Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан шөнийн гэрэлт гудамжны нээлт болно

Сэтгүүлчийн үг

20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотыг барьж байгуулах их ажил “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй.

    Түүхэнд Эрдэнэт хот нь өөрийгөө санхүүжүүлдэг Монгол улсын анхны аймаг болсон төдийгүй улс эх орны хөгжилд Эрдэнэтчүүдийн оруулсан хувь нэмэр юутай ч зүйрлэшгүй их билээ. Тийм ч учраас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

    Орхон аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 08/07 тоот тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ.

    Энэхүү түүхэн өдрийг анх удаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, өрхийн аж ахуй, жижиг бизнесийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн М.Батцэнгэл, БСУГ-ыг Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаатар нар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.

    Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа 12 дугаар сарын 8-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд загварын шоу үзүүлбэр, үзэсгэлэн худалдаагаар эхлэх юм. Мөн 9-ний өдрөөс эхлэн аймгийн Музей, “Хөх Монгол” цогцолбор, “Сархиа” цанын бааз гэх мэт зарим байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлнэ. 10-11-ний өдрүүдэд Эрдэнэт хотын томоохон худалдааны төвүүд болох “Баян”, “Төгөл”, “Үйлчилгээний төв”, “Зохимж”, “Их танил”, “Номин хоум стайл”-ийн Эрдэнэт салбар, “Эрдэнэт хивс” ХХК-ийн нэрийн барааны дэлгүүр гэх мэт олон худалдааны төвүүд 10-50 хувийн хямдралтай худалдаа зохион байгуулах бол Cолонгос-Монгол хоолны “MEAT HOUSE” зоогийн газар, “Наалдан пад” гутлын салон, 3-17-р байрны “Хүүхдийн амeрик хувцасны дэлгүүр”, 4-25-р байрны "Болор" бичиг хэргийн дэлгүүр, ”Шилмэл буйдан”, “Орших cinema” зэрэг үйлчилгээний газрууд ч мөн 10-50 хувийн хөнгөлөлттэй үйлчилгээнүүдийг үзүүлэх юм.

    Түүнчлэн Эрдэнэт хотын шөнийн анхны гэрэлт гудамжны нээлтийн ажиллагаа болохоос гадна “Амар”-ын талбайд Эрдэнэт хотын гаралтай “Гурван бүдүүн”, “Сүнс” гэх мэт хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөж, карнавал шоу зохион байгуулагдана.

    Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “ББ-Од” ХХК, “Автомастер төв” ХХК, “Тод од транс” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн автобусууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.

    Хямдрал зарлах, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж байгууллагууд Орхон аймгийн ЗДТГ-т мэдэгдлээ ирүүлсээр байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?