Дэлхийн банкны захиралуудын зөвлөл 120 сая ам.долларын санхүүжилтийг батлав

Сэтгүүлчийн үг

Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл 120 сая ам.долларын санхүүжилтийг батлажээ. Уг санхүүжилтийн тайлбартаа “Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэн, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хийж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж буй” гэдгийг тодотгожээ.

Дэлхийн банкны мэдэгдэлд “Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ ханш болон гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, Засгийн газрын төсвийн зарцуулалт нэмэгдсэн нь эдийн засагт томоохон сорилтуудыг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал нэмэгдэж, олон улсаас зээл авсан зэрэг нь Монгол Улсын Засгийн газрын өр дөрөв дахин нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн төсөв мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр 2013 оноос төгрөгийн ханш унаж, гадаад валютын нөөц ихээр буурсан байна. Тиймээс шинээр батлагдсан санхүүжилт нь ашигт малтмалын бус салбарын экспорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад тусална. Хамгийн гол нь Монгол Улс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар урт хугацааны боломжуудыг нээж, түүхий эдийн экспортоос хамааралтай байдлаа бууруулна” гэсэн байна.

Мөн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ “Эдгээр шинэчлэлийн арга хэмжээнүүд нь хөтөлбөрийн хүрээнд олгож буй урт хугацаатай, хямд өртөгтэй санхүүжилтийн хамт Засгийн газрын өрийг тогтворжуулахад түлхэц өгнө” гэв. Нөгөөтэйгүүр 120 сая ам.долларын урсгал нь ам.долларын ханшийн савлагаанд эерэгээр нөлөөлөх дүр зураг бий.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?