Хөвсгөлд юу болоод байна вэ

Сэтгүүлчийн үг

-НУТГИЙН ИРГЭД УУЛ УС, ГАЗАР ШОРООГОО УХУУЛАХГҮЙ ХЭМЭЭН ТЭМЦЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Энэ сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан болж, тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 онд хийсэн ажлын тайлан, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн явцын тайлан, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2017 оны биелэлт зэргийг хэлэлцжээ.

Улмаар тус хуралдаанаар 2018 оны үндсэн чиглэл, Хөвсгөл аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсөв батлах тухай, 2018 онд ойгоос хэрэглээний болон түлээний мод бэлтгэх дээд хязгаар батлах тухай асуудлуудыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч баталсан байна.

Төр засгаас Монголын Швейцарь гэгддэг, аялал жуулчлалыг төгс утгаар нь хөгжүүлэх боломжтой, онгон дагшин байдлаа алдаагүй байгаль ээжийн өвөрмөц бүтцийг тэр хэвээр нь хадгалах зорилгоор тус аймгийн нутаг дэвсгэрт хайгуул олборлолтын лиценз олноор олгохоос татгалзсаар ирсэн билээ.

Харамсалтай нь, Хөвсгөл аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаас орон нутагтаа 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь нутаг орны иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Өнөөдрийн байдлаар хөвсгөлчүүд төрөлх нутагтаа алтныхныг дураар нь дургиулж, уул ус газар шороогоо сэндийлүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлэн тэмцэхийг уриалж эхлээд буй юм байна.

Орон нутгийн эх сурвалжийн хэлснээр, одоогоос долоон жилийн тэртээ цаатнаас өөр хүний хөлийн мөр гараагүй байсан Улаан тайгын сав нутгийг алтны нинжа нар сүйдлэснийхээ хариуд амь насаа ч өргөж байсан гашуун түүх бий аж.

Одоогоос арваад жилийн өмнө буюу 2009 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 788 мянган га талбайд 131 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байжээ. Өнгөрсөн 2011 оны байдлаар тус аймгийн газар нутгийн 314 мянган га талбайд 77 тусгай зөвшөөрөл үлдэж, уул уурхайн ямар нэг үйл ажиллагаа явуулж байсан талбай 2.5 дахин хумигдаж байсан аж. Эдүгээ дээрх тоо хэдэн арав дахин өссөн гэж нутгийн иргэд хэлж байна.

Хөвсгөл нь Монголын төдийгүй дэлхийн байгаль экологийн онцгой бүс учраас уул уурхайн хайгуул, олборлолт явуулахыг хөхүүлэн дэмжиж болохгүй байтал нутаг орны удирдлага нь ухаж төнхүүлэх ажлыг баталж суугаад иргэд нь ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм. 

Хамгийн гол нь тус аймгийн удирдлагууд энэ удаа шийдвэр гаргахдаа орон нутгийн иргэдийнхээ саналыг сонсоогүй байна. Уг нь “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг” хэмээн монголчууд ярьдаг билээ. 

Монголчууд Хөвсгөлийг цаатан, далай ээж, хамгийн олон хүн ам, мал аж ахуй гэсэн нүдээр хардаг байсан цаг саяхан. Гэвч сүүлийн жилүүдэд фосфорит, алт л гэж харах болсон талаар нутгийн иргэн хэлж байв.

Тэртээ 2014 оны дөрөвдүгээр сарын байдлаар хүчин төгөлдөр байх хугацааг нь сунгасан тусгай зөвшөөрөл Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг байжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг 1,808.18 га бүхий Овоот талбайд “Овоот коал майнинг” компани XV-017003 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшсээр иржээ. Энэ оны долдугаар сард тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 05  дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2017 оны 10 дугаар сарын мэдээгээр, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Төмөртийн аманд энэ оны эхний сард "Блэкрок" компанид MV-020941 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Нутгийн иргэд мөн л газар шороо, байгаль эх дэлхийгээ гэсэн үүднээс багагүй эсэргүүцсэн ч тусыг эс олсон байна.

-ЮУ ДУТСАН ГЭЖ ХӨВСГӨЛИЙН ХҮНХЭР ТАЙГЫГ УХАХ ШИЙДВЭР ГАРГАНА ВЭ-

Бид Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоос ямар учраас алтны ашиглалтын зөвшөөрөл олгосон талаар тодруулахыг оролдсон ч тэрбээр ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс тус аймгийн Цагааннуур сумын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэнээс тэнд юу болоод байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Ойрын өдрүүдэд тэмцэл зөрчил их байна. Нутгийн иргэд бид уул ус, газар шороогоо гадна, дотны луйварчин, дээрэмчдэд ухуулж сэндийлүүлэхийг хүсэхгүй байгаа учраас аймгийн удирдлагуудад асуудлыг тавиад, эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна.

Сүүлийн 10-аад жил л Хөвсгөлийг дотоодын ч, гадны ч аж ахуйн нэгжүүд болон нинжа нар өрөвдөлтэй болголоо шүү дээ. Нутгийн иргэд бид тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх билээ. Цаашлаад үр хүүхдүүд минь эрүүл орчин, амьсгалах агаар, усаар дутагдах нь. Ёстой хэлэх ч муу үг олдохгүй нь.

Хоёр сар гаруйн өмнө болсон Аймгуудын өрсөлдөх чадварын уулзалтын үеэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь “Аймгийнхаа газар нутагт лиценз өгч ухуулмаар байна. Тэгвэл бид хөгжих гээд байна” гэсэн утгатай зүйл ярьж суугаад шүүмжлүүлсэн. Улсдаа ганцхан онгон дагшин байгальтай хоёрхон аймаг байгаагийн нэг нь Хөвсгөл шүү дээ. Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд төрийн бодлогыг үл тоож, аймгаа ухуулахаар шийдэж байгаад маш их харамсаж байна. Одоо л Хөвсгөлчүүдийн тэмцэх ёстой цаг ирээд байна.

Юу дутсан гэж Хөвсгөлийн хүнхэр тайгыг ухах шийдвэр гаргана вэ гэж аймгийн дарга Л.Ганболдоос асуумаар байна. Лицензтэй компанид газар нутгаа булаалгасан малчид малаа бэлчээх газаргүй болж, дэмий л төрийн өндөрлөгт захидал бичихээс хэтрэхгүй сууж байна.

Дархадын хотгор, Алтрагийн голыг минь сүйдэлж, харахаас нүд халтирам болгосон нь багадаад, Хүнхэр тайгыг цөлмөхөөр уулгалж байгаа энэ байдалтай бид яаж эвлэрэх вэ. Нутгийн зон олон бүгдээрээ тэмцэх цаг болсон” хэмээн ярилаа.

Алт хэзээд хар мөр дагуулдаг гэдэг дээ...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?