Бригадын генерал Т.Дашдэлэг хэний, юуны төлөө хоёр жил шоронд хоригдсон юм бэ?

Сэтгүүлчийн үг

2017 оны арваннэгдүгээр сарын 15. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх асуудлыг хэлэлцэв. Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаа өгөөд хэд хонож байсан юм.

Тэр хурал дээр УИХ-ын гишүүн Лу.Болд, нэр дэвшигч Б.Хурц нарын хооронд товчхон “харилцан яриа” болж өнгөрсөн юм. Лу.Болд “…ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юү. Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлснийг мэдэж байгаа. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан. Тэр нь хэн юм бэ?” гэхэд Б.Хурц “…Лу.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” гэсэн юм. Үүнийг сонссон Лу.Болд гишүүн ихэд сандарч, ээрч байгаад “…Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм гүтгэж, нэр төрд халддаг. Ц.Нямдоржийг бас яг ингэсэн. Надад ийм зүйл байхгүй гэдгийг хууль, шүүхээр тогтоочихсон учраас би энд сууж байна. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй гэдгийг хэлсэн. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэж хэлж байсныг олон нийт телевизээр харсан.

Тэгвэл энэ үйл явдлын дараахан УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж сайд Хойд Солонгосоос Лу.Болдын нэр дээр 300 мянган ам.долларын нэхэмжлэх ирээгүй байна. Хайгаад олсонгүй гэсэн. Харин Б.Хурц хэлснээ батлалгүй орхисон юм. Гэхдээ Б.Хурцын хэлсэн нэг зүйл анхаарал татаж байгаа. Тэр нь Лу.Болдоос болж Батлан хамгааахын генерал ял авсан гэдэг юм. Түүх сөхвөл 2013 онд ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг зэвсгийн наймаа хийсэн хэргээр шүүхээс 3.5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр хоёр жил хоригдоод 2015 онд өршөөлөөр суллагдаж байсан юм. Т.Дашдэлэг генералыг шүүгдэж байх үед буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тутмын нэгэн сонинд “…Харин учир мэдэх хүмүүсийн мэдээлж буйгаар Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “…Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн байдаг гэнэ. Харин түүний өгсөн мэдүүлгийг үндэслэн Лу.Болдыг хуулийнхан шалгасан уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй” гэж бичсэн нь бий. Мөн Б.Хурцын яриад байсан 300 мянган ам.доллартай адил тоотой мөнгөний талаар тэр сонинд бас бичиж байжээ. “…Баттай эх сурвалжийн ярьж буйгаар эрхэм сайдтан энэ хэрэгт нэлээд гүнзгий хамааралтай байх магадлалтай. Учир нь Монгол Улсаас байлдааны онгоцны моторыг худалдаж авах гэсэн солонгосчууд урьдчилгаа хэмээн 300 мянган ам.долларыг манайх руу шилжүүлсэн байдаг байна. Гэтэл 300 мянган ам.долларыг авсан хэрнээ онгоцны моторыг явуулаагүй удсан тул тус улсаас албан тоот ирснээр манай генералуудтай холбоотой хэргүүд сөхөгдөх болсон байна. Харин хэрэг сөхөгдөх болсон энэ үед Лу.Болдын мэдэлд байдаг “Бодь” группээс 300 мянган ам.долларыг Хойд Солонгос руу нууцаар шилжүүлсэн гэж байна” гэсэн байна. Сонины шарласан хуудсанд яг ингээд биччихсэн байж л байна. Гэхдээ энэ талаар Б.Хурцын ярьсныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үгүйсгэж, Лу.Болд өөрөө “…Гүтгэлэг” гэж байна.

Эндээс нэг хачин асуулт гарч байгаа юм. Монгол Улсын агаарын цэргийн командлагч, хар залуу 30 гаруйхан насандаа генерал цол хүртээд мандаж явсан Бригадын генерал Т.Дашдэлэг нэг л өдөр “хар гэр”-ийн босго алхсан. Хэрвээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, бас УИХ-ын гишүүн Лу.Болд хоёрын батлаад байгаагаар бол тэр зэвсгийн наймаа гээч зүйл огт болоогүй юм байна. Тэгэхээр тэр генерал хэний, юуны төлөө хоёр жил шоронд хоригдсон юм бэ. Мэдээж хэрэг, энэ асуултад эрхэм гишүүн Лу.Болд хариулах нь зүйн хэрэг биз ээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?