 5600 гаруй анги танхим, бүлэг, эрүүл мэндийн байгууллагын тасгуудыг агаар шүүгчээр хангах шийдвэр гарч байна. Мөн Засгийн газрын зүгээс ЕБС-д суралцаж буй 18 хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа гадуур явахдаа амны хаалт хэрэглэх асуудалд анхаарч, судалгаа гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ээлжит хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн дулаан алдагдлыг бууруулах чиглэлд иргэдийг хэрхэн яаж дэмжих талаарх асуудлыг судалж дараагийн хуралдаанаар танилцуулах үүрэг өгсөн байна.

Энэ арга хэмжээнүүд үр дүнгээ өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэр болтол нийслэлчүүд та бид амь амиа бодож дор бүрнээ арга хэмжээ авах хэрэгтэй болж байх шиг байна. 2025 он хүртэл даанч хол байна даа...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?