Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Монголд гарч байгаагүй хордлогын хам шинж илэрчээ

Сэтгүүлчийн үг

-ТУС ҮЙЛДВЭРТ ГЭНЭТ УГААРЫН ХИЙ ГАРЧ ЭХЭЛСЭН ГЭВ-

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогод орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг.

Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтэс, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцах үеэр мэдээлэл өгсөн юм. Тус үйлдвэрт Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.

Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Харин гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээлсэн.

Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээ авч ажиллаж буй юм байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирусийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгэж буй юм.

НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг “өндөр” эрсдэлийн  зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхижлийн горимд шилжин ажиллаж байгаа аж.

Тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан ажилчид гэнэт их хэмжээний угаарын хий байж болзошгүй утаа гарч эхэлмэгц, цонх хаалгаа онгойлгож, утааг гадагшлуулжээ. Харин хийн утаагаар амьсгалсан ажилчид нэг өдрийн дараагаас гэнэт өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх, амьсгал бачуурах зэрэг хордлогын шинж тэмдгүүд хүчтэй илэрснээр эмнэлэгт хандаж эхэлсэн аж.

Мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг хордлогын голомтод ажилласан дүгнэлтээр урьд өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй химийн хүнд хэлбэрийн металлын хордлогын хам шинж хэмээн оношлоод буй. Энэхүү хавсарсан хүнд хэлбэрийн металлын хордлогын оношийг бүрэн баталгаажуулахаар улсын лабораторид шинжилж байгаа юм.

Бид Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт ээлжинд гарч байсан зөөвөрлөлтийн хэсгийн ажилчинтай утсаар холбогдон тодруулга авсан юм.

-БИДНИЙГ ЭМНЭЛГИЙН ӨРӨӨНӨӨС ГАРГАХГҮЙ, ЯМАР ДҮГНЭЛТ ГАРСАН ТАЛААР Ч ХЭЛЭХГҮЙ БАЙНА-

-Таны биеийн байдал одоо ямар байна. Яг юу болсон талаар ярихгүй юу?

-Би яг үнэндээ мэдээл өгч, ямар нэгэн асуудалд холбогдмооргүй байна. Дараа нь ядаргаа болно. Нэрээ ч хэлмээргүй байна.

-Та ядаж биеийн байдлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор миний бие сайжирч, халуурч гүйлгэхгүй байгаа. Гэхдээ биднийг эмнэлгийн өрөөнөөс гаргахгүй, ямар дүгнэлт гарсан талаар ч хэлэхгүй байна. Бид ямар оноштой байгаагаа ч мэдэхгүй байгаа. Ямар ч байсан би зөөврийн хэсэгт нь ажилладаг хүн. Тухайн халаасан төмрийг зөөх л үүрэгтэй. Би ямар аргаар төмрийг халаадаг талаар ч мэдэхгүй. Гэхдээ бие бол сайжирч байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Мөн бид Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өөр ажилчидтай холбогдон мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй, ямар ч мэдээлэл алга гэсэн хариулт өглөө.

Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С.Юндэн газар дээр нь очиж ажилласан. Ажлын хэсгийн ахлагч түүнээс бид нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-АЖИЛЧИД ХҮНД МЕТАЛЛЫН ХОРДЛОГОТОЙ УЧРААС УДААН ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ-

-Та Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн угаарын хийд хордсон иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаад ирсэн байна. Хордсон иргэдийн биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

-Дархан-Уул аймгийн цутгуурын цех, зуухны цех ган бүлгийн цех гэсэн газруудад 27-ноос 28-нд шилжих шөнө их хэмжээний утаа уур маягийн зүйл ихээр гарсан. Түүний улмаас тухайн үедээ хордлогын шинж тэмдэггүй байж байгаад 28-наас30-ны өдөр ээлжинд гарсан ажилчдаас хордлогын шинж тэмдэг илэрсэн. Тэдгээр ажилчид их хэмжээгээр халуурч, амьсгалын замын цочмог хэлбэрийн гуурсан хоолойн үрэвсэл, мөн тархины хаван, гэдэсний базлалт гүйлгэлт илэрсэн. Ийм хордлогын шинж тэмдэг бүх ажилчнаас илэрсэн. Үүний дагуу ЭМЯ-наас томилогдсон эмчилгээний ажлын хэсэг гарсан. Хордлого болон халдвар судлалын багаас бүрдсэн ажлын хэсэг очиж ажиллаад ирлээ. Бид тэнд очиж ажиллаад, химийн хордлого уу, эсвэл гэдэсний халдвар уу гэдгийг тогтоохын тулд бүх төрлийн шинжилгээ авсан.

-Гэдэсний халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үү?

-Илрээгүй. Харин химийн бодисын хордлого буюу металл хайлуулах цутгуурын цехийн их хэмжээний йонжсон металл агаарт ялгарсны улмаас болон металл хайлуулахад оролцдог зарим нэг бодисын хавсарсан ууршлаас болсон байсан. Ингэснээр цутгуурын халууралт гэх синдром хам шинж үүсдэг. Бид иймэрхүү онош тавиад, эмчилгээ эхлүүлсэн байна. Одоогоор тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 30 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүн дотроос хүндэвтэр гэсэн үнэлгээтэй хоёр хүн байна. Бусад ажилчдын биеийн байдал дунд гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.

-Эмчилгээ хэр удаан үргэлжлэх бол?

-Эмчилгээний асуудлыг Дарханы эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг энэ оношийн дагуу хийж байна. Одоогоор биеийн байдалд сөрөг нөлөө илэрсэн хүн байхгүй байна. Биеийн байдал нь аажмаар засарч байна. Хүнд металлын хордлого учраас удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай. Иймээс яг бүрэн эмчлэгдээд гарсан хүн байхгүй байна. Гэхдээ биеийн байдал нь сайжирч байна. Ялангуяа Дарханы нэгдсэн эмнэлгийн эмч нар их сайн ажилласан байсан. Онош болон эмгэг жамын эмчилгээг их сайн хийсэн учраас олон хүнийг хүндрэлээс урьдчилан сэргийлж чадсан. Цаашид байнга Дарханы эрүүл мэндийн байгууллагатай холбоотой зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Мөн хүнд металлын хордлогыг бүрэн гүйцэд оношлохын тулд ажиллаж байна. Баталгаажсан лабораториудаар шинжилгээ хийх тал дээр ажиллаж байна. Үүндээр ганцхан ЭМЯ биш, мэргэжлийн олон байгууллага хамтран ажиллаж байгаа учраас бүрэн баталгаатай онош тавина.

 

 

У.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: www.medee.mn 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?