АНЖЕЛИНА ЖОЛИ: ГАНЦ БИЕ БАЙХ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Брэд Питтээс салснаас хойш Анжелина Жоли тэдний харилцаа ямар байсан, ер нь хүний харилцаанд хамгийн чухал нь юу болох талаар эргэцүүлэх болсон гэнэ. 12 жил хамт амьдарсан нөхрөөсөө салах шийдвэр гаргахын өмнө тэрбээр хамтдаа “Тэнгисийн эрэгт” /By the Sea/ кинонд тоглосноор сүйрлийн ирмэгт ирсэн харилцаагаа сэргээж чадна гэж найдаж байжээ.

42 настай жүжигчин бүсгүйн дээрх яриаг Hollywood Reporter нийтэлсэн байна.

“Бид ажил хэргийн шугамаар танилцсан. Хамтын ажил маань гайхалтай үр дүнд хүрсэн ... Тиймээс бид дахин кинонд хамтран ажиллах нь бидний харилцаанд нэмэртэй байх гэж бодсон. Энэ л бидний хооронд харилцаа тогтоох зөв арга зам гэж итгэсэн юм. Зарим талаараа тийм байсан, бас нөгөө талаар бид ойлгоогүй, харж чадаагүй зүйлсээ мэдэж авсан” гэж Жоли ярьжээ.

Холливудын хамгийн сайхан хос гэгддэг байсан Жоли, Питт хоёр “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр анх танилцсан юм. 12 жил хамт амьдрахдаа тэд зургаан хүүхдийн аав, ээж болжээ. Нэг л өдөр Холливудын сайхан гэр бүл нуран унаж буй тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарсан юм. Жоли гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан байв.

“Тэнгисийн эрэгт” киног Жоли өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан. Гол дүрд нь өөрөө, нөхрийнхөө хамт тоглосон билээ. Анх учирснаас хойш дахин хамтдаа тоглосон анхны кино нь тэр байв.

2017 оны эхээр Жоли анх удаа салалтынхаа тухай хэвлэлд ярьсан юм. Тэр үед жүжигчин бүсгүй ганц бие амьдралдаа дасахын тулд өөртөө цаг зав гаргаж, өөртэйгээ “ажиллаж” байна гэж байв.

Харин саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр “Ганц бие байх таалагдахгүй байна. Миний хүссэн зүйл энэ биш ээ. Хэцүү мэдрэмж... Одоо би өөрийгөө залуу хатагтай биш гэдгийг ойлгох цаг нь болжээ” хэмээн ярьжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?